Н.Энхбаярын шүүх хурал хойшилж, Ц.Анандбазар баривчлагдан, Орхоны Засаг дарга Улсын дээд шүүхэд хандсан долоо хоног

Энэ долоо хоног дуулиан ихтэй байлаа. Шинэ долоо хоног эхэлмэгц иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц аймшигт хэрэг гарсан байв. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч 15 настай охины хоолойг хэрчин зэрлэгээр хөнөөсөн байжээ. Гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжсаны эцэст түүний хамаатны ах буюу аавынх нь төрсөн дүүг сэжиглэн шалгав. Гэтэл уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зугтаж байхдаа амиа хорлон нас барсан байжээ.
Уг хэргийн дуулиан намжаагүй байтал дахин нэг жигшүүрт хэрэг Казахстанд гарсан байв. Манай улсын 36 настай иргэн тус улсад таван настай охиныг хүчирхийлсэн хэмээн Казахстаны хэвлэлүүдээр цацагдсан байсан юм. Харин энэ талаарх мэдээлэл ГХЯ-нд ирээгүй байлаа.
Гэвч дээрх хэргүүдээс илүү олны анхаарлыг МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын хэргийн шүүх хурал татав. Өнгөрсөн пүрэв гаригийн 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд товлогдоод байсан хуралд хэвлэлийнхэн хамгийн ихээр цугласан байлаа. Бүр BBC, NHK болон Францын хэвлэл мэдээллийн ажилтнууд ирсэн байсан билээ. Харин Н.Энхбаярын биеийн байдлыг харгалзан үзэж, шүүх хурлыг ирэх сарын 4-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Хэдийгээр тэрээр өөрөө шүүх хуралд оролцох хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч биеийн байдал муу хэмээн эмч нар нь шүүх хуралд оролцохыг зөвшөөрөөгүй байна. Түүнтэй хамт шүүгдэх До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хуралд өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн байсан билээ. Харин ирэх сарын 4-нд болох хуралд УИХ-ын гишүүн Х.Наранхүүг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байв. Сонгууль дөхөөд ирэхтэй зэрэг УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид хэрэгт холбогдох нь ихсэв.
Үүний нэг жишээ нь “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар болов. Түүнийг МАН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Бага хурлын дараа АТГ-аас баривчилсан. Учир нь түүнийг “Анод”-ыг дампууруулахад оролцсон гэх хэрэгт холбон АТГ-аас шалгаж байжээ. Дөрөв, таван жилийн турш сунжирч байгаа энэ хэрэгт түүнийг холбон удаан хугацаанд шалгаж байсан ч УИХ-д нэр дэвших нь тодорхой болсон өдөр нь гэнэт  баривчилсан нь олон хүнд “улс төрийн зорилготой байх магадлалтай” гэсэн сэжиг төрүүлээд байгаа билээ. Түүнийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойргоос сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гараад байсан юм.
Харин түүнтэй хамт “Мон-Уран” ХХК-ний захирал Б.Наранхүүг баривчилсан гэх мэдээлэл цацагдсан ч ташаа мэдээлэл байв. Түүнийг өмнө нь мөн л “Анод” банкын хэрэгт холбон шалгаж байсан ч тэрбээр саяхан өр төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн гэдгээ зарлаж байсан. Тиймээс Б.Наранхүүг АТГ-аас баривчлах үндэслэл байхгүй хэмээн эх сурвалж мэдээлсэн билээ.
Энэ мэт өндөр албан тушаалтнууд сонгуулийн өмнө барцадтай мэт АТГ-аас саатуулагдаад байгаа юм. Харин Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буруутгагдан, 2.6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байгаа юм. Тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү дээд шүүхэд хандаад байгаа билээ.
24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих