Улаанбаатарын төлөөх тулаан

Улаан орсууд Монгол Улсын “Нийслэл Хүрээ”-г эзлэн авч коммунист дэглэм тогтоож “Улаанбаатар” нэр өгснөөс хойш эдүгээ хүртэл, нийслэлийн удирдлагад ганцхан МАХН эдүгээгийн МАН дангаараа ноёрхсоор ирэв. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш УИХ бүрдэхдээ ардчиллынханаас ч МАН-ынханаас ч алаг цоогтой бүрдэж байсан. Гэтэл Улаанбаатарт  болхоор үеэс үед ганцхан МАН ноёрхож өдий хүрэв. Үүний цаадах МАН-ын үе дамжсан хорыг хүн бүр мэддэггүй юм. 1990 онд хуулиар төрийн албаны болон үйлдвэр албан газрын дэргэдэх МАХН-ын үүр хороог татан буулгасан байдаг. МАХН-ын үүр хороодын  2000 гаруй дарга нар ажилгүй болно биз дээ. Гэвч тэдгээр  Ху намын бэлтгэгдсэн кадрууд зүсээ биш албан тушаалаа хувилган бүх шатны иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарын суудалд сууж, хороо дүүрэг, нийслэлийн төрийн эрхийг барин өдий хүрэв. МАН бол Ерөнхий сайд яах вэ. Нийслэлийг алдаж болохгүй гэж тооцоолдог. Харин АН бол нийслэлийн сонгууль яах вэ засгийн эрхийг авах нь чухал гэж тооцдог байлаа. Нийслэл бол Засгийн газраас илүү мөнгө хөрөнгө эрх мэдэл гэдгийг АН мэдээгүй өдий хүрсэн. Ганцхан жишээ дурьдахад нийслэл дүүргүүдийн гадаад томилолт зугаалганд зарцуулсан төсвийн хөрөнгө УИХ, Засгийн газрын газрынхаас хоёр дахин илүү гарсан байна. Нийслэлийн “Хангарьд” ордонд Төрийн ордны саарал байшингаас мөн л хоёр дахин олон түшмэдүүд тухладаг. АН-ын Ерөнхий сайдуудын бүх бодлогыг нийслэл жадлан унагаж байсан баримт олон байдаг. УИХ, нийслэлийн сонгуулийг хамт явуулахгүй гэж МАН үхэн хатан зүтгээд байдаг нь ийм учиртай.

Гэвч АН нийслэлд хожуу боловч ач холбогдол өгч УИХ нийслэлийн сонгуулийг хамт явуулна гэж МАН-ыг буулгаж чадав. Одоо УИХ-ын сонгуулиас илүү “Улаанбаатарыг эзлэхийн төлөө” том тулаан болно. АН, Ардчилсан хувьсгалын партизануудын бослогын удирдагч ганц баатраараа “Улаанбаатарын төлөө” тулалдааныг удирдуулахаар боллоо. МАН-ынхан их сандарч байна. МАН-ын хувьд дүүрэг, нийслэлийн Засаг дарга гэдэг албан тушаалыг зүгээр л нэг дэвших даргын буудал болгоод гаршчихсан юм. Дүүрэг, хотоо хогтой байлгана уу, утаатай байлгана уу хамаа байхгүй. Дүүрэг хотын даргаар хэдэн жил тухлана дараа нь УИХ-ын гишүүн болно. Нийслэлийн хурлын дарга Билэгт, Мөнхбаяр нар ч мөн л энэ дамжлагаар явах байсан. Гэтэл гайтай Бат-Үүл АН-аас  “Улаанбаатарын төлөө” шийдвэрлэх тулааныг удирдах боллоо. Хурлын дарга Билэгт нь зугтаагаад алга болсон. Хотын дарга Мөнхбаяр технологийн дагуу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр шагнагдах ёстой байсан юм. МАН сандрахдаа хотын мэрээ нэр дэвшүүлхийг нь болиулж Бат-Үүлийн багийнхантай халз тулалдуулхаар болов. За ингээд “Улаанбаатарын төлөө” том тулаанд МАН-аас Мөнхбаяр жанжин, АН-аас Бат-Үүл жанжин өөрсдийн нийслэлийн хуралд нэр дэвших цэргүүдээ хамаандалж ширүүн тулаан эхлэх нь тэр. Мөнхбаяр жанжны цэргүүд бол хот дүүрэгтээ бололцооны албан тушаал хашиж байгаа сонгогчдодоо  танигдсан, тэд албан тушаал гэдэг амтат бялуугаа алдахгүйн тулд үхэн хатан хамгаалан тулалдана. Бас хязгааргүй мөнгөтэй учраас цөөхөн хоногт ч сурталчилгаагаа амжуулах бололцоогоор тэд илүү. Харин Бат-Үүл жанжны цэргүүд бол хөрөнгө мөнгө муутай, голдуу амиа тэжээж ардчиллын төлөө зүтгэж явсан ч сонгогчдын хувьд танигдаагүй цэргүүд оролцоно. Дээр нь хөрөнгө санхүүгийн хувьд хүзүү дутуу.

Бат-Үүлийн гол уриа бол “хашаандаа тохилог байшин барьж орон сууцныхнаас ч тохилог сайхан амьдрах”. Үүний тулд төрөөс халуун хүйтэн бохир цэвэр ус, эрчим хүчний дэд бүтцийг хариуцаж иргэдийн хашаанд хүргэж өгөхөөр боловсруулагдсан цоо шинэ хөтөлбөр юм. Бат-Үүл баатар АН-ын мөрийн хөтөлбөрт өөрийнхөө санаачилсан гэр хорооллыг зорих  дэд бүтцийн төслийг оруулж чадсан байна. Харин МАН-ынхан бол өөр  хөтөлбөртэй. Хашааны айлуудыг албадаад ч болсон нүүлгэнэ. Тэгээд өндөр өндөр хорооллууд барьж иргэдийг зуу зуун мянгаар нь оруулж хотыг утаанаас салгах юм.  Харин хашааны айлын газрыг хямдхан худалдаж авна. Ингэхээр барилгаас ашиг олдог барилгын компаниуд бол Мөнхбаяр жанжны талд орно. Тэд хожоогоо бодно. Дарга нар нь тендерийн хувиа бодно. МАН-ынхан бид ийм орон сууц зам, гүүр, хөшөө, дурсгал цэцэрлэг ясли барьж  Улаанбаатрыг хөгжүүлж байна. Дахиад ялбал бүүр олон өндөр сүндэр барилга барина гэж сурталдана. Харин Бат-Үүлийнхэн бол өндөр байшинд амьдрах хуарангийн социализмын үе дууссан. Өөрсдийнхөө алгын чинээ газар дээр өөрсдийнхөө гараар \Газраа барьцаанд тавиад\ орон байраа барих хэрэгтэй гэдэг дээр нийслэлийнхэн сонголт хийж энэ хоёр жанжны “ Улаанбаатарын төлөө” тулалдааныг шийдвэрлэнэ дээ.

Бат-Үүл жанжны хувьд газрын төлөө тулалдаан бүүр 2003 оноос “Тракторын жагсаал”-аар эхэлсэн байдаг. Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид трактортайгаа “Улаанбаатарыг дайрч төв талбайд орж ирсэн. Тэдний болзол нь тариалангийн болон хашааны газрыг иргэн бүрт өмчлүүлэх болзол тулгасан. Бат-Үүлийн удирдсан тракторчдын жагсаалын шаардлагатай Улаанбаатарын гэр хорооллынхон нэгдэж хашааны газрыг хувьчил гэсэн хатуу шаардлага тавьсан юм. Тэр үеийн эрх баригчид буулт хийж гэр хорооллынхон хашааны газраа хувьчилж өмчилж авсан түүхтэй. Саяхан “Гэр хорооллынхны улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Тэд хувьчилж авсан газар, хашаагаа өндөр үнэлж дэд бүтцийг нь тавиад өгөөч гэдэг дээр тэмцэл хийхэд бэлэн байна. “Улаанбаатарын төлөө тулаанд” АН, МАН-ын энэ хоёр жанжны хэн нь ялахыг бүү мэд.

Г.ДАШРЭНЦЭН


URL:

Сэтгэгдэл бичих