Б.Амарсанаа: Манай холбооныхон ”социалист” гэдэг тодотголоор сондгойрох гэсэн юм биш

Монгол Ардын намын дэргэдэх Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөн­хийлөгч Б.Амарсанааг “Ярил­цах танхим”-даа урилаа.

- МАСОХ гэдэг товчлол МАХН тойрсон маргаанаас ч дутахгүй анхаарал татаж байна. Танай намынхан ууган нэрээ сэргээж, МАСЗХ-ныхон Нийгмийн ардчилал Монголын залуу­чуудын холбоо гэгдэх бол­лоо. Гэтэл “дүү нар” нь яагаад “Социалист” хэмээх тодотголоос татгалзахгүй байна вэ?
- Тийм ээ, энэ тухай зарим хүн асуудаг. Манай хол­бооныхонд намын XXVI их хурлын өмнө, аль эсвэл дараа нь чуулганаа хуралдуулах боломж байсан.  Гэхдээ энэхүү арга хэмжээнд нэлээд сайтар бэлтгэж, нухацтай зохион байгуулах шаардлага байсан учраас өдийг хүрлээ. Түүнээс биш “Социалист” хэмээх тодотголтойгоор торж үлдэн бусдаас сондгойрох гэсэнгүй. Монгол Ардын намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн холбоод “Нийгмийн ардчилал” гэсэн тодотголтой болоод багагүй хугацаа өнгөрлөө. Социал демократ гэдэг үгийг монголчилбол нийгмийн ардчилал гэдэг утгатай. Тэгэхээр социалист гэдэг үгийг энэ ойлголтод хамааруулж болохоор байгаа биз.

- “Холбооныхоо нэрийг шинэч­лэхэд хойрго хандлаа” гэж намын удирдлагууддаа зэмлүүлсэн юм биш биз?
- Тийм зүйл байхгүй. Холбооны маань ээлжит чуулган өнгөрсөн оны тавдугаар сард болсон. Ийм атал нэг жилийн дотор ойр, ойрхон чуулах нь хэр зохистой билээ. Тэгээд ч бид ирэх бямба гарагт хуралдах чуулганы үйл ажиллагааг холбооныхоо нэрийг өөрчлөх төдийхнөөр хязгаарлахгүй. Бүтэн жилийнхээ үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, “Оюутан хөгжил” гэдэг хөтөлбөр батална. Энэхүү хөтөлбөр зөвхөн манай холбоонд хэрэгжих хөтөлбөр биш, Монгол даяар хэрэгжүүлэх оюутны хөгжлийн концепци байх юм. Үүнийгээ төр, засгийн удирдлагуудад гардуулна.

- Таны хувьд, МАСОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаад хэдэн жил болсон билээ?
- Нэг жил болох гэж байна.

- Ингэхэд МАСОХ хэчнээн гишүүнтэй вэ?
- Манай холбоо гишүүнчлэлгүй. Дэмжигчид гэж явдаг. Өнөөдрийн байдлаар бид 30-аад мянган дэмжигчтэй. Монголд 160 мянган оюутан бий. Тэднийг “Манай намын үзэл баримтлалыг дэмжигч. Өөр намынхыг дэмжигч” гэж хуваамааргүй байна. Товчхондоо, бид оюутнуудыг талцуулж хуваахын эсрэг байдаг. Харин улс төрийн талаарх үзэл бодлоо төлөвшүүлэхэд нь тэдэнд туслах ёстой.

- Хуучнаар МАСЗХ-ны зарим гишүүн элдэв дуулиант хэрэгт холбогддог байсан. Харин МАСОХ-ны гишүүн ингэлээ, тэглээ гэсэн хэл ам гардаггүй. Энэ нь танай холбооны үе, үеийн удирдлагуудын тогтоосон диктатуртай холбоотой юу?
- (Инээв). Энэ асуултын хариуд танаас “Оюутнууд гэдэг хэн билээ. Оюутан нас гэдэг ямар үе вэ” гэж асуумаар санагдчихлаа. Хүний амьдралын хамгийн гэгээн үе бол оюутан ахуй цаг. Тэднээс өө хайвал “Чи онц сурсангүй”, аль эсвэл “Хичээл тасаллаа” гэдэг асуудал л гарах байх. “МАСЗХ-ны зарим гишүүн…” гэж та хэллээ. “Уулын мод урттай, богинотой” гэдэгчлэн аль ч байгууллагад янз бүрийн л зан араншинтай хүмүүс байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад алдсан, оносон нь ч байгаа байх. Санаатай, санамсаргүйгээр элдэв асуудалд орооцолдсон нь ч байсан биз. Гэхдээ тэр бол хувь хүмүүсийн явдал шүү дээ.

- Тэгвэл та бүхэн Ардын намын залгамж халааг хэрхэн хүмүүжүүлж байна даа?
- Монгол Ардын намын дэргэд төрийн бус дөрвөн байгууллага дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрээс хамгийн өргөн хүрээг хамардаг, хамгийн идэвхтэй хэсэг нь МАСОХ-ныхон гэж бид боддог. Бямбын Ринчин гуай ингэж хэлсэн байдаг шүү дээ. “Оюутан гэдэг бол оюунтан гэсэн үг” гэж. Оюун ухаанаараа бусдаас ялгарах учиртай хүмүүс бол оюутнууд гэдэг санааг билгүүн номч маань ийн айлджээ. Оюутнууд өнөөдөр ном үзэж, зарим нь багш болон аав, ээждээ загнуулаад гүйж яваа. Харин тэд ирээдүйн улс орны хувь заяаг гартаа атгах хүмүүс. Тиймээс тэднийг хэрхэн зохион байгуулж, аливаа зүйлийн талаарх зөв ойлголтыг яаж төлөвшүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой. Миний хувьд, зөвхөн нийгмийн ардчилсан үзэл санаагаар бүхнийг хязгаарламааргүй байна. Оюутан, залууст бүхий л үзэл санааг таниулж, тэдгээрээс социал демократ буюу нийгмийн ардчилсан үзэл юугаараа давуу талтай вэ гэдгийг ялгаж салгаж ойлгуулах нь чухал. Тэгээд ч тэд бол Монгол Улсын гэгээлэг ирээдүй. Танд нэгэн мэдээ дуулгахад, бид их, дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудтай хамтарч “2030 он бидний төсөөллөөр” сэдэвт чуулга уулзалтыг Ерөнхий сайдын ивээл дор тун удахгүй зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиа төгсч буй залуус тэр үед 40 орчим настай байна. Дөчин нас гэдэг бол хүний амьдралын оргил үе. Тийм учраас оюутнууд маань Монгол Улс 2030 онд хөгжлийн ямар түвшинд очсон байх ёстой вэ гэдгийг хэлэлцэх юм. Товчхондоо, эх орны маань эдийн засаг, улс төр, нийгмийн салбаруудын хөгжил гэх мэт өргөн хүрээг хамруулан төсөөлнө гэсэн үг.

- Бас орд газрууд байна?
- Үнэхээр тийм. Нүүрс, аль эсвэл зэсийн үнэ ханшийн талаар ярьсан хэвээр суух уу. Өндөр технологийн талаар хэлэлцдэг ирээдүй байх уу гэдгийг бодолцох л хэрэгтэй. Боловсролын салбарын тухайд ярих зүйл их бий. Монгол залуусыг гадаадын их, дээд сургуульд хэдэн зуугаар нь суралцуулсаар байх уу, гадаадаас Монголд суралцахаар ирэгсдийн тоог олон болгох уу гэдгийг ч хэлэлцэнэ. Ийм нэгэн үг байдаг шүү дээ. “Өсвөр үеийнхэн хүсэл мөрөөдлөө ярьдаг. Идэр насныхан хийж бүтээдэг. Ахмадууд хуримтлуулсан туршлагаараа зааж зөвлөдөг” гэж.

- 2030 он. Тэр үед олигархийн засаглал бүр бэхжиж, авлига, хээл хахууль улам цэцэглэн албан тушаалын наймаа улам гаарчихсан байвал яах вэ. Танд иймэрхүү бодол төрдөг үү?
- Ардчилсан нийгэм давуу тал олонтой. Гэвч ардчилсан сонгууль, ардчилсан үзэл, эрх чөлөөт байдал гэдэг нэрийн дор элдэв завхрал, гуйвуулга, башир арга дэлгэрдэг юм байна гэдгийг Арабын ертөнцөд болж буй үйл явдлууд харуулж байна. Бүгд л ардчилсан сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгч болсон, эрх мэдэлд хүрсэн, бүгдээрээ чөлөөт ертөнцийн мэт хүмүүс байгаад байдаг. Гэтэл “Цаг хугацаа бүгдийг харуулна” гэдэгчлэн ужгирсан үзэгдлүүд хүмүүсийг залхаадаг юм байна. Ер нь хүмүүс ирж чаддаг, бүтээхийн төлөө тэмцдэг, шударга, тунгалаг засаглалыг бүрдүүлэхийн төлөө зүтгэдэг тэмцэгч чанартай байх хэрэгтэй. Харин тэрхүү тунгалаг зүйлийг булингартуулж, басхүү өөрийнх нь хувьд шударга санагдсан явдал олонхид шударга бус үзэгдэл болсон тэр үед зөн мэдрэмжээрээ явж чаддаг байх улс төрийн соёлд л суралцмаар санагддаг.

- Таны үг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай асуухад хүргэлээ. МАСОХ-ныхон бол 1980-1990-ээд оныхон. Тэд Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашсан тэр хүний талаар ямар сэтгэгдэлтэй явдаг бол. Ер нь Н.Энхбаяр гэж ямар хүн болохыг мэдэх үү?
- “Хувьсгалаар төрөгсөд” гэдэгчлэн тэднийг “Ардчиллаар төрөгсөд” хэмээн нэрлэж болно. Тиймээс тэд өмнөх нийгмийн сайн, мууг туулаагүй учир мэдэхгүй. Харин энэ цаг үеийн бүтээгдэхүүнүүд учраас болох, болохгүйг нь ялгаж салгаж харж байна л даа. Зарим хүн түүнийг нь гуйвуулж “Диктатур тогтоох ёстой. Залуус замбараагүй байна” гэдэг. Тэр ч атугай “Нэг хүний ноёрхол тогтоож, хаант засаглалтай болцгооё” гэж яриад байгаа биз дээ. Энэ бол цаг үеэ дагасан төөрөгдөл байх. Манай холбооныхон энэ талаар зөв ойлголт өгөхийн төлөө ажиллах ёстой.

- Экс Ерөнхийлөгчийн талаарх асуултад та тодорхой хариулсангүй. Таны хэлсэнчлэн тэр ирж чадсан ч явж чадсангүй. МАХН-ын Онц их хурал хуралдаж, тэрбээр тус намын дарга болохоос өмнөхөн НАМЗХ-ныхон, бас оюутнууд жагссан. Та тэр үед үг хэлж байсан шүү дээ?
- Тэрхүү жагсаалыг өргөн утгаар нь авч үзвэл бид нийгэмд, тодорхой агуулгаар нь авч үзвэл өөрийн намын удирдлагад хандаж зохион байгуулсан юм. Намын удирдлагуудад “Намыг дотор нь хагалан бутаргах гэж байгаа хүмүүсийг намаас гарсанд тооцооч” гэж хандсан. “Хоол хийж идсэн тогоо руугаа нулимах” гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүс иймэрхүү байдлаар хоолоо болгож идсэн тулга руугаа өшиглөж байна. Тулган дотор гал бий. Тэр гал руу өшиглөж, орон гэр түймэрдээд орох орон, оочих аягагүй болгох сонирхолтой хүн мэр сэр байна. Залуус үүнээс сэргийлэх ёстой юм байгаа биз дээ. Энэ бол бидний үүрэг. Экс Ерөнхийлөгч өөр “зүг” рүү явсан. Гэхдээ манай намыг нэгэн цагт удирдаж явсан хүнийх нь хувьд залуус түүний хийж, хүсч буй үйлдлийг ойлгохгүй байна. Ойлгож байгаа бол танд тодорхой дүгнэлт хэлчихмээр байх юм. Яг үнэндээ ерөөсөө ойлгохгүй байна.

- Танай намынхан “Бид бол гурван үеийн нэгдэл” гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэхдээ 1940-1950-аад оныхон, бас 1960-1970-аад оныхон, 1980-1990-ээд оныхны дунд үзэл бодлын зөрчилдөөн хэр их гардаг вэ?
- Манай нам ахмад, идэр, залуу үеийн алтан хэлхээн дээр оршдог 90 жилийн түүхт улс төрийн хүчин. Миний хувьд тус намын Бага хурлын гишүүн. Намынхаа дотоод цөмд орж ажиллахад гурван үеийн төлөөллүүд маань бие биенээ дэмжиж ажилладаг нь надад илүү мэдрэгдсэн. Ахмадууд нь тусалж, зөвлөдөг, залуус нь хийж бүтээдэг, оюутнууд нь дэмжиж тусалдаг, эмэгтэйчүүд оролцоогоороо хангаж байдаг нь хамгийн эрүүл, зөв уур амьсгал болов уу гэж боддог. Би намынхаа гишүүдийг Тумбааштай зүйрлэх дуртай. Анар хэмээх тэрхүү сайхан жимстэй мод бол манай нам. Тагтаа бол хамгийн ахмад настан нь. Үрийг нь суулгаж, мод тарьсан эрхэм нь. Анхилуун үнэрт тэр модны сүүдэрт залуус, дунд үеийнхэн, эмэгтэйчүүд, ахмад үеийнхэн бид бүгд үр жимсээр нь хооллож, мөчир юугаар нь дамжин тоглож наадан сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөн, амьдралаа өрнүүлдэг. Үүний хамгийн том суурь нь залуус юм.

- Гэвч лидерүүд хаачив. Тэдний эрин үе хаана хүрээд эцэс болчихов оо. Хүндэлдэг, суралцдаг тийм лидерүүд залуусын “луужин” байх ёстой биз дээ?
- Түүхэн үйл хэрэгт хувь хүний гүйцэтгэсэн үүрэг мэдээж бий. Харамсалтай нь лидерийг хүсэмжлэх, хэн нэгэн хүний үгээр явахыг бодож эхэлнэ гэдэг бол аймшиг. Хувь хүнийхээ үүднээс би ингэж л боддог. Хэн нэгэн “Тэг” гэвэл тэгдэг тогтолцоонд шилжвэл буруу тийшээ л явж байна гэсэн үг. Египет орныг нэг хүн бүхэл бүтэн 30 жил захирлаа. Гэтэл зарим хүн 60 жил суух хаан ширээний төлөө тэмцээд байгаа мэт харагддаг шүү.

- Та “Залуус социализмын үеийн түүхийг сайн мэдэхгүй” гэлээ. Энэ онд Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой тохионо. Ардын намын 90 жилийн ой хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Танай холбооны залуус намынхаа түүхийг хэр сайн мэдэх вэ?
- Зөвхөн манай холбооны залуус гэлтгүй монголчууд маань эх түүхээ сайн судлах ёстой. Зарим телевизээр танин мэдэхүйн асуулт, хариултын нэвтрүүлэг гардаг шүү дээ. Тэрхүү нэвтрүүлгийн үеэр “Түвдэнгийн Бор гэж хэн бэ” гэсэн асуултад “Хурдан морь” гэж хариулсан тохиолдол бий. Ер нь Монгол Улс ямар үнэ цэнээр тусгаар тогтносон юм бэ. Эрх чөлөөг хэрхэн олж авсан юм бэ. Язгуур угсаа маань хэдий үеэс үүсэлтэй вэ. Хүн төрөлхтний түүхэнд монголчууд ямар гавьяа байгуулж, ямар үйл хэрэг бүтээж байсан бэ гэдгийг мэддэг байх ёстой. Ядаж монголчуудынхаа түүхийг шүү дээ. Тийм учраас Ардын намын 90 жилийн ойг угтаж, залуучуудад зориулсан маш олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ зөвхөн баярын үеэр иймэрхүү ажил явуулах биш, ер нь л Монголын түүхийг маш сайн судлуулах ёстой юм байна. Онцлог нь зохиомол бус бодит түүхийг бид мэддэг байх учиртай. Ерэн жилийн ойн үеэр намын шинэ байр ашиглалтад орно. Тусгаар тогтнолын энэхүү ордон маань номын сантай байна. Тиймээс манай холбооноос улс даяар “Номтой Монгол” гэдэг аян өрнүүлж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнд Тусгаар тогтнолын ордон маань олон мянган номтой болно. Бид хамгийн том номын сантай болох юмсан гэж хүсч байна. Ном бүтээдэг хүмүүс, уншигчдын харилцааг ойртуулах талаар ч анхаармаар санагддаг. Сар шинийн үеэр манайхан “Ном бэлэглэе” гэж уриалсан. Удахгүй Эх орончдын өдөр, эмэгтэйчүүдийн баяр тохионо. Тэр үеэр эхчүүдийн тухай, эх орны тухай ном нэг нэгэндээ бэлэглэе. Цэргийн баярын өдрөөр хилчид, тусгаар тогтнолын тухай түүхийн ном, дөрөвдүгээр сарын 1-нд шог зохиолын ном бие биедээ бэлэглэе гэдэг аяныг шат дараатайгаар явуулна. Бид эхний ээлжинд 90 хоногийн аян зарласан. Гэхдээ ийм хугацаагаар хязгаарлахгүй гэж бодож байгаа. Ер нь номтой, мэдлэгтэй байж улс орон хөгжинө.

- Улс төр дэх өв залгамжлалын үйл явц танай намд эрчимтэй өрнөж байна. Үүнийг танай намынхны олонхи нь “Энэ бол амьдралын замнал” гэж хүлээн авч байх шиг байна. Харин та?
- Монголын нийгэм, эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч яваа хүмүүсийн хүүхдүүд содон харагддаг байж болно л доо. Бид хот, хөдөөгүүр олонтаа явж, иргэдтэй уулздаг. Тэр үеэр жирийн иргэний хүүхэд аавыгаа дагаад “Би энэ намын гишүүн” гээд явж л байдаг шүү дээ. Залуус манай намд олон мянгаараа элсч байгаа. Ардын намын бат илэрхийлэх шинэчлэх аяны үеэр 20-оод мянган залуус шинээр элслээ. Тийм учраас би энэхүү асуултын наад агуулгыг нь сайн ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, манай намд хүссэн хүн нь элсч болдоггүй, нийгмийг тодорхойлж байсан үеийнхний үр удам, аль эсвэл аав, ээжийнхээ намд орж болохгүй гэдэг цензур тавих гээд байгаа мэт этгээд бодол надад төрдөг. Магадгүй, иймэрхүү хандлага гаргадаг нь “Энэ нам мөнгөн дээр тогтсон улс төрийн хүчин болох гээд байгаа юм биш үү”, “Олигархиудын нам болчих юм биш үү” гэсэн болгоомжлол байх. Миний хувьд, “Үгүй” гэж бодож байна. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэгчлэн гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн, бизнес эрхэлж, олон хүний амьдралыг авч яваа хүмүүс төрийн үйл хэргийн төлөө санаа зовдог байх. Ийм хүмүүсийг бүр олон болоосой гэж бодож байна. Учир нь нийгэмд болж, бүтэхгүй байгаа зүйлсийг бизнесмэнүүд тун гярхай олж хардаг. Ийм хүмүүс төрд зүтгэж, дуу хоолойгоо өргөвөл улс оронд л хэрэгтэй.

- Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрт танай намын залуус нөлөөлж чаддаг уу. Аль эсвэл дарга нар нь бүхнийг тохиролцоод гишүүд нь гар өргөн дэмждэг үзэгдэл улиг домог болсон хэвээр байна уу?
- Намын XXVI их хурлын үеэр би эерэг дүр зургийг олж харсан. Тэр юу вэ гэвэл, залуусын төлөөллийг намын Удирдах зөвлөл, Бага хуралд олноор орууллаа. Монголын нийт сонгогчдын 70 хувийг 40 хүртэлх насны залуус эзэлдэг. Шийдвэр гэхээр л хэдэн хүн урьд шөнө нь утсаар ярилцаж, өглөө нь хүмүүсээр гар өргүүлчихдэг гэх гээд байна л даа, та. Тийм зүйл байхгүй гэдгийг намын их хурлын үеэр харсан биз дээ. Их хурлыг телевизээр шууд дамжуулсан. Гурван үеийн төлөөллүүд, ажил, үүргийн хамааралгүйгээр л гишүүд тэр үеэр үг хэлсэн.

- Ингэхэд Б.Амарсанаа хувь хүний хувьд ямар үзэлтэй вэ?
- Мэдээж, нийгмийн ардчилсан үзэлтэй. Прагматик талдаа байж магадгүй. Барилгын инженер мэргэжилтэй учраас бодит зүйлд илүү ач холбогдол өгдөг байх.

- Сүүлчийн асуултыг танд үлдээе?
- Тун удахгүй Монгол Ардын намын 90 жилийн түүхт ойн баяр болно. Монгол Ардын нам бол Монгол Улсын түүхэн чухал, эгзэгтэй үеүдэд онцгой гавьяа байгуулсан улс төрийн ууган хүчин. Тиймээс энэ өдөр монголчууд бидний баярын өдөр юм. Элэн өнгөрсөн цаг хугацаанд хамт байсан шигээ ирэх хөгжлийн ирээдүйд цугтаа байж эх орноо хөгжүүлье гэж ард түмэндээ хэлье. Монголынхоо хөгжлийн төлөө зүтгэх гол хүч нь оюутан залуус бид юм. Эрдэм мэдлэг, эв нэгдэл, хичээл зүтгэлээрээ бид манлайлах ёстой учраас хамтдаа зүтгэе хэмээн уриалж байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих