“Дөчин мянгат”-ынхан халхын шоронд үнэхээр босоо байх юм аа
“Дөчин мянгат” гэдэг хорооллыг, дөчин мянгатын атамануудыг жар, дал, наяад оны оюутнууд, хөдөөнөөс хотод орж ирсэн залуус, ер нь тэр үеийнхэн андахгүй мэднэ. Дөчин мянгат гэж Их дэлгүүр тойрсон ижил загварын дөч орчим байшинг хэлдэг юм. Тэр байшингуудад аж төрдөг нөхдийн дийлэнх нь гайгүй сэхээтнүүд, төрийн дунд тушаалын албан хаагчид голлон амьдардаг байв. Ер нь бол нүүдэлчин монголчуудын анхны орон сууцны хороолол юм. Энэ бүхнээс хамгийн сонирхолтой нь “Дөчин мянгат” хэмээх энэ газар цууд гарсан хулигаануудтай байсан явдал юм. Тэр үед халаасны мөнгө дээрэмдэхээ тэд “баримтална” гэж ярьдаг, оюутнуудын стипенд буусан өдөр 40 мянгатын овгорууд оюутны байр хавиар шавчихсан стипендийнх нь хэдэн төгрөгийг оюутнуудаас дээрэмдээд зогсож байдагсан. Дөчин мянгатын энэ олон атаманы дарамтаас болж мөн ч олон оюутан залуус сургууль соёлоо орхиж, дайжин зугтаж, хөдөө гэртээ буцаж, зарим нь атамануудын гар хөл болон замаа алдсан даа. Тэр үеийн хөдөөний залуус эдгээр овгор атамануудаас айх гэж жигтэйхэн. Мөн тэдэнтэй зодоон нүдээн хийвэл хөдөөнийхөн л буруудан аавынд залардаг нь бараг бичигдээгүй хууль шахуу байв. Дээр хэлсэндээ голдуу сэхээтнүүд амьдардаг энэ хавийнхан аргалж байгаад л хүүхдээ аваад үлдчих нүх сүвийг мэдэж л таарна шүү дээ.
Дөчин мянгатын атаманууд үе үеэрээ байдаг. Тэдний гаднах төрх гэвэл тэр үедээ үсээ урт ургуулж, өргөн өмд өөрсдөө оёж өмссөнөөр эхэлнэ. Сээгий малгай, драпан пальтогоор ялгарна. Дипломатуудын хүүхдүүд их болохоор баруунд хүчээ авч буй хамтлаг дуучдын пянзыг гар дамжуулан сонсоно. Ном маш ихээр уншицгаана. 40 мянгатаас “Соёл-Эрдэнэ”, “Мөнгөн хүрхрээ”, “Өргөө”, “Айзам” хамтлагууд төрсөн. Тэдний тоглолтыг үзэхээр ирсэн залуусыг нохойтой цагдаа, гал командынхан ирж ус шүршиж тараана. Төрсөн газар, сурч боловсорсон сургууль, найз нөхдийн хүрээлэл, эрхэмлэдэг үнэт зүйлс… ийм л орчинд тэдний төлөвших үйл явц явагдсан. Энэ бүгдийн дотроос атаман нэртэй залуус нь бүр ч гоё, нэр хүндтэй танган цэмцгэр амьтад байлаа. 40 мянгатын атамануудаас хамгийн томууд нь “ногоон” Чойлон, дараа нь “шөвгөр” Энхтайван, “гялгар” Алтаа, “Мангар”-ын Ариунболд, , “үүдэн” Хүрлээ, “бацаан” Зоригоо, за тэгээд Дашийн Мундаагаар залгамжлаад явчих аж. Энэхүү залгамж чанараа илтгэх сонин зүйлийг тэр үеийнхэн ярьцгаах. “Бацаан” Зоригоо бол Бат-Үүлийн цэрэг, харин Бат-Үүл бол “ногоон” Чойлонгийн цэрэг… гээд л. Бат-Үүл гэдэг нь өнөөдрийн Үүл баатрыг хэлж байгаа хэрэг шүү дээ. “Үүдэн” Хүрлээ бол Улсын Их хурлын гишүүн Сайхансамбуугийн эхнэрийн төрсөн ах нь. Сайхансамбуу 40 мянгатад өссөн ч атаманы тоонд орохгүй гэхчлэн ярьцгаана. Санжийн Баяр ч ялгаагүй Бат-Үүл шиг атамануудын хоолыг эхэлж зөөдөг нэгэн байсан. Мань эр газар авч буруу замаар орж атаман болох шахсан ч бусдыгаа бодвол сийрэг ухаантай байсан тулдаа өөрийгөө татаад авчихсэн гэж тухайн үеийн 40 мянгатын атаман нарын нэг Ш.Жаргалсайхан ярьсан байх жишээтэй. “Буян”-гийн Жагаа, BSB-ийн захирал Сүхдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, хөгжмийн зохиолч Д.Галсанбат, Б.Долгион, З.Зундарь, Сансар телевизийн захирал Энхбат, Цагдаагийн дарга асан Д.Мөрөн, дуучин Х.Төмөр… олоон олон. Бүгдээрээ Дөчин мянгатынхан. Эдний дийлэнх нь Төв шууданд сонин ачигчаар ажилладаг байсан байгаа юм. Уг нь дандаа дарга нарын хүүхдүүд, багаасаа мөнгөнд л дуртай байсан байхгүй юу. Тэр үеийн цуутай атамануудын нэг Рехард Зорге буюу Зоригоо гэж байлаа. Өнөөдөр тэгтэл энэ цуутай атаман Чингэлтэй дүүргийн прокурорт нэртэй прокурор, нэр хүндтэй хуульч болчихсон тууж явах жишээтэй. Мөн аяглаж байгаа юм шүү. “Мангар” Чука гэж дээл өмсчихсөн бүдүүн бор залуу хөдөөнөөс ирж Дөчин мянгатын атамануудтай зодолдож дийлснээр үнэнхүү тодорсон байдаг. Түүний гэр байх 23 дугаар байрыг тэр үеийнхэн “Мангарын байр” хэмээн нэрийдэж, айдастай харцаар холуур тойрч гардаг байсан ойрхны түүх байна. Тойрч явсан хүмүүс өнөөдөр 50 орчим настай байж л байна. “Бацаан” Зоригоо гэдэг цуутай атаман ч бантан ихтэй эр. Ерөнхий сайд асан С.Баяр есдүгээр ангийн бацаан байхдаа дошныхоо цуутай энэ эрийг хутгалж орхиод өсөх ирээдүйтэй овгор болох нэгэн хэмээн алдаршиж байсан юм. Дөчин мянгатынхан нэгнийгээ анддаггүй. Алдар цуутай улстөрчид, бизнесменүүд, урлаг соёлын одод болсон нь цөөнгүй байхад, нийгмийн ёроолд очсонуудынх нь тоо тэднээс дутахгүй. Дөчин мянгатын овгор “Ака” Төмөрбаатарыг 27 жил шоронгоор яваад гарч ирэхэд нь Э.Бат-Үүл “За, Ака минь одоо болоо юм биш үү. Цөөхөн үлдсэн насандаа хүн шиг амьдарч үз” гэж хэлээд мөнгө өгч байхыг нь харсан хүн байдаг. Цагдаагийн дарга асан Д.Мөрөн бага залуу үеийнх нь бас нэг атаманыг ‘Та үймээн самуун дэгдээчихэлгүй явж байгаарай” гээд хэдэн төгрөг өгч байхыг нь ч мэдэх хүн байдаг. Хожим Н.Энхбаяр улсын Ерөнхийлөгч болчихсон, 40 мянгатын хүүхэд О.Чулуунбат Монголбанкны ерөнхийлөгч болчихсон байх үедээ дошны овгор асан “Шөвгөр” Өлзийг чамлахааргүй өөд нь татсан байдаг. Иймэрхүү л этгээдүүд. Энд нэр дурдагдсан болон дурдагдаагүй үлдсэн Дөчин мянгатын бүх атаманууд халхын шоронд босоо, цуутай явж иржээ. Монголын шорон гянданд Дөчин мянгатынхан босоо гэж ярьдаг нь үнэн юм. Дээр нь тэдний ар гэрийнхэн, аав ээжүүд нь тэр үеийн төрийн албаны томчууд байсан болохоор зоргоороо явж ирцгээжээ.
Гэхдээ 40 мянгатын энэхүү цуутай атамануудын аль нь ч 40 мянгатын шинэ атаман Н.Энхбаярын хаана нь ч хүрэхгүй юм. Тэдний хэн нь ч Н.Энхбаяр шиг “Ганц худаг”-ийн даргаар машиныг нь бариулж, сайд нарын эмнэлэгт хүргүүлж байсангүй. Атамануудын хэн нь ч Н.Энхбаяр шиг хянагч, байцаагч нарын өөдөөс салаавч гаргаж, чацга баасаар нь дуудаж, ална тална гэж дайрч чадаагүй юм. Энэ бол 40 мянгатынхны хувьд, 40 мянгатын атамануудын дунд бас нэгэн шинэ, амьд домог бий болж байгаа нь энэ. Хэн нь ч, бүүр “мангар” нь ч “ногоон Чойлон” ч ингэж зүрхлээгүй. Тэд юун “ганцын” даргаар хүргүүлэх, юун “сайд нарын хоёрт” хэвтэх. Юуны чинь цагдаагийн даргад “салаавч” тавих. Их сайндаа нэг муу хуягийг найрч шил архи оруулж байсан бол дээдэх нь юм. Тэгэхлээр үнэхээр Дөчин мянгатын домогт атаман төрж байгаа нь худлаа юу. Дөчин мянгатынхан ч шоронд үнэхээр босоо байх юмаа. Үүний өмнө “Дөчин мянгат”-ын атамануудын нэг болох Э.Бат-Үүл шоронгоос захидал бичдэг мода гаргаж ирсэн. Дөчин мянгатын атаман “Буян”-гийн Жаргалсайхан шоронд өлсгөлөн зарлаж байгаад суллагдаж байлаа. Энэ бүх атаман овгорууцыг, 40 мянгатынхныг яагаад бичих болов гэж гайхах хүн гарч магадгүй. Учир байна. “Дөчин мянгатын атаманууд” гэсэн ном хэвлэгдэж, тэр номынх нь өмнөтгөлийг Ерөнхий сайд асан С.Баяр бичиж, редакторлосон юм. Тэгэхээр атаман гэж дуудуулах нь, атаман байх нь “Дөчин мянгатынхан”-ы хувьд гайхуулан бас нандигнаж явдаг имиж юм шиг байна. Дөчин мянгатын гэх энэхүү хэсэг хүмүүс шорон оронд явж атаман, дээрэмчин явснаараа бахархдаг. Тийм учраас миний бие зөвхөн Монголд байж болох энэхүү хачин жигтэй аархлыг харан атаман талаас нь бичиж байна. Ер нь тэгээд аль ч цаг үеийн цуутай атаманууд 40 мянгатын шинэ атаман Н.Энхбаярынхаа хаана нь ч хүрэхгүй юм байна шүү гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Харин хуулийнхны ойрын үед телевизээр үзүүлээд байгаа Н.Энхбаярын бичлэгийн тухайд муусайн хуулийнхан шордож байгаад хүнийг тийм байдалд хүргэдэг л байхгүй юу гэхээс өөр юм бодогдохгүй байна. Тэгээд ч өлсөж давчидсан хүнийг жоохон “шордоход” юу л бол юу хэлнэ гэдгийг тэд нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хуулийнхан хоёр биш бүүр гурван нүүр гаргаж ажиллаж байсан бололтой харагдаж байсан. Н.Энхбаярт нэг нүүр, АТГ-т нэг нүүр, бас МАН-д нэг нүүр гарган ажиллаж байсан л даа. Тэгээд байдал эвгүйдэж хүний эрх зөрчигдсөн гэх мэт Зүйл яригдаад эхлэхээр л нөгөө атамануудын хэлээр бол “гэзэг ороож” бичлэг гарган “гангарч” байгаа нь энэ шүү дээ.
П.ХАШЧУЛУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БАЦААН ЗОРИГОО !!! Үүлийн 1000 удаагийн BOSS !!! мэдэж ав.
Үүл үнэхээр сайн эр