Ц.Батбаяр гишүүн өөрөө шүүхэд дуудагдаж, захирлаа ч бас шүүхэд өгчээ
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр он гарсаар багагүй барцадтай байна. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар Таймс” сонины барилгыг хууль бусаар өмчилсан хэрэгт АТГ-аас сэжигтнээр татаад байгаа. Өөрөө энэ бүхнийг үгүйсгэсэн мэдэгдлийг хэвлэлээр мэр сэр дайж байгаа ч АТГ нь түүний хэргийг тусгаарлахаар болсноо албан ёсоор зарласан юм. Үүнээс өмнө нь тэрбээр МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх болоход Батлан хамгаалахын сайд болохоор зүтгэсэн ч бүтэлтэй зүйл болоогүй, намынхандаа хэд гурван үг хаяад өнгөрсөн билээ.
Тэгвэл Ц.Батбаяр гишүүний өмнө дахин нэг “бул чулуу” тээгэлжээ. Түүнийг “Bloomberg”-ийн монгол хувилбар гэх “B” телевизийн цаад эзэмшигч гэдгийг цөөн хүн мэддэг. “B” телевиз гэдэг нь “Bloomberg” гэсэн үгний товчлол биш харин Батбаяр гэсэн нэрнийх нь эхний үсэг гэж зарим хүн тайлбарладаг юм.
Ц.Батбаяр гишүүн тус телевизийн захирал эмэгтэйг 1,4 тэрбум төгрөг завшсан гэж шүүхэд өгчээ. Харин үүний хариуд шүүхэд дуудагсан эмэгтэй гишүүнийг амласандаа хүрээгүй гэж мөн л шүүхэд хандсан байна. Захирал эмэгтэй Ц.Батбаяр гишүүнийг өмнө нь өөрт нь өгнө гэж амласан байр, машинаа өгөөгүй гэж зөрүүлээд “хатгажээ”. Тэдний зөрчил шүүх дээр очих хүртлээ хурцдаад байгаа ч аль аль нь олон нийтэд төдийлөн мэдэгдэхийг хүсэхгүй байгаа аж. Ялангуяа бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа Ц.Батбаяр гишүүний хувьд энэ нь нэр хүндэд халтай хэрэг болж байгаа талаар эх сурвалж хэллээ.
МАН-ын Удирдах Зөвлөлийн зүгээс түүнд Батлан хамгаалахын сайдын суудал өгөөгүй, цаашлаад УИХ-д дахин нэр дэвших боломж олгохгүй байгаа. Түүний 2008 онд нэр дэвшин, ялалт байгуулсан нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ удаа …… УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоод байна. Ц.Батбаяр гишүүн дөрвөн жилийн өмнө “Амьдралын босго 3 өрөө байр” гэсэн уриа гаргаж, айл бүрт гурван өрөө байр өгнө гэсэн ч энэ нь өнөөдрийг хүртэл биелээгүй байгаа талаар тойргийн иргэд нь бухимдангуй ярьж байгаа.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт ноцтой холбогдсон, сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, намын удирдлагуудтайгаа түнжин муудсан, шүүхэд дуудагдсан гээд Ц.Батбаяр гишүүний луу жилийн барцад их байгаа бололтой.
URL: