Хакухо: “Бид хожигдчихгүй байх аа”, Г.Өсөхбаяр: “Манай баг хүчтэй”

Их аварга Хакухо тэргүүтэй Монголын сумочид өчигдөр орой эх орон­доо ирлээ. Тэд маргааш Бөхийн өргөөнд болох “Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор ирсэн нь энэ. Уг шоуг зохион байгуулагчид сумоч­дыг онгоцноос буусан даруйд нь тэмцээний талаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хакухо, Какирю, Асасекирю, Риюү нарын сумочдоос гадна аварга Г.Өсөхбаяр, С.Мөнх­бат, арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн юм. Өнөөдөр Кёкүтэнхо, Токитэнкү, Харумафүжи нар Японоос ирэх юм байна.

Хакухо “Үндэсний бөхчүүдийн багийг бэлтгэл сайн хийж байгаа, чанга байгаа гэж дуулсан. С.Мөнх­бат аваргыг сайн тоглодог гэж сонс­сон юм байна. Гэхдээ манай су­мочдын баг хожигдчихгүй байх аа. Манай гарааны тав бол үнэн сайн. М.Ананд маань сагсан бөмбөг сайн тоглодог. Манай баг нэг нууц тоглогч­той. Одоогоор тэрийг хэн гэдгийг нь нууцалъя”.

Г.Өсөхбаяр “Манай багт сайн сагсан бөмбөгчид бий. Ер нь манай баг хүчтэй. Сагсан бөмбөг бол ба­гийн спорт. Тийм болохоор манайх багаараа сайн”.

С.Мөнхбат “Тэмцээн дээр бөх­чүүд, сумочид зөвхөн сагсан бөм­бөгөөр өрсөлдөхөөс гадна өөр олон сонирхолтой тэмцээн уралдаан болох юм гэсэн”.

Хоёр багийн ахлагчид болох Г.Өсөхбаяр, Хакухо нар хэвлэлийн хурлын төгсгөлд “Ямар нэгэн мар­гаангүй, нөхөрсөг сайхан тоглоц­гооё” гээд гар барилцлаа.

Бөхийн өргөөнд болох уг тоглол­тын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд шоунаас олсон орло­гыг бүгдийг буяны үйлсэд зориулах юм байна. Эх нялхсын эрдэм шин­жилгээний төвд 20 гаруй сая төг­рөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, хүү­хэд асран хүмүүжүүлэх төвийн 1200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулах тухайгаа бөхчүүд, су­мо­чид нэгэн дуугаар хэлсэн юм.

Д.САРУУЛ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих