Н.Номтойбаярын бугуйн дахь 475 мянган доллар
Дэлхийн баячуудыг цуглуулдаг “Уллис Нардин” швейцарь цагны дэлгүүр сар гаруйн өмнө Монголд салбараа нээсэн билээ. Улаанбаатар хотын төвийн том том самбаруудыг эзэлсэн “Уллис Нардин”-ы цагны сурталчилгаа олон хүний нүдийг хужирлаж байсан. “Central tower”-т “LV”-тэй зэрэгцэн нээгдсэн үнэтэй швейцарь цагны дэлгүүр богинохон хугацаанд багагүй ашиг олсон байна. Энэ тухайд 200 жилийн түүхтэй ““Уллис Нардин”-ы ерөнхий захирал Патрик Хопман Оросын хэвлэлд сэтгэл догдлон ярьжээ.
- Бид энэ улсаас захиалга хүлээж авсан. Казахстанд байдаг манай нэг түнш газар дээрээс нь судлах гэж Улаанбаатарт очоод ямар ирээдүйтэй зах зээл вэ гэдгийг олж мэдсэн. Монгол нүүрс гэдэг байгалийн баялагаа олборлож эхэлж байна. Монгол бол Хятад болон Казахстаны бизнесийн нөлөөнд маш их байдаг орон. Ажил хэрэг маань амжилттай явж байгаад сэтгэл хангалуун байгаа гэжээ.
Улаанбаатар хотын төвд байх “Central tower” дахь “Уллис Нардин”- салбар
Түүний хэлснээр салбар дэлгүүр нь нээгдсэн тэр өдөр л анхны үйлчүүлэгч нь “Чингис хаан” гэдэг алмаазан шигтгээтэй, алтны хольцтой, асар үнэтэй цагийг нь худалдаж авчээ. Чингис хаан нэртэй цаг нь цөөхөн ширхэгээр үйлдвэрлэдэг, 450 мянгаас 750 мянган долларын үнэтэй цаг аж. Дэлгүүрийн эзэн бизнес нь ингэж цэцэглэж буйд сэтгэл хангалуун байх зуур сониуч зантай зарим хүн чухам хэн энэ их үнэтэй цагийг авсан бэ гэдгийг тодруулж чаджээ. Нэгэнт хэр баргийн хүний гарт харагдаад байдаггүй чамин хийцтэй тул “хэрэгтэн”-ийг дор нь илрүүлжээ. Тэр этгээд нь “МАК”-ын өв залгамжлалаас наагуураа татгалзаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болсон Н.Номтойбаяр гэж түүний ойрын эх сурвалж хэллээ. Н.Номтойбаяр дэд сайдын албан тушаалд суугаад анхны цалин дээрээ мөнгө нэмж 475 мянган доллараар “Чингис хаан” цагийг худалдаж авсан байна.
Их хааны нэртэй энэ цагны нэг загвар нь үйлдвэрээсээ 30-хан ширхэг гардаг, 18 кратын алттай /зарим нь алмаазан шигтгээтэй/, 42 мм диаметртэй, усны хамгаалалтай, арьсан бугуйвчтай., уламжлалт аргаар хийсэн механик цаг юм. Цагны хонх нь гурван цаг тутамд дуугарахдаа өөр өөр өнгөөр хонхны чимээ гарган тун сонсголонтой дуугардаг аж. “Уллис Нардин”-ы захирлын яриандаа дурдсанаар зүүсэн хүнд “нууцлаг сүр хүч авчирдаг” эд аж. Харин тэр “нууцлаг сүр хүч”-ийг дэд сайдын суудлаас давж, парламентын танхим руу шагайж буй Н.Номтойбаяр худалдаж авчээ.
Дэд сайд нарын дундаж цалин 700-800 мянган төгрөг байдаг. Тэгвэл энэ цагны үнийг монгол төгрөгт шилжүүлбэл 641 сая 250 мянга төгрөг болж байна. Ингээд тооцоод үзвэл дуу алдмаар, хардаж атаархмаар тоо гарч байгаа биз. Н.Номтойбаяр сайдын гарт зарим хүний насан туршдаа ажиллаад ч олохгүй мөнгө зүүгээстэй явж байна. Н.Номтойбаярын араас алтны хольцтой швейцарь цагийг танил дотны хэдэн хүн нь бас худалдан авчээ.
“Уллис Нардин”-ы захирал дээр дурдсан ярилцлагынхаа үеэр “Монгол бол Хятад болон Казахстаны бизнесийн нөлөөнд маш их байдаг орон” гээд Монгол, Хятадын хамтарсан нэгэн нүүрсний томоохон компани байдаг тухай дурджээ. Монголд ийм тодорхойлолтод дүйх ганц компани байгаа нь “Шинхуа Мак” буюу “МАК” ХХК аж. Ярианд дам холбогдсон “Мак” компани, анхны үйлчлүүлэгч болсон Н.Номтойбаяр нар чухам ямар шижмээр дэлхийд алдартай компанитай холбогдсон нь сонирхолтой л юм. Ямартаа ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины шохоорхон зүүдэг “Уллис Нардин”-ы брэнд цагийг залуу сайд Н.Номтойбаяр авч, ижилсжээ.
Т.Гэрэл
24tsag
URL: