“Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боож байна”
Аливаа нэгэн баярын үеэр наймаачид гол орлогоо хийж авдаг. Тиймдээ ч урд хөршөөс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж ирэн зардаг. Тэр ч бүү хэл зарим худалдааны төв хугацаа нь дуусах дөхсөн, зарагдахгүй удсан бүтээгдэхүүнийг бэлгэнд боож хямдрал нэрийн дор гадаа гудамжинд худалдаалах тохиолдол байдаг.
Энэ нь бага насны хүүхдүүд хордох эх үүсвэр болсоор байна.
Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн ч биш чанар муутай, зориулалтын бус будгаар будсан, харшил өгдөг тоглоомуудыг хүүхдийн баярын үеэр их хэмжээгээр худалдаалах болсон. Тиймээс Мэргэжлийн хяналтын газрынхан баярын өдрийг угтсан хяналт шалгалтаа худалдааны төвүүд, дэлгүүр, зах зэрэг газруудаар явуулж эхлээд байна.
Гэсэн ч баярын өдөр баталгаагүй хүнс худалдаалагдахгүй гэсэн баталгаа байхгүй байна. Хүнсний бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалтын талаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч П.Нарантуяатай ярилцлаа.
-Удахгүй зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баяр болох гэж байна. Энэ үеэр баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах тохиолдол гардаг. Хяналт шалгалтыг хэрхэн хийж байгаа вэ?
-Хяналт шалгалт баярын гэлтгүй бусад өдрүүдэд ч мөн хийгддэг. Харин баярын өдрүүдээр удирдамж гарган түүний дагуу нэгдсэн хяналт шалгалтыг явуулна. Удирдамж одоогоор дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд ирээгүй байна. Гэхдээ дүүрэг бүр харьяа газруудынхаа худалдааны төв, зах, дэлгүүрүүдэд шалгалтаа хийгээд явж байгаа.
Ер нь аливаа баярын үеэр худалдааны төв болон дэлгүүрүүдээр баталгаагүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах хандлагатай байдаг. Тэр тусмаа удахгүй болох хүүхдийн баярын үеэр худалдаалагдах бэлгэнд хяналт шалгалтыг сайн хийх хэрэгтэй.
-Баярын үеэр хийсэн шалгалтаар ямар төрлийн зөрчил илүү тохиолддог вэ?
-Хяналт шалгалт хийгээд явж байхад шошгын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боох хандлага их байдаг. Ер нь худалдааны төв, зах, хувь хүмүүс ч гэсэн зарагдахгүй удсан, хугацаа нь дуусах дөхөж байгаа бүтээгдэхүүнийг амжиж борлуулахын тулд бэлгэнд боодог. Гэхдээ саяхан хийсэн шалгалтаар ийм тохиолдол гараагүй байна. Яг баярын өдрөөр иймэрхүү зөрчил нэлээд харагддаг.
Мөн амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүнийг бэлгэнд боосон байдаг. Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн байна. Эдгээрийг бэлгэнд боож болохгүй. Учир нь боосон бэлэг худалдаалагдах хугацаа нь харьцангуй урт байдаг учир амархан муудах бүтээгдэхүүн тохиромжгүй.
Хэрэв ийм төрлийн бүтээгдэхүүнийг бэлгэнд боосон бол худалдан авах гэж байгаа хүн хадгалалт болон хугацаа, хадгалах горим зөв явагдаж байгаа зэргийг шалгах хэрэгтэй. Ер нь иргэд өөрсдийн үр хүүхэддээ бэлэг худалдан авахдаа дотор нь орсон бүтээгдэхүүн бүрийг сайтар шалгаж авах хэрэгтэй. Иргэд боосон бэлгийг нэг бүрчлэн шалгаад байдаггүй. Үүнийг нь сайн мэддэг хүмүүс бэлгэн дотроо янз бүрийн баталгаагүй хүнс оруулсан байдаг.
-Баярын үеэр шаардлага хангахгүй тоглоом мөн худалдаалагддаг болов уу?
-Гадуур худалдаалагдаж байгаа тоглоомуудад Хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн байцаат нар хяналт тавьж ажилладаг. Гэхдээ тоглоом ч ялгаагүй. Иргэд өөрсдөө чанартайг нь сонгон авах хэрэгтэй.
-Баяр дөхөөд ирэхээр гаднаас эрүүл ахуйн бичиггүй бүтээгдэхүүн орж ирдэг гэсэн?
-Хилээр их хэмжээгээр оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд шат шатны байгууллага хяналт шалгалтаа хийгээд явдаг. Их хэмжээгээр оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд бид хяналтаа тавьж чадна. Хамгийн гол нь зарим хүмүүс гар цүнхэндээ болон жижиг тээшинд бага хэмжээгээр чихэр, шоколад оруулж ирж зардаг. Үүнд бид хяналт тавих боломж муу байдаг. Хилээр оруулж ирэхдээ өөрсдөө, хувийн хэрэгцээндээ оруулж ирж байгаа гэдэг боловч үнэндээ зарж худалдаалдаг байхыг үгүйсгэхгүй.
Баярын үеэр Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Сүхбаатарын талбай зэрэг хүмүүс олноор цуглардаг газарт хувь хүмүүс чихэр, жимс, боосон бэлэг зэргийг худалдаалдаг. Эдгээр газруудад хэрхэн хяналт тавьдаг талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Т.Отгоноос тодруулахад “Хяналт шалгалтууд эхнээсээ хийгдээд явж байгаа. Нэгдсэн хяналт шалгалтын удирдамж гарах гэж байна. Удирдамжийн дагуу удахгүй нэгдсэн шалгалт хийгдэнэ. Гэхдээ баярын өдрөөр хаана ч хамаагүй, хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан эсэх хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Ер нь гадаа гудамжнаас жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх хэрэгтэй. Мэдээж олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн хор болно” гэлээ.
Э.Майцэцэг
URL: