Сумочид Монголд ирлээ
“Их Монголын алтан одод-2″ сумочид болон үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолт лхагва гарагт 18.00 цагаас “Бөхийн өргөө”-нд болно. Харин уг тоглолтод оролцох сумочид Улаанбаатарт ирж байна. Их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй сумочид Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд даваа гарагийн 17 цагт ирээд тус буудлын “VIP”/ВИП/ өрөөнд энэ тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийх юм.
“Хакухо” сан, “TLG-13″, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ, “Мон Лаа” компаниас хамтран зохион байгуулж байгаа сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбар 15 мянган төгрөг байх бөгөөд орлогыг буяны үйлсэд 100 хувь зориулах юм. Тухайлбал, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах бол 1800 хүүхдэд хичээлийн хэрэгсэл өгөхөөр болжээ.
“Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтын баатрууд сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөс гадна шоуны үеэр болох бусад сонирхолтой тэмцээнд мөн өрсөлдөх юм. Үзэгчдийн дундах тэмцээнийг ч бас зохион байгуулагчид мартаагүй байгаа. Хэрэв таны аз таарвал үзэгчдийн тэмцээний ялагч болсноор Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх боломжтой.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд анхны түрүүгээ аваад байгаа Кёкүтэнхо, Шёотэнрү, Асасэкирюү, Тамаваши, Токитэнкү, Араваши, Риюү гэсэн сумочид өрсөлдөх бол үндэсний бөхчүүдчүүдээс аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нарын цолтнууд багтжээ. Харин урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, кикбоксчин Д.Амарбаясгалан, жүжигчин Өөскө, Цоомоо, Амбий, П.Эрдэнэзаан, дуучин Gee, Д.Лхагваа, ВХ нар орсон байна. Тэд хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжихээр санал нэгджээ. Сумочдын багийн дасгалжуулагчаар “Алтайн бүргэдүүд” багийн тоглогч Д.Батзаяа ажиллана. Харин үндэсний бөхчүүд дасгалжуулагчаараа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг сонгосон байна.
Бас нэгэн шинэ мэдээлэл хүргэхэд, лхагва гарагт болох тоглолтын дараа Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Цайз” ресторанд 200 ам.долларын такстай дээд зэрэглэлийн хүлээн авалт болох юм. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжих хандивын хүлээн авалтад арлын орноос хүрэлцэн ирсэн сумочид, үндэсний бөхийн цолтнууд, урлаг, спортын одод оролцоно.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”
URL: