Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авснаа албан ёсоор зарлажээ
Дорнод аймгийн орлогч дарга Дамдинбазар, KMADI-ийн ерөнийлөгч Ким Хак Сү нар.
Газар нутгаа бусдад худалдсан улс, үндэстэн дэлхийн түүхэнд бараг байдаггүй. Харин, газрын төлөөх том, жижиг дайнууд бүх улсын түүхэнд бий. Бас, газраас үүдэлтэй маргаан өнөө хүртэл тасарсангүй. Бидний амьдрах Ази тивд гэхэд газар нутгийн маргаангүй улс тун ховор. Яг одоо, дөрвөн га газар, түүн дээрх балгасын төлөө Тайланд, Камбож улсууд цус асгаруулан тулалдаж байна. Газар ийм үнэтэй юм.
Харин, хоёр онцгой тохиолдол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүний нэг нь Оросын хаант улс Аляскийг Америкт хямдхан худалдаж, асар их баялагтай нутгаа үүрд алдсан тухай. Харин, нөгөө нь Хойд Америкийн индианууд колоничлогчдод газар нутгаа зүгээр шахуу худалдсан түүх. Өнөөдөр, нутгаа худалдсан индианууд цөөнхийн цөөнх болж, мөхлийн даваанд тулжээ.
Гэтэл, энэ удаа Монгол Улс Аляск болон индиануудын түүхийг давтаж байгаа талаар Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна Энэ талаар “koreaittimes.com” гэх сайтад 2011.03-нд дэлгэрэнгүй мэдээг байрлуулжээ (http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation).
Өмнөд Солонгос Монгол Улсаас 30.000 га үржил шимтэй нутгийг нь худалдан авч байгаа юм байна. Тодруулбал, солонгосчууд Монголын газрыг ашиглах, түрээслэх бус, харин худалдаж авч байгаа гэж дээрх мэдээнд бичжээ. Тэгэхээр, Монгол Улс газар нутгаа үүрд алдаж байгаа хэрэг.
Солонгосчууд 30.000 га газарт тандалт явуулж байна
Жилийн өмнө солонгосчууд Монголын хамгийн шимтэй гэгдэх Халх голын савд 170.000 га газар түрээслэн авсан боловч Монголын хуулийг зөрчсөн тэдний үйлдэл ба авилгын асуудал сөхөгдөж, газар түрээслэх шийдвэр нь цуцлагдсан юм. Гэтэл, энэ онд Халх голын савд Өмнөд Солонгос үүнээс ч их газар буюу 270.000 га хөрс шороог Монголын тариаланг хөгжүүлэх төсөл нэрийн дор ашиглахаар Монгол Улсын ИХ, Засгийн газраар зөвшөөрүүлсэн байна.
Энэ нь Монгол Улсын улаан буудай тариалдаг нийт талбайтай ойролцоо хэмжээтэй тул ямар том нутаг болох нь ойлгомжтой. Гэхдээ, Монголын эрх баригчид наанаа сайхан зүйл яривч, Халх голын сав газрыг солонгосчуудад ашиглуулах ямар гэрээ үйлдэж, ямар тохиролцоо хийснээ их нууцалж байв.
Гэтэл, Монголын эрх баригчдын солонгосчуудтай хийсэн тохиролцооны зах сэжүүр ийнхүү ил гарч магадгүй боллоо. Дээрх мэдээнд солонгосчууд Халх голд 30.000 га газар худалдан авч байгаа нь Монгол дахь солонгосчуудын хөдөө аж ахуйн үйл ажиллагааны зөвхөн эхлэл гэж бичжээ. Монголд энэ үйл ажиллагааг цааш өргөжүүлэн явуулах “Солонгос, Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн санаачлага (KMADI)” гэх Өмнөд Солонгосын байгууллага үйл ажиллагаа явуулах болсон байна.
KMADI-ийн ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр ах дүү үндэстэн Монголд хүнсний хангамжийн бааз байгуулах нь Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх төдийгүй, Хойд Солонгосын ард түмэнд тулгарч буй цагаан будааны хомсдолтой тэмцэж, 80 сая хүнтэй нэгдмэл солонгос үндэстнийг тэжээх бэлтгэл болж байгаа юм. Монголыг өөрийн нутаг байсан гэж үздэг солонгосчууд тариалангийн энэ газраа “Кори” гэж өөрийн түүхэн улсын нэрээр нэрлэжээ.
Газар нутгаа худалдах гэдэг нь мэдээж эрүүл ухаантай монгол хүний хувьд байж болшгүй зүйл. Монголын газар тариалангийн нутгийг түрээслүүлэх болон төсөл хэлбэрээр гадныханд ашиглуулах ч Монголд Улсын эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалд аль алинд нь маш аюултай юм. Үүний учрыг элдэв тоо баримт, тооцоо дурдалгүйгээр товч, ойлгомжтой тайлбарлъя.
Монгол улс өөрөө гадаадын хүнсний тусламжаас ихээхэн хараат орон. Гэтэл, одоо галзуурах мэт өсөх хүнсний үнэ чадалтай орнуудыг ч сандаргаж байна. Энэ хүнсний үнийн өсөлт хөгжиж буй орнуудад бүр ч том асуудал үүсгэх юм.
Яагаад гэвэл, хөгжиж буй гэх орнуудын иргэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, уул уурхайгаас ашиг олох боловч үүнтэй зэрэгцээд хүнсний үнэ огцом нэмэгдэх тул тэдний үйлдвэржилт, уул уурхайгаас олох ашиг хэрэггүй зүйл болж хувирна. Үүгээр ч үл барам, хөгжиж буй орнууд өлсгөлөнд нэрвэгдэхээр байна гэдгийг НҮБ-аас сануулсан юм.
Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас өөр зүйл харалгүй сохорсон монголчууд байгалиа сүйтгэж, шороогоо ухаж гаргаад олох ашгаа нэмэгдүүллээ гэхэд олсон орлогынхоо ихэнхийг идэх хоолондоо өгөөд таарах нь байна. Харин, хүнсний үнэ тэнгэрт хадаж аргагүй хэцүүдэх үед монголчууд сэхээ орж газар тариалангаа хөгжүүлье гэхэд өөрсдөө тариа тарих боломжоо алдсан байх юм.
Ийнхүү, Халх голын бүс үндсэндээ монголчуудын хүнс бус, харин шар буурцаг гэх солонгосчуудын гол хүнсийг тариалдаг шинэ маягийн колонийн загвар бүс болж байна.
Солонгосчуудыг Монголд оруулж ирээд Хятадын аюулаас хамгаалуулъя, колони улс Хонгконг шиг хөгжье гэх гэнэн тэнэгдүү яриа бас байх. Үүнийг ярьж явдаг их сургуулийн багш хүртэл байна шүү! За яахав, тэдний ярьдгаар нэг өдөр Хятадын цэрэг дайраад ороод ирлээ гэж төсөөлье.
Энэ үед Өмнөд Солонгос Монголыг өмөөрч сүйд болоод Хятадтай үзэлцэнэ гэдэг нь огт үндэслэлгүй юм. Өнөөдөр, Хойд Солонгосын асуудал харилцаанд нь хүндрэл учруулж байгаа боловч Өмнөд Солонгосын тэргүүлэх гадаад бодлого Хятадтай харилцаагаа улам сайжруулах, аль болохоор харилцаагаа муутгахгүй байх, эдийн засгаар улам ойртон нягтрахад чиглэж байна.
Энэ чиглэлээр олон тооны уулзалт зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, солонгос-хятад залуусын найрамдал нөхөрлөлийн цуглаан зохион байгуулагддаг. Харин, Монгол Улс тусгаар тогтнолоо алдах аюултай бодитоор тулгарвал харь гүрнүүд Монголыг яаж хувааж авахаа л тохирно гэвэл илүү бодитой байх. Гэхдээ, Монголын тусгаар тогтнол хэн нэгэн гадны этгээдээс бус монголчуудаас өөрөөс нь хамаарна гэвэл үнэнд хамгийн их нийцнэ.
Өнөөдөр, манай төрийн эрх баригчид хөрс шороогоо бусдад эзэмшүүлээд хэдэн хүн ажилтай болгоод жаахан ашиг олъё гэх ядуу дорой сэтгэлгээгээр асуудалд хандаж байж магадгүй. Эсвэл, энэ үйл явцын цаана өөр сонирхол, шалтгаан байж ч мэднэ! Авилга, архидалт хоёрт живсэн монголчуудад индиануудын хувь заяа илүү ойр харагдаад байна.
Е.Өвбилэг /inet.mn/
URL: