АН нэр дэвшигч тодруулах журмаа баталлаа
АН-ын ҮЗХ-ны 37 дахь хурал өчигдөр болж, УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмыг хэлэлцэн оройн 22.00 цаг хүртэл хуралджээ. Сонгуулийн тухай шинэ хуульд нийцүүлэн журам өөрчлөгдөх учраас АН-ынхан нухацтай суух шаардлага үүссэн бололтой.
Журмын өөрчлөлтийн төслийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан бол УИХ-ын гишүүн З.Энхболд бүр журмыг тэр чигт нь өөрчлөх төсөл боловсруулснаа хэлжээ. Ерөнхийд нь авч үзвэл тэдний төслүүд хоорондоо уялдсан боловч З.Энхболд гишүүн хуучин журмыг өөрчилнө гэхээр асуулт их гарах учраас бүрэн өөрчлөх төсөл санал болгосон юм байна. Гэсэн ч ҮЗХ хэлэлцэж ойлголцохыг илүүд үзэн, генсек Д.Эрдэнэбатын төсөл дээр хэлэлцүүлэг өрнүүлсэн аж. Түүний танилцуулсан УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч тодруулах журмын өөрчлөлт дээр Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм байна.
Удтал хэлэлцсэний эцэст бүх шатны сонгуульд нэр дэвшигч тодруулах журамдаа найман зүйлийн өөрчлөлт оруулахаар санал хураалт явуулжээ. Санал хураалтын үеэр нийт гишүүдийн олонхийн саналаар таван зүйлийн заалт дэмжигдэж, гурван зүйл заалт нь олонхийн дэмжлэг аваагүй байна.
Ингэснээр нэр дэвшигч нь аймаг, дүүргийнхээ намын хорооны хурлын өмнө анхан шатны намын байгууллагаас санал авах ёстой болсон аж. Мөн намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших шаардлага хангасан гишүүн нь саналаа намын удирдлагад бичгээр илэрхийлэх юм байна.
Тухайн шатны намын дарга нь мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар нь ҮЗХ, нийслэл, дүүргийн намын хорооны хурлаар хэлэлцүүлж, нууц санал хураалтаар шийдвэрлэх аж.
Харин 28-ын жагсаалтаар нэр дэвшихийг зөвшөөрсөн нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөл, нийслэлийн ЗХ-ны тэргүүлэгч, дунд шатны намын байгууллагын зөвлөлдөх зөвлөлд танилцуулах юм байна. Эдгээр байгууллагууд нь саналыг хэлэлцээд тогтоосон мандатаас илүүгүй нэр дэвшигчдийн эрэмбийн саналыг ҮЗХ, нийслэл, дүүргийн хуралд оруулж, нууц санал хураан олонхийн саналаар шийдэх аж.
Эдгээрээс гадна УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших үзүүлэлтийг хангасан нь тухайн гишүүнийг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх гол шалгуур байхаар журамдаа тусгажээ. Ийнхүү Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан саналуудаас олонхи нь дэмжлэг авч, гурван санал дэмжлэг аваагүй аж. АН-ын ҮЗХ энэ сарын 23-нд болох ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах юм.
URL: