“Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогчид

Өнөө жил “Өмнөө зорилготой өөдрөг амьдарцгаая” уриатай үргэлжилж байгаа Universe best songs-2012 наадмын шилдэг 25 оролцогч шалгараад удаагүй байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй наадмын эхний шатанд 600 гаруй оролцогч бүртгүүлсэн байсан. Ингээд гурван сарын турш авьяас билгээрээ тунаж үлдсэн оролцогчидтой ярилцлаа.

Э.ТӨГСБАЯР: ОРЦОНДОО 100 ТӨГРӨГИЙН ТАКСТАЙ ТОГЛОЛТ ХИЙДЭГ БАЙЛАА

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэн 558 дугаартай оролцогч Э.Төгсбаяр миний бие мэндчилж байна. Би “Улаанбаатар” дээд сургуулийн Санхүүгийн менежментийн гуравдугаар курсэд сурдаг. Миний хувьд гурван жил “Universe best songs” наадмын үзэгч байсан. Шилдэг 25-д шалгарсан оролцогчдыг хараад битүүхэндээ атаархаж, өөрөө оролцоод эдний нэг болоод явж байх юмсан гэж боддог байлаа. Энэ жил мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлээд явж байгаадаа үнэхээр баяртай байна.

-Шат шатны даваа хатуу байсан байх. Хэддүгээр шатанд хамгийн их загнуулсан бэ?

-Эхний шатанд орохдоо их сандарч, айж байлаа. Монголын урлагийн хамгийн том төлөөлөл болсон хумүүсийн өмнө гараад дуулна гэдэг бас тийм ч амархан зүйл биш шүү дээ. Айдсаа давж тэнцсэн гэсэн бичиг аваад гарч ирэхэд үнэхээр сайхан байсан. Харин хоёрдугаар шатандаа хамгийн их зэмлүүлсэн дээ. Тэгэхэд шүүгчдийн хэлсэн үг өнөөдөр намайг шилдэг 25-д шалгарах хүч, урам, тулгуур болсон гэж боддог. Тэрний дараахь хоёр шатанд шүумжлэлийг маш сайн хүлээж авснаар амжилттай оролцлоо. Эцсийн шатны шалгаруулалт дуулах дуртай хүн бүрийн мөрөөдөл гэж хэлж болохоор Соёлын төв өргөөний тайзан дээр болсон. Сүрдмээр хэрнээ мартахааргүй сайхан дурсамж болон үлдэх байх.

өрийн тань цуглуулга үзэгчдийн анхаарлыг багагүй татаж байгаа гэсэн. Юу цуглуулдаг юм бэ?

-Би багаасаа л дуулах дуртай байсан. Орцондоо 100 төгрөгийн такстай тоглолт хийдэг байлаа. Гэхдээ дандаа монгол дуугаар. Харин сургуульд байхдаа гадаад дууны үгийг сонсголоороо бичээд дагаж дуулдаг байсан. Сүүлд англи хэл үзэж эхлээд гадаад дууны үг цуглуулах болсон. Одоо нэлээн зузаан хавтастай, дан дууны үгнээс бүрдсэн цуглуулга бий.

-Шилдэг 25 оролцогч бараг бүтэн жил “UBS“-ийнхэнтэй холбоотой байдаг. Ажил, сургуулиа яаж зохицуулж байна вэ?

-Шалгаруулалтын хуваарь миний хичээлийн хуваарьтай яг сайхан таарч байсан. Харин шилдгээр шалгарчихаад жаахан завгүй болчихлоо. Хичээлээсээ чөлөө аваад явж байна. Дүн дээр багш нар маань нэг юм бодсон байх аа. Гоё дүн тавих байх гэж найдаж байгаа шүү.

М.МӨНХ-ЭРДЭНЭ: ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ИРСЭН ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД ХАМАР ШАРХИРДАГ Л ЮМ

Шилдэг 25 оролцогчдын дунд хоёр Мөнх-Эрдэнэ бий. Тэдний эмэгтэй нь буюу 579 дугаартай Мөнхдоржийн Мөнх-Эрдэнэтэй уулзлаа.

-Дархан хотыг төлөөлж буй ганцхан оролцогч учраас дэмжигч ихтэй байгаа байх тийм үү?

-Дарханаа төлөөлж энэ тэмцээнд оролцож байгаа. Тэнд би ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Одоо Хөгжим, бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн гуравдугаар курсийн оюутан. Дарханыхан маань намайг их дэмжиж байгаа байх аа. Тэднийхээ итгэлийг алдалгүй шилдэг 25-д үлдсэндээ баяртай байгаа. Одоо утсаар санал авч эхэлнэ. Тэр үед намайг дэмжиж байгаа хүмүүс харагдах байх аа.

-Дарханд хамтлагт дуулдаг байсан гэсэн үү?

-Тийм ээ. Би угаасаа бага байхын л дуунд дуртай, дуулдаг хүүхэд байсан. Шинэ жилээр гэртээ бяцхаан тоглолт хийчихнэ. Сургуульд байхдаа найрал дуунд дуулдаг байснаа сүүлдээ охидын хамтлаг байгуулж байсан. Ямартай ч хамтлагаараа өөрсдийнхөө тоглолтыг хийчихдэг байлаа.

-Гэр бүлд тань дуулдаг хүн бий юу. Авьяас удам дамждаг гэж ярьдаг шүү дээ?

-Гэрийнхэн маань найранд гурван дуутай, бүгдээрээ сайхан дуулдаг хүмүүс байлаа. Тэднээсээ би л мэргэжил болгон хөгжүүлж байна. Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Аав, ээж хоёр маань долоон жилийн өмнө бурхны оронд явчихсан. Аав, ээжийгээ алдсанаас хойш хоёр дүүтэйгээ амьдралаа босгохоор зүтгэж байгаа. Нэг дүү маань МУИС-ийн оюутан. Нөгөөх нь ЕБС-ийн сурагч. Тэмцээний үеэр оролцогчдын аав ээж нь ирээд хүүхдүүдээ дэмжиж байгааг харахаар хамар шархирна шүү. Гэхдээ хоёр дүү маань болон найзууд минь сайн дэмжигч, зөвлөгч байж чадаж байгаа.

-Энэ зун маш завгүй өнгөрөх байх даа. Мэдээж шилдэг оролцогчид кинонд тоглох байлгүй?

-Энэ зун олон зүйл төлөвлөчихсөн. Уран бүтээлч болохоор зүтгэж байгаа учраас зун дадлага хийж тоглолтоор явах байх. Бас кинондоо тоглоно. Удахгүй болох гала тоглолтдоо оролцохоор бэлтгэл хийж байна. Энэ мэтчилэн үр бүтээлтэй, эрч хүчээр дүүрэн нэгэн зун өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаа.

Ц.АЗБАЯР: ЭНЭ ТЭМЦЭЭНД ОРООД 16 ШАТ ДАВЧИХЛАА

Universe best songs” наадмын үнэнч оролцогч Ц.Азбаяртай уулзав. Тэрээр дөрвөн жил дараалан тус наадамд оролцож байгаа бөгөөд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр шатнаасаа хасагдаж байсан юм. Харин энэ жил тэрээр шилдэг 25-д үлдэж чаджээ.

-Хамгийн үнэнч оролцогч гэсэн цол хүртээд байгаа байх аа?

-Харин тэгээд л байх шиг байна. Гэхдээ гоё ш дээ. Би энэ наадмыг анх зохиоход л оролцож байсан. Дандаа дөрөвдүгээр шат хүртэл амжилттай явдаг ч шилдгээр шалгарч чаддаггүй. Тиймээс дараа жил нь дахиад л ордог. Угаасаа оролцохгүй бол миний орон зай дутах юм шиг санагдаад байдаг юм. Би чинь уг нь “Зохиомж” дээд сургуулийн дуулаачийн ангийг өнгөрсөн жил төгссөн юм шүү дээ.

-Өнөө жил чиний дууны сонголт чанаржсан, сайн дуулж байгаа гэж үнэлж байна лээ?

-Баярлалаа. Олон жил оролцсон болохоор бусдаасаа арай илүү хариуцлага надад бий. Тиймээс хичээж байгаа. Тэгээд ч өнөө жилийн хувьд урианаасаа эхлээд өвөрмөц байна. Ер нь өөрийгөө сорьж үзсэнээрээ өөртөө итгэлтэй, бас зорилготой болсон шүү. Дээрээс нь би дөрвөн жил оролцож 16 шат давчихлаа. Тиймээс өмнө нь оролцсон туршлагадаа тулгуурлаад дууны сонголтуудаа их нарийн хийсэн. Дээрээс нь ажлын хамт олон маань үнэхээр их дэмжиж байгаа. Бүүр чөлөө олгочихсон.

-Мэдээж хэрэг шилдэг 25-д шалгарахад өөрт чинь бусдаас илүү мэдрэмж төрсөн байх?

-Тэгэлгүй яахав. Дөрвөн жил хүсэн хүлээж байсан мэдрэмж. Уйлмаар санагддаг юм билээ. Бас их хэцүү. Ер нь би л тэнд ганцаараа үсрээд бөөн юм болж байсан даа.

КО СУНГ ХУН: СОЛОНГОС НАЙЗУУД МААНЬ НАМАЙГ МОНГОЛД ОД БОЛЧИХОО ЮУ ГЭСЭН.

Тус наадмын шилдэгт шалгарсан гадаадын оролцогчдын нэг БНСУ-ын иргэн Ко Сунг Хунтай ярилцлаа.

-Монголд сурдаг гэсэн. Аль сургуулийн оюутан бэ?

-Би “МIU” олон улсын сургуульд сурдаг. Аав ээж, дүүтэйгээ Монголд амьдардаг. Аав маань манай сургуулийн багш. Аав, ээж хоёр маань Монголд ирээд 10 гаруй жил болж байна. Харин би багадаа анх ирчихээд явсан. Нутагтаа ахлах сургуулиа төгсөөд, Канадад гурван жил суралцсаны эцэст үргэлжлүүлэн суралцахаар Монголд ирсэн.

-Солонгостоо дууны тэмцээнд оролцож байв уу. Наадмын тухай ярихгүй юу?

-Анх энэ тэмцээнд зөвхөн монголчууд оролцдог, үндэсний тэмцээн гэж боддог байсан. Хэдий би оролцсон ч гэлээ намайг гадны хүн болохоор тийм ч дуртай байхгүй болов уу гэж бодож байлаа. Харин одоо баяртай байгаа. Солонгост байхдаа найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж байсан. Мөн Канадад сургуулийнхаа тэмцээн, урлагийн наадмуудад оролцдог байлаа.

-Та ихэнх дуугаа гитартай дуулдаг. Хаана тоглож сурсан юм бэ?

-Титар бол миний гол зэвсэг. Монголд ирээд тоглож сурсан. Анх ирэхэд таних хүнгүй болохоор их ганцаарддаг байлаа. Тэр үедээ гитар тоглож сурсан юм. Одоо их хэрэг болж байна шүү.

-Гадаад оролцогч учраас монгол хэлээр дуулж болно биз дээ. Монгол дуу дуулах уу?

-Одооноос л монгол дуу сурч эхэлж байна. Цаашдаа монгол дуу сайн сураад гоё дуулна аа.

-Солонгост байгаа найзууд чинь тэмцээнд орж байгааг чинь мэдсэн болов уу?

-Мэдсэн байна лээ. Утсаар ярьсан чинь “Хөөх чи чинь Монголд од болчихсон юм уу” гэж асууж байна лээ.

САЛТАНЦЭЦЭГ

М.НОМИН

Ж.СУВДАА


URL:

Сэтгэгдэл бичих