А.Мөнгөнсүх: Солгой хоолойтой хүн гэж байдаггүй
“Nature sound” дуулаачийн төвийн багш А.Мөнгөнсүхтэй ярилцлаа. Монголын урлагийг түүчээлэн авч явах дуулаачдыг бэлтгэж буйтүүний шавь нар “Universe best songs” наадмыг өнгөлж байгаа юм. Тэрбээр 2004 оноос хойш “Nature sound’’-д багшилж байгаа бөгөөд түүний бэлтгэсэн 21 дэх удаагийн төгсөлт удахгүй тоглолтоо хийх ажээ.
-Дуулаачийн багш болсон үеэс тань яриагаа эхлэх үү?
-Би Дархан-Уул” аймгийн гуравдугаар арван жилийг төгссөн. Тухайн үед үлээвэр хөгжмийн дугуйланд сурдаг байсан нь намайг урлагийн зам уруу хөтлөх болсон юм. Их сургуульд элсэхдээ урлагийн сургуульд сурах боломж олдоогүй болохоор МУИС-ийн философи, шашин судлалын ангид орсон. Сургуулиа төгссөн даруйдаа “Nature sound” дуулаачийн төвд суралцахаар шийдсэн. Тухайн үед Б.Ангирмаа, Б.Дашдондог, Б.Наранзун зэрэг хүмүүсээс дуулах урлаг, орчин үеийн хөгжмийн онолын сууриа тавиулсан даа.
-Дуулдаггүй мөртлөө яагаад дуулаачийн төвд суралцахаар шийдсэн юм бэ?
-Би дууны багш болохоос дуучин биш. Хүнд дуулах арга барилыг л заадаг. Тийм болохоор заавал дуулдаг байх албагүй гэж бодож байна. Би “Nature sound” дуулаачийн төвд наймдугаар төгсөлтөөс нь эхлэн ажилласан. Энэ хугацаанд дуулах арга барил заахаас гадна хүүхдүүдээсээ их зүйлийг сурсан.
-Таныг ая зохиогч Б.Ангирмаагийн ажлыг үргэлжлүүлэн авсан гэж ярьдаг?
-“Nature sound” дуулаачийн төвийн долдугаар төгсөлт хүртэл Б.Ангирмаа багш хариуцан ажиллаж байсан. Энэ үед л “Киви” хамтлаг байгуулагдсан юм. Гэхдээ би одоо хүртэл багшаасаа зөвлөгөө авдаг.
-“UBS” телевизээс санаачлан зохион байгуулж буй “Universe best songs” наадамд танай дуулаачийн төвийнхөн их оролцдог. Энэ жил хэчнээн хүүхэд авьяасаа сорьсон бэ?
-Манай дуулаачийн төвийн хүүхдүүд юу мэдэж сурснаа сорихоор энэ сайхан тэмцээнд оролцдог. Энэ жил “Universe best songs” наадмын шилдэг 25 оролцогчийн ес нь миний шавь нар байна. ЭМШУИС-ийн оюутан Х.Авирмэд, З.Ууганзаяа, Б.Батболд, Ц.Азбаяр нарыг нэрлэж болно. Энэ дундаас үзэгчид Ц.Азбаярыг сайн таних байх. “Universe best songs” наадамд дөрөв дэх жилдээ оролцож байна. Ц.Азбаяр энэ жилээс манай төв дээр бэлтгэл хийсэн.
-Шавь нараас тань Гран при авах магадлалтай хүн бий юу?
-Энэ жилийн наадамд их авьяастай оролцогчид оролцсон болохоор хэнийг нь Гран при авахыг таамаглах боломжгүй. Гэхдээ хэдийгээр миний шавь биш ч гэсэн “Улаанбаатар” дээд сургуулийн оюутан Э.Төгсбаяр түрүүлж магадгүй юм. Түүний хоолойны өнгө надад таалагдсан. Эмэгтэй хүний хоолойны өнгөөр дуулдаг. Түүнийг л Гран при авах болов уу гэж бодож байна.
-Та “Making the band 3’’ шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар болсон гэл үү?
-Тэгсэн. Мөн шалгарсан оролцогчдод дуулах урлагийн хичээл заана. Саяхан “Making the band-З” шоу нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөний хурал болсон. Өмнөх “Extacy” хамтлаг стиль, имиж дээрээ илүү анхаарал хандуулж байсан бол дуулалт сайтай хамтлаг гаргая гэдэг саналыг энэ жил түлхүү тавьсан. Тиймээс шалгаруулалтад оролцогчдын дуулах ур чадварыг сайн харах болно. Ер нь нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс дуулах урлаг сайтай хамтлаг гаргая гэсэн бодолтой байгаа.
-Таны бодлоор дуулах арга барилаа сайн эзэмшсэн хамтлаг байна уу?
-Ерөөсөө л манай хуучин хамтлаг, дуучид л байна. Амьд хөгжмийн хамтлагуудаас дуулалтаараа сайн хамтлаг бий. Гэхдээ “Камертон”, “Номин талст”, “Sweetymotion’’-ийг гүйцэх хамтлаг одоохондоо гараагүй байна. Энэ нь уран бүтээлч сэтгэлгээтэй холбоотой байх. Тухайн үеийнхэн их хөдөлмөрлөдөг байсан. Гэтэл одоо хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон байна. Дуулах авьяастай, өгөгдөхүүнтэй хүүхдүүд байгаа ч хатуужил, тэвчээр дутмаг байна. Түүнээс дуулах авьяастай хүүхдүүд Монголд байгаа шүү.
-Сүүлийн үед дуулах сонирхолтой хүмүүсийн дунд олон уралдаан зохион байгуулах болжээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Сайн, муу хоёр талтай гэж бодож байна. Ийм нэвтрүүлгүүдийг үзсэнээр үзэгчдийн хөгжмийн боловсрол дээшилнэ. “Universe best songs” наадмыг харахад хөгжмийн танин мэдэхүйн ач холбогдолтой мэдээллийг шүүгчид өгч байгаа биз дээ. Ингэснээр шинээр гарч байгаа дуучдыг харах үзэгчдийн нүд өөрчлөгдөж илүү сайн уран бүтээлч төрөх байх гэж бодож байна. Нөгөө талаар аливаа зүйл олон дахин давтагдахаар улиг болчихдог. Гэхдээ энэ зохиогдож байгаа олон тэмцээнээс дуучин төрүүлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эндээс зөвхөн дуулах боломжтойг нь тодруулж байгаа юм. Дуучин болох нь дуулахаас өөр шүү дээ.
-Дуучдыг техник эзэмших тал дээр хэрхэн сургадаг вэ?
-Микрофон нь дуучны зэвсэг юм. Түүнийг хэрхэн эзэмшиж байгаагаас дуулалт, хүнд хүрэх эсэх нь шалтгаална. Гэхдээ микрофонтой хэтэрхий номын харьцах хэрэггүй гэж боддог. Тухайлбал, “Black Eyed Peas” хамтлагийн тоглолтыг үзэж байхад тэд микрофоноо бараг хажуудаа бариад дуулчихаж байгаа юм. Тэгэхээр ийм байдлыг буруу гэж шүүмжлэх эрхгүй. Яахав анхлан суралцаж байгаа хүмүүст ерөнхий онолын мэдлэг өгөх зорилгоор эзэмших аргыг нь заах шаардлагатай.
-Та “Crush bash” хамтлагийн продюссерээр ажиллаж байгаа юу?
-Хамтлагийнхаа продюссерээр ажиллаж байгаа. Гэхдээ хамтлагийн гишүүдээс суралцахаар явах гээд зохицуулах ажил гарсан. Яг энэ насны хүүхдүүдтэй ажиллахад амаргүй юм байна.
-Дуулах урлагт суралцсанаар солгой хоолойтой хүний өнгө өөрчлөгдөх үү?
-Хүний дуулах чадварыг өнгөө сонсохгүй, хэмжээгүй мэдрэхгүй гэж хоёр ангилдаг. Хэмжээгээ сонсохгүй хүний мэдрэмж засагддаггүй. Харин өнгийг нь хоолойн дасгал хийгээд засч болдог. Ер нь солгой хоолойтой хүн гэж байдаггүй. Солгой мэдрэмжтэй хүн байдаг. Учир нь хүний тархи хэрхэн дуугарахыг удирддаг юм.
-Цаашдаа сурсан мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
-Их сургуульд байхдаа сайн багш нараар хичээл заалгасан. Тэр хүмүүсээс их зүйл сурсан. Хүмүүс шашин судлаач гэхээр намайг лам гээд андуурах тохиолдол бий. Миний мэргэжил бол шашныг зөвхөн судлах. Энэ мэргэжлээр үргэлжлүүлээд явахад толгой хүрэхгүй байх. Гэхдээ би шашин судлалаа орхихгүй.
-Таны цаашдын ажлын төлөвлөгөөг сонирхмоор санагдлаа?
-Дуулах чадвартай хамтлаг юмуу соло дуучныг гаргах бодол байна. Тэгээд тоглолтыг нь хийж цомог гаргана. Одоогийн байдлаар товлосон хүн байхгүй ч мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ л миний урлагт оруулж буй хувь нэмэр юм даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: unen.mn
URL: