Баянхонгорт жижиг, дунд үйлдвэр хөгжиж, ажлын байр нэмэгдэж байна

Ерөнхийлөгчийн томилолт Баянхонгор аймагт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ  хоёрдугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт хүрэлцэн ирсэн билээ. 80 мянга гаруй хүн амтай тус аймаг бүтээн байгуулалт, оновчтой хөрөнгө оруулалт, ажлын байрны нэмэгдүүлэлт, иргэний төлөө төрийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа  зэрэг сайн сайхан мэдээтэй Ерөнхийлөгчийг угтлаа.

Баянхонгор аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байгааг “Их тэнгэрийн хүч” сүүний үйлдвэрээс харж болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сүү” хөтөлбөрийн хүрээнд тус үйлдвэр 2009 онд 72 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа эхэлжээ. Ажлын байр 8-ыг  шинээр бий болгосон байна.  Эднийх өдөрт 20 өрхөөс сүү худалдан авч, аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд  гэрээгээр сүү, тараг, зөөхий зэрэг сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

“Хэрвээ манай бүтээгдэхүүн тетрапак савлагаатай болчихвол бид өнөөдөр үйлдвэрлэж байгаа хэмжээнээс 5 дахин их үйлдвэрлэл явуулах боломжтой. Манай орон нутгийн хэрэглэгчид ч стандартын шаардлага хангасан аюулгүй хүнс хэрэглэх хүсэлтэй, худалдан авах чадвартай болсон” гэж үйлдвэрийн захирал М.Цогт ярьж байна. “Их тэнгэрийн хүч” шиг ийм сүүний үйлдвэр улсын хэмжээнд 4 ажиллаж, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч бизнес нь амжилттай явж байгаа бас нэгэн аж ахуйн нэгж болох “Буган Халиун” үнээний фермтэй  Ерөнхийлөгч танилцлаа. 2 жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээл авч Төв аймгаас 9 үнээ авчирч, 4 хүн ажилд авч үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Харин өнөөдөр 25 тугалтай үнээтэй, өдөрт нэг үнээнээс 8 литр сүү сааж байна. “ Зах зээл, борлуулалтын асуудалд огт санаа зовдоггүй. Аймгийн сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгжүүдтэй гэрээтэй ажиллаж сүүгээ нийлүүлж байгаа. Хэсэг газар хашаалаад, тэжээлээ өөрсдөө тариалж байгаа” гэж ферм эрхлэгчид ярив. Аймгийн Ерөнхий малзүйч Батаагийн хэлснээр,  өөрсдөө тэжээлээ тариалаад хураагаад авах чадалтай ферм, аж ахуйн нэгжүүдэд 60 га газрыг хашаалах зардлыг нэг удаад буцаж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр олгожээ.

Орон нутгийн хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрсдийн хүчээр үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж байгаа ийм хүмүүсийг төр засгаас дэмжих болно гэдгийг Ерөнхийлөгч болон тэнд ажилласан албаны хүмүүс хэллээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Баянхонгор аймагт очсон даруйдаа ажлын байр нэмэгдүүлж, хөгжиж урагшилж байгаа аж ахуйн нэгжүүдтэй танилцсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих