Улс төрчдийн үлгэр

Сонгууль хаяанд иржээ. 100 мянган айлын орон сууц, эх орны хишиг, утаагүй Улаанбаатар, хоёр Толгой, ядуурлыг бууруулна …  гэх мэт мянган үлгэрээ яриад эхэллээ.  Аль нэг намыг нь сонговол УБ-ын утаа арилаад, уурхайнуудаасаа мөнгө олборлоод, нийтээрээ орон сууцтай болчих ч юм шиг, сонгохгүй бол энэ бүгд байхгүй болчих юм шиг айлгаад. Өөр сонголт байхгүй, биднийг л сонгохгүй бол Таван толгой, төмөр зам, улсын хөгжил ярилтгүй гэсэн мессеж хийсгээд уналаа. Бүхэл бүтэн улс байна даа, орон сууц хэрэгтэй л юм чинь барилгаа ч барина. Уурхайгаа ашиглаж санхүүжих нь ч мэдээж. Тэдний мөрийн хөтөлбөр байхгүй л бол барилгажилт, уурхай, соёл, боловсрол, дэд бүтцийн бүтээн байгуулалт зогсчих гээд байгаа юм уу? Монголчууд мөхөх гээд мал нь өсөхөө байчих гээд байгаа юм уу? Улс орны баялгийг хэн бүтээдэг юм? Энгийн ардууд, та бид нар бий болгодог.  Уурхайчин та нүүрс, алт олборлоно, жолооч та түүнийг нь тээвэрлэнэ, малчин та малаа өсгөнө, эмч та тэднийг эмчилнэ, барилгачин тэдэнд барилгыг нь барьж өгнө, … тийм биз дээ? Ганзагачид нь ч бас хамжилцана.

Гэтэл энгийн ардууд маань хэт улс төржөөд баялаг бүтээгчид гэдгээ ч ухамсарлахаа болиод улс төрчид л амьдралыг нь дээшлүүлчих юм шиг тэдний намын мөрийн хөтөлбөрийг уншиж энэ нь ч дээр тэр нь ч буруу хэмээн мэдэмхийрээд. Улс төрөөр талцаж, хоорондоо тэмцэлдээд дуусдаггүй, тэгээд өөдөлдөг ч үгүй африкийн улсууд шиг л харагдаад байна.  Сонин гарчиглахаар л улс төр, зурагтаа асаахаар бас л улс төр. Хүмүүстэй уулзсан ч мөн л нөгөө улс төр. Бүгдээрээ улс төрийн академи төгсөөд ирсэн аятай. Нийтээрээ хийрхэнэ гэдэг л энэ байх. Тэгж тэгж сонгууль ч дуусна, сонгогдогчид ч 4 жил “хийдгээ”  хийнэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг араараа тавиулсан хойноо л мэднэ. Хичнээн сонгууль дамнан хэдэн жил энэ байдлаа давтах вэ? Гарц байна уу? Тэдний мөрийн хөтөлбөрт итгэж болох уу? Болохгүй бол хэнд саналаа өгөх вэ? Болох бол алийг нь дэмжиж дугуйлах вэ?

Манай улс төрийн намуудад мөрийн хөтөлбөрөө ягштал удирдлага болгоод, хэрэгжилтээ хянаад, биелэлтээ зөв дүгнээд цааш явах ёс суртахуун,  хүсэл эрмэлзэл бий юу? Тэдэнд монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх тогтсон аргачлал тооцоо, хоорондоо ялгарах улс төрийн үзэл баримтлал байгаа юу? Байгаа бол тэр нь төлөвшиж чадсан уу? Эсвэл зүгээр л хэсэг улс төрчид (олигархи гэвэл онох байх), бизнесийн бүлэглэлүүд хувийн ашиг сонирхлын тэмцлээ улс төр гэж нэрлээд байна уу?  Өөрөөр хэлбэл зүүний, барууны, ногоон … улаан, хөх, шар чигтэй (чимэгтэй намууд бол бий л дээ) намууд бий юу?   Байсан ч та биднийг гийгүүлэв үү?

Хэдхэн намыг сонгохын хооронд хэтэрхий олон асуулт тавиад байна уу?

Тийм ээ, энэ олон асуултад хариулах төвөгтэй. Гэхдээ бүгдээрээ нэг удаа ч гэсэн энэ сонгуулийг арай өөр талаас нь хараад хариулт өгөх гээд үзье.

Тэгэхийн тулд өөрийгөө улс төрч гэж бодохоо болиод харин яахав, юу хийж чадахав гэж асууя. Эхлээд энэ бодлоосоо салж байж асуултаа тавихгүй бол улс төр ойлгодог хүн болж энэ тэнд гүйж очоод намын батлах гардаж аваад (өөрийгөө нийгэмд чухал гэдгээ мэдрэх нь ер нь хүний араншин юм гэнэ лээ) ийш тийшээ ханарч давхиад дахиад л нөгөө солиорлоосоо гарч чадахгүй, чөлөөтэй сэтгэх боломжоо алдчихаад байх шиг байна. Өндөр хөгжилтэй орнуудад сонгууль болоход нийтээрээ улс төрөөр хийрхээд байдаггүй л юм билээ.

Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Бидэнд хийж чадах зүйл бий. Үндсэн хуулиар олгосон сонгох боломжийг ашигла, үр хүүхдүүдийнхээ алсын ирээдүйг харж зөв сонго! Энэ бол бидний хийж чадах хамгийн гол алхам. Ямар хүн сонгосноос үр, хүүхдийн чинь амьдрал аль нэг хэмжээгээр хамаатай болно гэсэн үг.  Та бидний үр сад боловсролтой, баян болбол тэр чинээгээр Монгол улс маань сүр хүчтэй, оршин тогтносоор байх болно. Дөрвөн жилдээ өөрсдийнхөө эрх ашиг, үзэл бодлоо илэрхийлэх төлөөлөгчөө сонгодог ганц боломж! Энэ боломжоо ашиглахгүй байх юм уу хэдэн төгрөг өгсөн намд санал дугуйлах нь ердөө л өөрсдийнхөө ирээдүй рүү нулимчихлаа гэсэн үг. Тэгсэн мөртлөө бас болоогүй тэднийгээ 4 жилийн турш хараагаастай, баялагийн шударга хуваарилалт яриастай, ашиг хүртэхээ нэхээстэй.

Хэдэн сонгууль нахин сонгогдсон мөртлөө төсөвийн мөнгийг хөөрхөн “зохицуулчихаад ” хөлжөөд явдаг гишүүдээ монголчууд цөөхөн юм болохоор мэдэж байдаг , тийм ээ? Гэнэт хагартлаа баяжаад танилууддаа тендер авч өгөөд  явдаг нутгийн чинь хүүгийн төрх бууж байна уу? Зарим УИХ-ын гишүүд, яам тамгын газрын түшмэдүүдийг яаж юуг идсэн, хэнтэй нөхөрлөж юу ярьж, яаж олзоо хувааж, хаашаа бараа чихэж, хэнд авилгал өгсөн … гээд амтай болгон яриад, мэдээд байдаг биз дээ?  Тэд нарыгаа дахин сонгохоо больчих. Бас бидний хийж чадах дараагийн алхам.

Амь амиа бодоорой гэдэг шиг ард та үр хүүхдээ л бод. Юун хаа холын Эн.., Ня.., Хү.., Ба ..,  Ал..  дарга нар … хувьсгалт, ардын, ардчилсан, ардчилаагүй .. дуучин, бөх, уяач, уран сайханч? Больё оо.

Тэднийг хүрээлэгсэд мэдээж тэр чигээрээ улаан хамгаалагчид, тэдэндээ л саналаа өгнө. Харин иргэн та тэдэн шиг алдах юмгүй бол 30 жилийн дараа ирэх хөгжилийн амлалтад битгий хуурт. 30 жилийн дараа наад хэд чинь байгаа ч уу үгүй юу,  та өөрөө ч тэр хөгжлийг нь хараа ч уу үгүй ч үү.  Сонгуулийн дараа өгөх эх орны хишиг, нэр дэвшигчдийн тарааж байгаа мөнгөнд битгий дулдуйд л даа. Тэгвэл та үр хүүхдийнхээ ирээдүйг хямдхан худалдчихлаа л гэсэн үг. Уг нь тэр хэдэн төгрөгнөөс чинь хэдэн мянга дахин илүү баялагийн хумсын толион чинээг нь л танд долоолгоод байгаа юм шүү дээ.

Хэдэн мянга дахин шүү. Кувейт, Бахрейн, Арабын Эмират … гээд байгалийн баялгаа ард түмэндээ хуваарилаад нийтээрээ чинээлэг яваа улсын жишээ зөндөө байна. Авилгалаа арчиж хаяад иргэншсэн нийгэмд амьдарч байгаа Швед, Финлянд, Норвеги … гээд өндөр хөгжилтэй улсууд ч олон байна.  Энэ улсуудын иргэдийн сарын орлого нь 2000 доллараас дээш. 12 сараараа үржүүлээд үз. Ганцхан жилд хэд болж байна? Тэгээд 5 жил, 10 жил гээд үржүүлээд үзэхгүй юу. Дараа нь намуудын амлаад байгаа эх орны хишиг, хүний хөгжил сангийн тэр сая таван зуун мянган төгрөгөө долларт шилжүүлээд тооцоод үз. Сая таван зуун мянган төгрөгийг (1000 гаруй доллар) хэдэн жилд  хэрүүлтэй, хүлээлттэй увуулан цувуулан авч байгаа билээ? Хүлээсэн жилүүдээ сараар нь хуваагаад үз. Хэдэн мянга дахин гээд байгаа нь үнэн байгаа биз? Та хэдэн төгрөгөөр худалдагдчихсан байна?

Нөгөө баялгийн хараал гэдэг чинь энэ мөн үү? Эсвэл эдийн засаг, улс төрийн номон дээр л байдаг үгүй бол зөвхөн африкт хамаатай, манайд хамаагүй эд үү?  Ядуурал, баялгийн хараал … юун ойрхон байна, аюул ойртлоо? Аль хэдийн биелэлээ олчихоод гэрийн чинь хойморт залраад авсан юм биш үү?  Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг саарын жишээ ч байна. Асар их байгалийн баялагтай мөртлөө хөгждөггүй Боливи, Нигери, Ангол…, барууны загвараар зэрэгцээд оршиж байгаа мөртлөө татаасаар хөгжсөн болж өрөө өсгөдөг Ирланд, Грек … гээд орнуудыг бас нэмээд санаарай.

Сонгууль болохоор л намууд ард түмэнд хишиг хүртээх тухай баахан цифр ярина. Монголчууд намын амлалт горьдож, улсаар тэжээлгэж суухаа больё, бэлэнчлэх сэтгэлгээнд автах нь, бүтээгчид болъё, тэр мөнгийг 2,7 сая хүнд тарааж өгч аманд ч үгүй хамарт ч үгүй болгосноос (Хүний хөгжил сангаас 1.5 их наяд төгрөг өнгөрсөн 3 жилд тараасан) эмнэлэг барих, үйлдвэрлэлээ дэмжих, орон сууцны хорооллууд барих, төмөр зам тавих гэх мэт өөр үр ашигтай юманд зарцуулдаг болъё гээд  дуугараад эхэллээ шүү дээ. Нийгмийн эмзэг бүлэгт харин ахиухан өг л дөө. Хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай тодорхой насныхан тэр мөнгөнөөс татгалзъя. Энэ бол бас л биднээс өөрсдөөс хамаарсан бидний хийж чадах зүйл.

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонсоод суух биш, шаардлагаа сөргүүлэн тавьдаг болъё.

УИХ-ын гишүүдийн тэрбумыг болиулъя. Гишүүд  яаж зарцуулсан нь бүрхэг өнгөрдөг үр ашиг муутай 76 тэрбумыг (55 орчим сая доллар) өөр сайн механизмаар зарцуулдаг болъё. Үүнийг бид сонгогчид шаардаж болох уу? Бидний чадах зүйл биш гэж үү? Мөнгө зарцуулах эрх хаа байна, тэнд мөнгө “зохицуулах ” сонирхол заавал байна. Чоно хонь хариулах гэх юм уу даа. Гишүүд нь компаний эзэд,  Их Хурал нь УИХ х.х.к .

Ашиг сонирхолд нь саад болсон нэгнийгээ зэрлэгээр хороочихоод олон жил илрүүлдэг ч үгүй, гадаадаас хууль зөрчиж нэг иргэнээ хулгайлж авчран хилс хэрэг тулган тамалж алчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй, жагсаал цуглаан хийлээ гэж 5 иргэнээ буудчихаад түүнээ нуудаг, УИХ-д хэлэлцсэн хуулийг нэг нь орондоо засч хэсэг бүлэг хүмүүст үйлчилчихээд төрийн өндөр алба хашиж явдаг, нийтийн өмч идэж шамшигдуулчихаад шүүх гэхээр хэлмэгдэл боллоо гэж ард олныг хагаралдуулдаг хүмүүсийг дахин улс төрд оруулж ирэх гээд байгаа юм биш биз дээ?

Энэ гажигтай нийгмийг өөрчлөх түлхүүр нь сонгогч таны өөрийн чинь гарт бий.  “Өмнө нь аливаа орны түүхэн үйл явцыг өөрчлөгч нь улс төрчид болон хаад, ноёдын хоорондхи зөрчил байсан бөгөөд түүнд ард олны (массын) зүгээс үзүүлэх нөлөө бараг байхгүй байсан байна. Харин өнөөдөр ард олны хүч давамгайлах болж энэхүү харьцаа   өөрчлөгдсөн аж. Ард олны үзэл бодол улс төрийг тодорхойлж, тэд дуу хоолойгоо нэгтгэн хувь заяагаа гартаа авдаг хандлага дэлхий даяар бий болоод байна” хэмээн 20-р зуунд гарсан нийгмийн харьцааны өөөрчлөлтийг францын алдарт нийгмийн сэтгэл зүйч, нийгэм судлаач Густав Лэ Бон “Ард олны сэтгэл зүй” номондоо тодорхойлсон байдаг. Цааш нь “Ард олны хүч нь сульдсан, үхсэн амьтны сэгийг идэж, задлан сүйтгэх микроб мэт хүчтэй ажгуу. Алив нийгэм ялзраад ирэхэд энэ хүч үүргээ гүйцэтгэж эхэлдэг бөгөөд түүхийн хуудсыг эргүүлэгч нь болдог” гэжээ.  “Улс төр бол зөвхөн улс төрчдөд найдаад орхих зүйл биш юм ” гэж Шарль Дэ Голь хэлсэн байдаг.

Ер нь сонгуульд оролцох нь зөвхөн эрхээ эдэлж байгаа ч биш бас үүргээ давхар гүйцэтгэж байдаг. Энэ эрх, үүргийн харьцаа нь нийгмийн хариуцлага хэр байгаагийн нэг үзүүлэлт,  нийгмийн соёл юм гэнэ лээ шүү.

Бид улс төрчдийн ярьдаг биелдэггүй үлгэрийг хэр удаан  сонсох юм бэ?

Үлгэр  тухайн үндэстнийхээ хүсэл, эрмэлзлийн толь гэвэл монгол ардын үлгэрт хутга тавилгүй наян жил найрлаж, жаран жил жаргана гэсэн нь дутах юмгүй нийгэмд амар сайхан жаргалыг эдэлье гэсэн бидний өвөг дээдсийн мөрөөдөл болов уу. Монгол үлгэрээ жинхэнэ амьдрал болгон эх нутагтаа эзэн шиг эрх тааваараа амьдрах уу эсвэл хүний ярьсан үлгэр сонсоод мөрөөдөөд суух уу? Энэ янзаараа цааш явбал гадныхан ч бидэнд үлгэр ярьдаг болсон даяаршсан нийгэмд амьдарч байгаа шүү, бид.

М.Чинбат


URL:

Сэтгэгдэл бичих