У.Уранцэцэг: Алдарт тенор Лучиано Павароттитой хамтарсан концерт тоглосон минь мартагдашгүй сайхан дурсамж

У.Уранцэцэг. Монголын бахархал болсон энэ бүсгүй өдгөө дэлхийн хэмжээний дуучин болжээ. Хатуу шалгууртай, хэр баргийн хүнийг “хүлээн зөвшөөрдөггүй” барууныхан түүний хоолойн цар хүрээг биширч байна. Үзэгчдийг алтан гургалдайн хоолойгоороо уярааж, дэлхийн сонгодог урлагийн тайзнаа “Монгол” хэмээх нэрийг дуурсгаж яваа У.Уранцэцэгт талархал илэрхийлье. Тэрбээр Милан хотоос бидний асуултад хариулсан юм.

-Монголчууд таныг эгч, дүү гурван Урнаагийн нэг гэдгээр сайн мэднэ. Багачууд өдгөөг хүртэл та гурвын дуулсан “Тавтай нойрсоорой” дууны аянд үлгэрээ сонсч, сурагчид өглөөний тухай дуугаар тань сэрж, хичээлдээ явцгаадаг. Харин таны ажил, амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Юуны өмнө та бүхэнд баярлалаа. Ажил, амьдралын минь хэмнэл жирийн хүмүүсийнхээс тэс өөр. Онгоцны буудал, аль эсвэл онгоц, таксины зогсоол, театр, зочид буудал гэсээр явтал нэг л мэдэхэд өдөр өнгөрчихдөг. Зарим үед ядардаг л юм. Ер нь аль оронд байгаагаас их зүйл шалтгаалдаг. Германы театрт ажиллахдаа өглөө эрт сэрэх хэрэгтэй. Учир нь театрын бэлтгэл сургуулилт 09:00 цагт эхэлдэг. Тиймээс ажилдаа биеэ бэлтгэх, бас хоолойны дасгал хийхийн тулд 07:00 цагт сэрэх жишээтэй. Франц улсад бол арай өөр. Тэнд театрын бэлтгэл сургуулилт 11 цагт эхэлдэг. Олон улсын театрын тайзнаа амьдралын минь ихэнх цаг хугацаа өнгөрдөг шүү.
Би хэдийгээр Италийн иргэн болсон ч Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваадаа бахархдаг.
-Таны байнгын хаяг ямар нэртэй хот вэ. Бидний асуултад хаана хариулж байна даа?
-Амьдран суугаа Милан хотоосоо та бүхний асуултад хариулж байна.
-Италид анх очиход чухам юу таны сэтгэлийг хамгийн их татсан бэ?
-Италичуудын хувьд, гэр бүл нь хамгийн үнэ цэнэтэй, эрхэм зүйл байдаг. Хүмүүс нь боловсролдоо анхаарч, хүний хөдөлмөр, сэтгэлгээ, оюун ухааныг үнэлж, дээдэлдэг нь надад маш их таалагдсан.
-Харь орны амьдралын хэмнэл, ахуй, соёл таныг их өөрчилсөн үү?
-Хэрсүүжиж, хүний үг сонсч сурлаа. Би их зөрүүд л дээ. Гэвч зөрүүд зан минь юунд ч хүргэхгүй гэдгийг их сайн ойлгосон. Олон орны янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй ажиллана гэдэг түвэгтэй. Монголчуудтайгаа цуг байвал зан араншингаа ойлголцоход амар. Харин одоо Канадын дуучинтай ажиллалаа гэхэд маргааш нь Америкийн нэрт дуучинтай ажиллах болдог. Тэдэнтэй ойлголцож, уран бүтээлийн дотно нөхөд болдогтоо баярладаг.
-Австрид тоглолтоо хийсэн гэж сонссон. Он гарснаас хойш ямар оронд аялан тоглолт хийв?
-Би Европын бүх оронд очиж, уран бүтээлээ толилуулсан. Өнгөрсөн оны аравдугаар сард Испанийн бүх хотод аялан тоглолоо. Энэ жил Франц, Испани, Австрид тоглолтоо хийсэн.
-Одоо ямар дуурьт тоглох вэ?
-Энэ жил нэлээд зав муутай байгаа. Францын Парис, Монтпеллиэр, Ницца, Италийн Тревисо, Жеси, Анкона, Удинэ, Фермо, Германы Эссен, Дюссельдорф, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Вольфганг Амедеус Моцартын “Шидэт лимбэ”, Ildebrando Pizzetti-ийн “Федра” дуурьт тоглож, мөн энэ дуурийн CD бичлэгийн ажлыг хийх учиртай. Үүнээс гадна Giovanni Battista Pergolesi-ийн “Stabet Mater”, George Frideric Handel-ийн “Alcina”  дууриудад дуулна.
-Таныг алдартай хүмүүсийн урилгаар дуулж байсан гэж сонссон. Сэтгэлд хоногшсон дурсамжуудаасаа хуваалцана уу?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард Палестины ерөнхийлөгч Францад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалд зориулж, Парис хотноо хүндэтгэлийн гала концерт тоглосон юм. Миний хувьд, уг тоглолтод Францын ерөнхийлөгч Никола Саркозигийн урилгаар дуулсан маань үнэхээр хүндэтгэлтэй санагдсан. Дурсамжтай сайхан тоглолтууд олон бий. Алдарт тенор Лучиано Павароттитой төрсөн хот Моденагийнх нь театрт хамтарсан концерт тоглосон явдал миний сэтгэлд гүн хоногшсон. Тэрбээр маш хөгжилтэй, алиа хошин зантай хүн байж билээ. Испанийн алдарт сопран Монтсеррет Кабалэтэй танилцсан минь их хөгжилтэй. Кабалэ намайг анх харчихаад “Монголоос ирсэн сопран хоолойтой дуучинтай танилцахад таатай байна. Ямар дуучин байдаг бол гэж их сонирхож байлаа” хэмээгээд чанга, чанга хөхөрч байсан. Мөн Италийн Sanremo хотод болсон дэлхийн дуурийн залуу дуучдад зориулсан олон улсын уралдаанд II байр эзэлсэн тэр агшин сэтгэлээс хэзээ ч гардаггүй. Тэр үед би Италийн тенор Andrea Boccelli-тэй танилцсан юм.
-Та уртын дуу дуулдаг уу?
-Уртын дуу сонсох дуртай. Монгол хүн болсон хойно дуулна аа, дуулна.
-Дуулна гэдэг удам дамжсан авьяас уу?
-Ээж минь уртын дууг их сайхан дуулдаг. Нагац ах нарыг маань монголчууд сайн мэднэ. “Ардын элч” кинонд Д.Сүхбаатарын дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин З.Галсанданзан, Монгол Улсын гавьяат жүжигчин З.Пүрвээ буюу хүмүүсийн сайн мэдэх Сэмбээ нар ээжийн минь төрсөн хоёр ах. Намайг 33 дугаар дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад З.Пүрвээ ах маань дуурийн театрт анх дагуулж очиж байсан. Тэр үед дуурийн тайзнаа Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн бэлтгэл сургуулилт болж байсныг хараад энэ урлагт дурлаж билээ. Аравдугаар ангиа төгсөнгүүтээ СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид шалгалт өгсөн ч орж чадаагүй юм. Гэвч хоёр жил дараалан шалгалт өгсний хүчинд СУИС-д орсон. Энэ дашрамд, намайг СУИС-д элсэхэд бэлтгэсэн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Цэнддорж багшдаа баярлаж явдгаа хэлье.
-Эгч тань “Парисын дарь эхийн сүм”, “Би эр хүнд хайртай” жүжгийн гол дүрд тоглож, үзэгчдийг бишрүүллээ. Том Урнааг ажаад байхад сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн шиг санагддаг. Та ч бас тийм зантай юу?
-Манайх ах, дүү олуулаа. Би айлын долоо дахь охин. Багадаа их адтай, сав л хийвэл сахилгагүйтдэг, үргэлж буу шийдэм барьсан эршүүд охин байлаа. Хүүхэд насны минь олон сайхан дурсамж бий. Эгч, дүү бид гурав томоохон тоглолтуудад оролцдог байсан. Одоо эгч маань жүжигчин, дүү минь олон улсын харилцааны мэргэжилтэн. Бүгд л урлагт элэгтэй, энэ салбартай салшгүй холбоотой хүмүүс болсон доо. Бидний хувьд, гүргэр зантай, аливааг нухацтай шийддэгээрээ адилхан. Аав минь тийм зантай хүн л дээ. Эгч, дүү бид гурвын үзэл бодол ч ойролцоо. Нэг нэгнээ харцаараа ойлгодог. Багаасаа тайзан дээр олны өмнө гараад сурчихсан учраас биеэ зөв авч явцгаадаг гэж бодож байна.
-Дуурийн эх орныг зорино гэдэг таны мөрөөдөл үү?
-СУИС-д Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн ангид сурч байгаад Италийг анх зорьсон. Итали хэл бие даан сурсан л даа. Дөрөвдүгээр курсээ төгсөөд зуныхаа амралтаар жуулчдад орчуулагч хийдэг байлаа. Тэгээд Киара гэдэг итали бүсгүйтэй танилцаж, “Ласкала” театрын мастер класс хэмээх мэргэжил дээшлүүлэх курст суралцсан юм.
-Харь оронд халшрах, эх орон руугаа буцмаар санагдах үе тохиолдож байсан уу?
-Мэргэжил дээшлүүлэх курст суралцсаныхаа дараа би Италид ¹1-д тооцогддог “Джузене Верди консерватур”-т шалгалт өгч тэнцэн дөрвөн жил суралцсан. Дараа нь докторын зэрэг хамгааллаа. Хүн бүрт л бэрхшээл тохиолддог. Тэр болгонд шантарч, сөхрөөд байвал зорилгодоо хүрэхгүй шүү дээ. Надад уйлах үе бишгүй л байсан. Би их хор шартай, аливааг дуусгаж байж санаа амардаг хүн. Энэ зан маань надад тус болсон. Итали оронд дасан зохицоход тийм ч хэцүү биш. Италичууд ерөнхийдөө монголчуудтай төстэй зантай. Чанга дуутай, гараа савлаж ярина. Тийм болохоор надад өөр ертөнцөд оччихсон мэт огт санагдаагүй.
-Францын Тэргүүн хатагтай Карла Бруни таны дуулахыг сонсоод биширсэн гэсэн. Танд яг юу гэж хэлсэн бэ?
-Карла Бруни бол загвар өмсөгч, дуучин. Тэрбээр дэлхийн таван хэлээр чөлөөтэй ярьдаг итали бүсгүй. Өөрийгөө “Цэнхэр цустай” гэж байсан. Үнэхээр ч Францын Тэргүүн хатагтай язгууртан гаралтай. Хэдийгээр хүмүүс түүнийг “Ихэмсэг харагддаг” гэдэг ч надад их энгийн, дотно сэтгэгдэл төрүүлсэн. Надтай гар барин “Дуулахыг тань биширлээ” гэхэд их сайхан санагдсан даа.
-Хүмүүс тайзыг “Хатуу шүүлтүүртэй, харгис” гэх нь олонтаа. Дуурийн “хэл”-ийг эх хэл шигээ ойлгодог болчихсон италичууд танд “Урнаа, чамд баяр хүргэе!” гэж хэзээ анх хэлсэн бэ?
-Италид ажлаа хэн сайн хийж байна вэ, тэр хүнд урам хайрлаж, амжилт хүсэх хүмүүс олон. Оюутан болсноос хойш анхны шалгалтаа өгсний дараа дууг минь сонссон үзэгчид баяр хүргэж байсан.
-Таныг дуурийнхан “Их ховор хоолойтой дуучин” гэдэг. Нэг тийм нарийхан?
-Тийм ээ, миний хоолой маш ховорт тооцогддог. Мэргэжлийн хэллэгээр бол калотурний сапрон гэж нэрлэдэг юм. Алтан гургалдайн буюу бүр нарийн хоолой шүү дээ. Ийм хоолойгоор дуулж байгаадаа бахархдаг. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч ¹1 гэхгүй.
-Бидэнд гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Та хоёр Италид танилцсан уу?
-Нөхрийг маань Андрей Мария Коццоли гэдэг. “Заяаны хань зам дээр” гэдэгчлэн бид анхны харцаар бие биедээ дурлацгаасан. Бид хоёр Монголд танилцсан л даа. Тэр үед нөхөр маань Улаанбаатарт ирээд хоёр жил болсон байсан. Бид Австрид байртай. Тэнд өвөл долоо хоног амарч, Альпийн нуруунд гулгах дуртай. Харин зундаа Италийн Комо нуурын эрэг дээрх байрандаа амьдардаг.
-“Чемоданаа чирээд нэг орноос нөгөө орныг зорьдог” гэлээ. Ингэхэд та стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Францад байхдаа Турк саунд ордог. Испанид бол Тулун хотод очиж, массаж хийлгэнэ. Өөрийгөө их бөөцийлнө өө. Эмэгтэй хүн, тэр тусмаа тайзан дээр хөлс хүчээ шавхаж буй учраас биедээ анхаарал тавих хэрэгтэй.
-Франц бол дарсны эх орон. Ямар дарсыг таашаадаг вэ?
-Би улаан дарсанд дуртай. Италийн Бонардо, Францын Шатоу дарсыг таашаадаг.
-Миланд амьдарч байгаа хүнтэй хувцас загварын тухай ярихгүй өнгөрвөл алдас болно.  Алдартай брэнд, үнэртэн, унших дуртай ном гэхмэтчилэн олон зүйлийн тухай асуумаар санагдлаа?
-Загварын хот Миланд амьдардаг байж “Загвар сонирхдоггүй” гэж хэлж чадахгүй. Милан бол бүх зүйлээрээ нүд баясгам сайхан, Европын загварын чиг хандлагыг тодорхойлдог газар шүү дээ. Би хөгжмийн зохиолчдын амьдрал, уран бүтээлийн тухай ном унших дуртай. Эмэгтэй хүний гоёлд цүнх, гутал чухал үүрэгтэй байдаг. Make up-ийн хувьд дуурийн дуучид их хүнд будаг хэрэглэдэг. Тийм учраас арьсаа сайн амраах хэрэгтэй. Би “Волксваген” унадаг. Харин брэнд гэж нэг их хөөцөлддөггүй. Биед эвтэйхэн, чанартай хувцас л сонгодог. Сүрчигний хувьд Giorgio Armani-ийн Gode-г хэрэглэж байна.
-Очсон улс, хотуудаасаа ямар зүйл дурсгал болгон авдаг вэ?
-Тухайн орон юугаараа алдартай вэ гэдгийг бодолцож, дурсгалын зүйл худалдаж авдаг. Салисбургаас Моцартын хөрөг зураг, Испанийн Алмагро буюу монголчуудын сайн мэдэх Дон Кихотын төрсөн хотоос өөртөө гар урлалын бүтээгдэхүүн дурсгал болгон үлдээлээ. Би эртний хөгжмийн зохиолчдын гар бичмэлүүд цуглуулдаг. Цуглуулга маань нэлээд арвижсан.
Хамгийн дуртай цэцэг?
-Lilium гэдэг маш том навчтай, гоё үнэртэй цэцэгт дуртай. Цэцэг хүний амьдралд сайхан мэдрэмж төрүүлдэг гэж боддог.
-Мөнгөний талаар таны бодол?
-Амьдралыг амарчлахад зориулагдсан хэрэгцээ юм болов уу. Бид бүгд л бие, биенийхээ дутууг нөхөж амьдардаг шүү дээ. Харин заавал цаг гаргаж хийх шаардлагатай зарим зүйлийг мөнгө хялбархан шийдэж өгдөг.
-Эмэгтэй хүн үргэлж залуу сайхнаараа харагдахын тулд юу хийх ёстой вэ. Таны зөвлөгөөг сонсъё?
-Үргэлж хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөн гэдэг бол хүний эрүүл амьдрахын үндэс юм. Мөн хэзээ ч өөрийгөө “Би хөгширч байна” гэж бодож болохгүй. Тэгж бодох л юм бол сэтгэхүйгээ даган хөгшрөөд, сэтгэлээр унах болно шүү дээ. Тэгэхээр өөртөө итгэлтэй, өөдрөг байх хэрэгтэй.
-Ямар бэлэг авах дуртай вэ?
-Нэг их хэрэг болдоггүй зүйл, бас дотуур хувцас бэлгэнд авах дургүй. Хүнд тохирсон бэлэг өгнө гэдэг тухайн хүнээ хүндэлж байгаагийн илрэл болов уу. Хамгийн сайхан бэлгийг гэр бүлийнхэн, дотны найзууд маань надад бэлэглэдэг.
-Та Италид ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа  холбоотой байдаг уу?
-Элэг нэгтнүүдтэйгээ холбоотой байлгүй яах вэ. Би хаана ч очсон монгол хүн шүү дээ.
-Гэрээ их санаж байна уу. Энэ зун ирэх үү?
-Ээж, ааваа их санадаг. Гэхдээ интернэтээр бие биенээ харж, өдөр бүр холбоо барьж байна. Би энэ зун эх орондоо очиж амжихгүй. Ажил ихтэй байгаа.
-Монголын дуурийн тайзнаа үзэгчид таны дуулахыг хэзээ сонсох вэ. Тэд хүлээсээр л байгаа?
-Би монгол хүн учраас эх нутагтаа очиж, дуулахыг маш их хүсдэг. Миний дуулахыг сонсохыг хүссэн, бас хүлээсэн, дэлхийн сонгодог хөгжмийг ойлгодог хүн олон байгаа байх. Хэзээ нэгэн цагт Монголынхоо тайзнаа дуулна гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье!

Б.ТЭРГЭЛ

info


URL:

Сэтгэгдэл бичих