Чоно борооноор, ТББ-ууд сонгуулиар…

Саяхан нэг танил маань утсаар яриад уулзах хэрэгтэй байна гэв. Их л чухал асуудал гэсэн болохоор ажлаа зохицуулаад яваад очлоо. Удаан уулзаагүй бидэнд ярих зүйл их байсан ч нэг салбарт ажилладаг болохоор улс төр, сонгуулийн эргэн тойронд ярилцав. Нэлээд суусны эцэст бидний яриа сонгуулиар яаж “ашиг” олж байгаа асуудал руу хэлбийлээ. Мань хүн нэг ТББ байгуулахаар бичиг баримтаа бүрдүүлж, оюутан залуусыг эгнээндээ нэгтгэсэн юм байх. Тэр байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүнээр намайг оруулахаар шийдэж, бичиг баримт, цээж зураг, анкет бөглүүлэх гэж ирсэн зорилгоо цухуйлгав. Харин энэ байгууллага гишүүдийнхээ эрх ашгийн төлөө буюу оюутан залуучуудын эрхийг хамгаалах зорилгоор байгуулагдаж байгаа гэсэн ч нэр дэвшигчдийн PR, сонгуулийн сурталчилгааг хийх далд зорилготой юм гэнэ. Гишүүдийн зүгээс санал ирүүлсэн гэдгийг хэлж байсан юм. Нууц хадгалж чадахгүй янзын нөхөр байна гэж намайг ирж зэмлэх нь мэдээж. Гэхдээ сонгуулийн жил, тэр дундаа шинэ Сонгуулийн хуулиар ил цагаанаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тараах хуудас, цахим хуудас ашиглан сурталчилгаа хийх, цаашлаад мөнгө тарааж болохгүй гэсэн учраас энэ байдлыг нь нарийн ажигласан ТББ хэмээх нэртэй хэсэг бүлэг хүмүүс сонгуулийн сурталчилгаа хийж эхэлсэн нь тодорхой болж байна. Өнгөрсөн өвөл би бас нэг ТББ-ын удирдах зөвлөлд бүртгүүлж, анкет бөглөж байсан санагдана. Тухайн үедээ иймэрхүү далд захиалга байдаг гэдгийг мэдэхгүй учраас нийгмийн ажилд идэвхтэй оролцох нь дээр гэж бодоод бүртгүүлж байсан юм. Одоо нөгөө хэд маань хэзээ утасдаж “сонгуулийн сурталчилгаагаа хий” гэж хэлэх бол хэмээн чих тавьж сууна. Мэдээж нэг өдөр утасдана. Одоо сезон нь орж байгаа учраас тэр шүү дээ. Шинэ сонгуулийн хуулиар мөнгө тараах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, уулзалт, тоглолт ивээн тэтгэж болохгүй гэж зааснаас ашгийн бус байгууллага болох ТББ-ыг санхүүжүүлж, тэднээр сурталчилгаа хийлгэхийг хориглоогүй учраас тэд хүссэнээ хийж, хүссэн хүнээсээ мөнгө авч, иргэдийн толгойг угаана. “Сайн байна уу? манайх Төрийн бус байгууллага байгаа юм. Манайх нэг судалгаа хийж байна. Та дүүрэгтээ нэр дэвшиж байгаа ……..гишүүнийг дэмжиж байгаа юу” гэх юм уу эсвэл “Манай гишүүнчлэлд элссэн гишүүдийн эрх ашиг, оюутан залуучуудын төлөө дуу хоолой нь болох эрхэм нэр дэвшигч………..-ийг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Бидний дуу хоолой болох хүн төрд хэрэгтэй байна” гэсэн уриа, лоозон хэдийн явагдаж эхэлсэн. Чоно борооноор гэгчээр сонгуулийн дуулианаар ТББ-ууд шил шилээ даран байгуулагдаж эхэлсэн гэдгийг энэ мэт олон жишээ харуулж байгаа юм. Төрийн бус байгууллагын тухай хууль 1991 онд батлагдсан байдаг. Батлагдсан хуулиар хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёо, төрийн бус байгууллагын гишүүнчлэл, явуулах үйл ажиллагаа, тус байгууллагыг байгуулах зорилго, үйл ажиллагаанд оролцох эрхийг бүрэн тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр төрийн бус байгууллага гэдэг нь иргэд, байгууллага /хууль тогтоох гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол үзэл бодлын сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус удирдан явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлээд байгаа юм. Тэд дотроо гишүүддээ үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг гэж хуваагдахаас аль нэг улс төрийн намд үйлчилдэг гэж байхгүй байгаад учир байна.  Хэрвээ төрийн бус байгууллага нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомжоо ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн бол шүүхээс албадан татан буулгаж болно гэж хуульд нь заачихсан учраас хэн нэг эрхтэн дархтан, мөнгөтэй хүний төлөө үйлчилж байгаа ТББ-уудын үйл ажиллагаа, тайлан тооцоог шалгаж шаардлагатай бол борооны дараахь мөөг шиг олон болсон эдгээр байгууллагыг цэгцэнд нь оруулбал яасан юм бэ. Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж хуульдаа заачихаад СЕХ, болон бусад албан тушаалтан өнгөрсөн сонгуулийг луйвардсан талаар мэдээлэл хийсэн байгууллагын гишүүдийг захиалгаар явж байгаа намын гар хөл гэж хэлж байсныг олон удаа сонсч байсан. Одоо тэр “гар хөлүүд” чинь жинхэнэ ажлаа эхэлж, иргэдийн  тархийг угааж байгаа юм биш үү.

Б.Өнөртогтох


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих