Гадаадын иргэн Монголд тагнуул хийж байсныг илрүүлжээ

Гадаадын тусгай албаны гишүүн Монголд суурьшиж, тагнуулын үйл ажиллагаа явуулж байсныг 2011 онд манай тагнуулын ажилтнууд илрүүлсэн байна. Аль улсын хэн гэгч энэ хэргийг үйлдэв гэдгийг ТЕГ-ынхан одоогоор нууцалж буй юм. Түүнээс гадна гадаадын тусгай албанд элсэж, эх орноосоо урвасан, харийнханд мэдээлэл дамжуулсан Монгол Улсын дөрвөн иргэнийг манай тагнуулчид илрүүлэн ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан талаар тагнуулынхан оюутнуудыг байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулах үеэрээ мэдээлсэн юм.

Тэд үндэсний аюулгүй байдалтай холбоотой болон стратегийн орд газрын тухай мэдээллийг DVDнд хуулбарлан гаднын тусгай албаныханд худалдсан хэрэгт холбогдсон аж. Түүнээс гадна манай тагнуулын ажилтнууд хилээр алт хууль бу саар гаргах гэж байсан олон тохиолдлыг илрүүлж, улс орны эдийн засагт онц их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чаджээ.

Зөвхөн 2011 онд гэхэд БНСУ, БНХАУын иргэд хууль бусаар гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх алт хил давуулах гэж байсныг тагнуулынхан илрүүлсэн бөгөөд өмнөх онуудынхтай нийлүүлээд тооцоход 11 тэрбум төгрөгийн алт харийнхны гарт орсон байжээ. БНСУ-ын иргэд манайхаас онц их хэмжээний алт хил давуулах арга үйлдэл нь улам нарийсч байгаа бөгөөд шулуун гэдсэндээ нуух, суга таягны төмөр хоолойд хийх гэх зэргээр хууль бус үйлдэл гаргахаар завдсаар байгаа юм. Харин энэ бүгдийг тагнуулынхан илрүүлэн таслан зогсоож чаджээ.

Г.ОРЧЛОН


URL:

Сэтгэгдэл бичих