“Мод тарих үндэсний өдөр” тохиож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал тааламжгүй байгаа ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргээс Сэлбийн голын эрэг дагуу мод тарьж байгаа бол МоАХ-ны эмэгтэйчүүд хотын төвд, С.Зориг агсны хөшөөний эргэн тойронд цэцэг тарьж, тохижуулах ажил хийж байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд төв зам дагуу, цэцэрлэг, гудамжинд мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажил зохион байгуулж буй байгууллага, хамт олны ажил ундарч байна. Төрийн өндөрлөгүүд ч мөн энэ өдөр мод тарих ажилд нэгдэх юм.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль хамгаалах газраас хамтран Барилгачдын талбайд өчигдөр зохион байгуулсан “Ногоон хот аян-2012” бүх нийтийн байгаль орчны өдөрлөгт ой мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцсон. Тэдний зүгээс иргэд, олон нийтийг байгаль хамгаалах, мод тарих үйлст уриалах, экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага зэргээр хангаж байв. Түүнчлэн мод тарих өдрийг угтаж, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүндээс иргэдэд улиас, хайлаасны суулгац үнэ төлбөргүй тараасан юм.
Д.ЖАРГАЛСҮРЭН
URL: