Намуудын мөрийн хөтөлбөрөөс амлалт, хайр халамж бага ”үнэртэж” байна

Сонгуулийн хамгийн “үзүүштэй сюрприз” бол намуудын мөрийн хөтөлбөр. Улс орон, хувь хүний хөгжлийн ойрын төлөв хандлагыг мөрийн хөтөлбөрүүд тодорхой хэмжээгээр агуулж байдаг болохоороо ийн анхаарал татах нь зүй хэрэг. Монголд МАН болон АН гэсэн улс төрийн хоёр лидер хүчний гарт ихэнхдээ засаглал хуваарилагддаг. Тиймээс сонгогч олон энэ хоёр намын сонгуулийн хөтөлбөрт илүү анхаарал хандуулдаг нь тодорхой. МАН зүүний төвт үзэл баримтлалтай бол АН баруун үзлийг ул сууриа болгодог. Тиймээс улс орны хөгжлийн төлөөх зорилго нь ижил боловч түүнд хүрэх арга механизмын хувьд харилцан адилгүй байх нь тодорхой. Энэ бүхэн нь мөрийн хөтөлбөрт л тусгалаа олдог.

2012 оны сонгуульд МАН “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” гэсэн уриатайгаар оролцож байна. Тус нам “Ард түмнээ сонсоё” аяныг хоёр жилийн турш улс орон даяар зохион байгуулж, иргэдийнхээ санал бодолд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. МАН 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Ирээдүйдээ итгэлтэй, элбэг хангалуун амьдралтай, урам зориг бүхий ард иргэдтэй, хөгжингүй Монгол орныг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг агуулсан” хэмээн тодорхойлж байгаа. Үүн дээрээ бас шинжлэх ухааны үндэслэлтэй, бүрэн хэрэгжих боломжтой хэмээн тодотгосон байна билээ.

-Мөрийн хөтөлбөр сайн муу, илүү дутуу гэхээсээ илүү хэрэгжих бүрэн үндэслэлтэй байх нь л сонгогчдын хувьд хамгийн чухал.
Харин АН-ын хувьд “Монгол хүн 2020” аяныг зохион байгуулж, мөн л иргэдийнхээ дуу хоолойг хөтөлбөртөө тусгаж өгсөн нь тодорхой. Энэ, тэр намынх гэхээсээ илүү мөрийн хөтөлбөр бол сонгуулийн хугацаанд улс орноо хөгжүүлэх нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн, нэгэн бодлын намуудын ухаанаа уралдуулсан хөгжлийн программ билээ. Дээрх хоёр намын энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ард түмний санаа бодлын илэрхийлэл болж байгаа хэлбэрээрээ ижил төстэй гэж ойлгогдож байна.
МАН мөрийн хөтөлбөрөө хөгжлийн харилцан шүтэлцээ бүхий дөрвөн гол тулгуур дээр түшиглэн боловсруулжээ. Тэр дөрвөн гол тулгуур гэвэл нэгд: Хүн-нийгмийн бодлого, хоёрт: Хүн-байгаль экологи, гуравт: Хүн-эдийн засгийн хөгжил, дөрөвт: Хүн-шударга ардчилсан засаглал. Үндсэн ийм дөрвөн тулгуур дээр нийгэм эдийн засаг, хүний хөгжлийн гол бодлогыг зангидан илэрхийлжээ. Энэ дөрвөн тулгуурт зорилтынхоо утга санааг мөн товч тодор­хой байдлаар зангидаж илэрхийлсэн. Тухайлбал, Хүн-нийгмийн бодлого бүлгийнхээ нийтлэг зорилгыг ‘Тогтвортой орлоготой, тохилог орон гэртэй, оюунлаг, эрүүл монгол хүний төлөө” гэсэн товч санаагаар илэрхийлсэн байна билээ. Түүнчлэн Хүн-байгаль экологи тулгуурт бодлогын “Байгальдаа ээлтэй хөгжил, хүндээ таатай орчин хэмээн товчоор тодорхойлсон бол, Хүн-эдийн засгийн хөгжлийг “2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12000 ам долларт хүргэх”- ээр тооцоолжээ. Харин дөрөв дэх бүлэг буюу Хүн-шударга ардчилсан засаглалын бүлэг хөтөлбөрөө ‘Төрийн үйлчилгээг сайжруулъя, түмний оролцоог хангая” хэмээн тодотгосон байна.

Иргэн бүрийг өндөр бүтээмжтэй, цалин хөлс, сайтай, тогтвортой ажлын байртай болгохоор зорьж, энэ зорилгынхоо хүрээнд 300 мянган ажлын байр шинээр бий болгох, Монгол хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Төгрөг+20” хөтөлбөр хэрэгжүүлэх, 40 мянгаас доошгүй айл өрхийг хувийн туслах аж ахуйтай болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх, байгалийн баялгаас олсон орлогыг зарцуулах асуудлыг ард түмний санал асуулгаар шийдвэрлэдэг болох, орлого багатай өрхөд ам бүлийн тоог харгалзан мөнгөн тэтгэмж олгох зэрэг шинэлэг, иргэд рүүгээ чиглэсэн олон санаа МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байна билээ.

Ерөнхийд нь харьцуулан жиших зорилгоор АН-ын энэ талаарх мөрийн хөтөлбөрт туссан зарим зорилтуудыг товчхон дурдъя. Тэд ажилтай орлоготой монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгохын тулд өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгохыг эдийн засгийн тэргүүлэх зорилтоо болгоно гэжээ. Мөн Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлыг үргэлжлүүлэх, түүнчлэн сумын хөгжлийн санг300 саяас доошгүй төгрөгөөр бүрдүүлэх гэхчлэн олон зорилтыг хөтөлбөртөө тусгажээ.

Манай сонин дараа дараагийнхаа дугааруудад намуудын мөрийн хөтөлбөрийг бүлэг, салбар чиглэлээр нь харьцуулан тодорхой өгүүлэх тул энэ удаад зөвхөн ерөнхий ойлголтыг л өгөх зорилго агуулж байна. Тиймээс товч тоймлох хэлбэрээр хүргэж байгааг уншигчид болгоох биз ээ.

Улс төрийн барууны чиг баримжаатай гэлцдэг АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дээр өгүүлсэнчлэн “Монгол хүн 2020” аяны хүрээнд ард түмнээсээ сонссон санаа бодол дээрээ тулгуурлан боловсруулсан байж таарна. Ингэхдээ хүний хөгжлийг гол сууриа болгосон нь хөтөлбөрөөс анзаарагдаж байна. Тус намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр үндсэн таван бүлэгтэй. Тэдгээрийг дурдвал: Эрүүл чийрэг монгол хүн, Эрдэм боловсролтой монгол хүн, Ажилтай орлоготой монгол хүн, Аюулгүй орчинтой монгол хүн, Эрх чөлөөт Монгол хүн гэсэн бүлгүүд байна. Эдгээрээс хамгийн олон асуудлыг өргөн цар хүрээтэй тусгасан нь Ажилтай орлоготой Монгол хүн бүлэг бөгөөд “Хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт” байхаар тодорхойлсон байна. Эндээс Монгол Улсын эдийн засагт ойрын ирээдүйд төлөвшүүлэхээр зорьж байгаа дүр төрх аяндаа анзаарагдах байх.

АН хөтөлбөрөө нэлээд товч тодорхой байдлаар боловсруулсан бол МАН дотор нь задалж, илүү нарийвчилсан байдлаар боловсруулжээ. Тухайлбал ‘Төрийн сахилгыг чангатгах” тухай тодорхой хэсэг орсон нь нэлээд өвөрмөцөөр анзаарагдаж байна билээ.

Хоёр намын мөрийн хөтөлбөрүүдээс анзаарагдаж байгаа нийтлэг нэг.зүйл гэвэл урьд жилүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээс нэлээд шинэлэг, амьдралд илүү ойр дөт, хэрэгжих боломж үндэслэлийг сайтар тооцсон, амлалт, хайр халамж бага үнэртэж байгаа явдал. Хамгийн гол юм гэвэл урьдын утопи шинжээ гээж, амлалтаар бус амьдрал дээрээс “ургуулсан” болохоор хэрэгжих магадлал өндөртэй хөтөлбөрүүд болж байгаад нь иргэд талархалтай хандах байх. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн хөтөлбөр гэж ойлгох хэрэггүй л болов уу.

П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих