Гадныханд босго тавих гээд хөгжилд тушаа болох вий

Энэ хавар гадныхан хоорон­доо Монголын баялгийг наймаал­цаж эхэлсэн нь маргаан дуулиан дэгдээж төр засгийг түргэн авахуу­лаад байгаа. Өмнөговь аймгийн баруун хэсэгт бас нэг том нүүрсний уурхай бий. Хэмжээ нь тус аймгийн зүүн хэсэгт нээгдсэн Таван толгойн уурхайгаас дутахааргүй. Энэ ор­дын лицензийг Канадын Айвенхоу майнзын охин “Өмнийн говийн элс” компани эзэмшдэг.

Харин Айвен­хоу энэ ком­панийнхаа хувьцааны 56.7 хувийг “Чалко” компанид за­ра­­хаар наймаа ярьж эхэлсэн. Харин тэр компани нь ху­вийнх биш, тө­рийнх байж. Шуудхан хэлэхэд БНХАУ-ын нам засгийн бодлогыг манай Өмнөговь аймгийн Гурван­тэс дэх уурхайд хэрэгжүүлэх бо­лол­той. Ингээд хоног хугацаа тулсан асуудал дэгдэж Хятад, Канадын компаниуд Мон­голын ордыг наймаалцахаас урьтаж ма­найхан гадаадын хөрөнгө оруу­лал­тыг зохицуу­лахаар хууль гаргах юм болов. Сүүлдээ хуулийн төс­лийн хавтгайрал хэтэрч эдийн засгийн гол гол салбараа бараг бүхэлд нь стратегийн гэх томьёололд оруулдахав. Төрийн, хувийн гэж ялгалгүй гадаадынх бол хянах, хяз­гаарлах гэсэн өнгөөр энэ хуулинд ханджээ.

“Стратегийн ач холбогдол бү­хий аж ахуйн нэгжид гадаа­дын хөрөнгө оруулалтыг зо­хи­цуулах тухай” энэ хуулийн төсөл уг нь ноднин уржнан ч билүү явж байсан. Тухайн үед өнөөдрийн “Чалко”, “Саус­гоби сэнд” шиг явдал тохиол­дож байгаагүй, тэгээд ч сон­гуульд нөлөөлчих асуудал биш тул чуул­ган болгоноор хойш нь тавьсаар ирсэн. Одоо энэ хуулийн төсөл баа­раггүй батлагдана. Яагаад гэвэл яг одоо эх орон, ард түмэндээ хайр зарладаг цаг үе нь. Чуулганы танхимаас гишүүдийн “Наад муу га­даа­дын хөрөнгөтнүүдийг битгий давраа, хөөж явуулсан ч яадаг юм, за­рим компаниуд гадаадын гар хөл болоод ард түмнийг минь, улс орныг минь шулах гэж буй санаарх­лыг таслан зогсоо, Хөрөнгөжөөд байгаа зарим нөхдүүдийг төр хя­нал­тандаа авч чангалах хэрэгтэй, эрхээ эдэлж үйл ажиллагааг нь хаасан ч яадаг юм…” гэх эх оронч шүүмж­лэлийг ард түмэн зурагтаар  сонсож эрэл­хэг хөвгүүдээрээ ба­хархана. Ингээд хэт туйл­ширвал эргээд “төрөөс бусад нь өмчгүй” цаг үе рүүгээ ух­раад марш гэсэнтэй адил болно.

Сонгууль дууссаны дараа амьд­рал үргэлжилдгээрээ үргэл­жилнэ. Тэр цагт энэ хууль улс орны хурдацтай хөгжилд чөдөр болж мэдэ­хээр байгаа юм. Хуулиасаа илүү хуулийг хэрэгжүүлэгч төрийн алба түүнд ажиллагс­дын чадамж ёс суртахуун мөн ч бэрх шүү дээ. Хуулийн энэ төсөл дээр хэд хэдэн эргэл­зээтэй зүйл анги байна. Ту­хайлбал Монгол Улсын стра­тегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжийн тоо хэдэн ар­ван мянгад хүрэх нь, хуу­лийнх нь тодорхойлолт тийм юм. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг гурван компанийн нэг нь стра­тегийнх болох нь. Тэр стра­тегийн салбарт ха­маа­рах аж ахуйн нэгж биш юм гэхэд 100 тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй компани бүр авто­матаар стратегийн ач холбогдол­той болно. Гадаа­дынхантай хам­тарч ажиллах тохиолдолд төр засгаас заа­вал зөвшөөрөл авна, төрийн компани уу, хувийн хэвшил үү гэдгээс үл хамаарна. Засгийн газраас гадаадын компани нь тэднийд их л сайндаа 49,9 хувь хүртэлх хөрөнгө оруул­сан байвал зөвшөөрөл өгнө. Амьдрал дээр тэр 100 тэрбум нь төгрөгийн ханшаас шалт­гаалж нэмэгдэх, унах тоолонд  хууль нь мэдрэмжтэй хандах уу. Хоёр аймгийн хооронд зам тавих хөрөнгөн дээр хүртэл том улс төр, үндэсний аюулгүй байдал яриад хууль уншаад хамаг ажил гацаачих вий дээ. Өнөөдөр бид нэг үеэ бодвол том том төсөл ярих бэлтэй болжээ. Тавдугаар цахилгаан станц, мет­ро гээд. Хувийн компаниуд Кон­цессийн хуу­лиар том том төсөл дээр эрсдлээ тооцоод зориглоод үзье гэх болж. Тэр үед энэ хууль өндөр техно­логи нэвт­рүүлж, хөг­жил дэв­шил үзэх боломжийг минь хаачихгүй байгаа. Хууль нь бат­лагдвал түүнтэй хол­боо­той баахан журам, тогтоо­луудыг албан бай­гууллагууд үйлдвэрлэж өгнө. Тэр тоолон­гоор гарын үсэг зурах хүний тоо нэмэг­дэж, илүү харж би­лүү долоо­сон хяналтууд бат­гана ялаа шиг шавцгаан ху­вийн хэв­шийнх­нийг мөлждөг. Ядаж асуудлыг шударга шийдчих­дэг бол хамаа алга. Төрийн албыг данхайлаа, хэтэрхий үрэлгэн байна энэ тэр гэж улс ядуу байхад шүүмжилдэг байв. Одоо энэ сонин биш. Угаасаа хийе л гэвэл Монголд өнөөдөр төрд ч бай хувьд ч ялгаагүй ажлаас их юм алга. Хамгийн гол нь хурдан бөгөөд шударгаар шийдээд өгдөг тийм тогтол­цоо чинь хаана байна. “Цом­хон чадварлаг” гэдэг томьёо­лол бүтэхгүй юм билээ. Оронд нь зөв оношло­гоог чирэгдэл багатай ил тод, тэр дор нь гаргаад ирвэл том бүтээн байгуулалтанд төрийн оруу­лах хамгийн том тус нь тэр.

Хуу­лийн нэр то­мьёонд “Мон­голын тал” гэж хувь ху­вьсгал нь ялгаг­дахгүй бүрэг бараг тодор­хойлолт оруулс­ныг ерөөс ойлгоо­гүй. Хувийн хэвшлийн хөрөнгө дутахаар нь төрийн нэрийн өмнөөс хий тоо нэмэх гээд байгаа ч юм шиг. Хөрөнгө дутсанаас болж Монголын талын гэх хувь эзэмшлийн цаана хүний талын хичнээн нуугдмал хувь, ашиг сонир­хол бий болох бол. Хяналт зохицуулалт нь  хэтэр­сэн хуулийн орчинд ил байсан юм далд болж, илүү аюултай болдгийг Америкийн хуурай хуулийн түүх харуул­сан. Хувийн хэвшлийнхэн энэ хуулийг зарчмын хувьд дэм­жиж байгаа ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий гэж болгоомжилж байгаа. Тэд бүх зовлон жаргалыг хамгийн сайн мэднэ. Тэднээс га­даа­дын хөрөнгө оруулалтыг яаж шуудхан зохицуулбал улс оронд тустай байх талаар асуугаач.

Ж.ГАНГАА


URL:

Сэтгэгдэл бичих