Авлигачдыг битгий сонго
Ирэх сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд өнгөрөгч долоо хоногт мөрийн хөтөлбөрөө гаргаж, Сонгуулийн болон бусад хууль тогтоомжийг зөрчиж буй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад өгсөн билээ. Үүнтэй зэрэгцээд улс төрийн нам хүчнүүд ч сонгуульд нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар тодруулж эхэллээ. Харин сонгогчдын зүгээс харж буй хүлээлт бол аль нам эрх барих, ялалт байгуулах нь хамаагүй. Хамгийн гол нь тухайн намаас нэр дэвшиж, төр түшилцэх эрхмүүд аль болох ашиг сонирхлын зөрчилгүй, нийтийн эрх ашгийг нэг хүний эрх ашгаас илүүд үздэг, авлига хээл хахуульд нэр холбогдоод байгаагүй, төр түмний төлөө ажил хийх хүсэл эрмэлзэлтэй, тийм боловсрол мэдлэгтэй хүн байгаасай гэдэг хүлээлт. Тэр ч утгаараа улирч буй парламентын нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа, “нерв”-ээ шатааж байж баталсан Сонгуулийн тухай хууль, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сонгуульд оролцож буй улс төрийн намууд, тэдний нэр дэвшигчдэд нэлээд сайн цензур болж өгнө хэмээн найдаж байгаа. Харин энэ хүлээлтэд аль нам нь ямар хариу барих юм бол…
Хамгийн түрүүнд эрх баригч МАН-аас нэр дэвшигчдийн жагсаалт олон нийтэд ил боллоо. Өнгөрөгч долоо хоногт болсон МАН-ын Бага хурлын дараа нийтэд зарлагдсан нэрсээс харвал ирэх сонгуульд тус нам өнгөрсөн сонгуульд ялалт байгуулж УИХ-д суусан бүх гишүүдээ дахин нэр дэвшүүлж байгаа юм байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нараас бусдыг нь шүү дээ. Тэд сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг унагах алхам хийж, Хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлснээрээ “ангийн дайсан” болон намаасаа шахагдаж, тойроггүй хоцорсон тул МАН-аас өрх тусгаарласан МАХН-д элсээд байгаа.
Иймэрхүү маягаар намыг нь “хагалан бутаргаж”, сөрөг намуудын доог тохуу болгосон болдоггүйчүүдийг МАН-ын удирдлагууд намаасаа төдийгүй улс төрийн тавцангаас шахахаа юу гэж мартах билээ. Эхнээсээ зарим нь Н.Энхбаярын нэхсэн “Аалзны тор”-онд орооцолдон араас нь дээлээ нөмрөх тавилантай талаар тус намын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлаад эхэлчихсэн.
Харин Р.Раш, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Загджав, Ц.Батбаяр нар намынхаа дарга нараас өршөөл эрж, огцруулах шаардлагаас нэрээ татаж авсныхаа төлөө хуучин тойрогтойгоо үлдээд байгаа гэсэн. Ингэхээр сайн муу байх, ажил хийх хийхгүй нь хамаагүй, зүгээр л УИХ-ын гишүүний мандат зүүж, халдашгүй байдлаар хамгаалагдах нь зарим нэг хүмүүсийн хувьд ямар их үнэ цэнэтэй зүйл болох нь бэлээхэн харагдана. Үүний төлөө хүвь хүний нэр төр, бардам зан, ичгүүр сонжуур болоод хэлсэндээ байх чанар энэ тэр бол бүгд чөтгөр лүүгээ тонилж байгаа юм.
Тэдэн дээр МАН-ын дарга нарын намдаа “цус сэлбэх”-ээр оруулж ирсэн цөөн тооны залуус, шинэ үеийнхэн нь дандаа Монголын толгой баячууд, тэдний үр хүүхдүүд байна. “Мөнхийн үсэг” группийн Б.Батцэцэг, “Монполимет”-ийн Д.Гарамжав, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Петровис”-ийн Ц.Оюунгэрэл, “НИК”-ийн О.Содбилэг /Ш.Отгонбилэг агсны хүү, түүний ээж Д.Туяа ч бас нэг дөрвөн жил УИХ-д суугаад амжсан/, “МАК”-ын Ц.Нямтайширын хүү Номтойбаяр, “Ноёд” группийн Ц.Буяндорж /УГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр/, “Одкон”-ы Л.Мөнхбат, “MCS”-ийн А.Энх-Амгалан, “Баярс констракшн”-ын Н.Баянсайхан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал Д.Сумъяабазар, “ХАС”-ын Ч.Ганхуяг гэхмэтчилэн. УИХ-д нэр дэвшиж байгаа улс төрийн зүтгэлтэн, намын кадрууд гэхээсээ илүү Худалдаа аж үйлдвэрийн танхимын оны шилдэгт өрсөлдөж байгаа бизнесийн “акул”-ууд л харагдаж байгаа биз дээ. Энэ бол жилээс жил, сонгуулиас сонгуульд улс төр, бизнес хоёр хэрхэн хоорондоо сүлэлдэж, төрийн бодлого шийдвэр бизнесийнхнээс улам бүр хараат болж байгаагийн нэг л жишээ.
МАН-ын дарга Сү.Батболд намынхаа бодлого, хөтөлбөрийг ярих болгондоо “Олигархийн засаглалыг хална” гэж ярьдаг болсон билээ. Монголын хамгийн том олигархи нь ингэж яриад байхаар МАН-ынхан ирэх сонгуульд “хөл нүцгэн” орох нь дээ хэмээн гайхаж байсныг яана. Гэхдээ яалаа л гэж тийм юм байх вэ, сурсан юмыг сураар боож болох биш. Харин ч Монголын төрийг улам бүр олигархийн төр болгох тийшээ МАН-ын бодлого явж байна. Улстөрч гэж ийм л хүнийг хэлдэг дээ. Бодсоныхоо эсрэг ярьж, ярьсаныхаа эсрэг хийдэг.
Уг нь хууль хяналтын байгууллагууд төр дэх авлигын сүлжээг таслан зогсоох, төсвийн хөрөнгөөр хувийн бизнесээ өргөжүүлдэг, тендер цохидог, хувийн ашиг сонирхлоор төрд шургалдаг байдлыг халахын төлөө чадах чинээгээрээ ажиллаж, тийм ч шаардлагыг нийгэм, олон нийтийн зүгээс тэдэнд тулгаж байгаа. Гэвч улс төрийн намууд нь ингэж өөгшүүлээд, бодлогоор дэмжээд байх юм бол удахгүй Н.Энхбаярын нэхсэн “аалзны тор”-ноос ч том авлигын сүлжээ Монголыг хэрж, Монголын төрийг мөхөл рүү хөтлөх биз.
Сануулахад, УИХ-ын намрын чуулганаар батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Сонирхлын зөрчлийн тухай хуулиар төрийн албанд хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос тусгаарлах маш олон зүйл заалт орсон доо. Энэ хуулийг мөрдөж эхэлснээр бизнес хийдэг хүн төрийн эрх мэдэл рүү зүтгэх биш, харин ч зугтаадаг болох ёстой. Хэн нэг этгээд өөрөө болон гэр бүл, ах дүү, хамаатан садан нь нефтийн бизнес эрхэлдэг, энэ бизнесээс хувь эзэмшиж, ашиг хүртдэг бол УИХ дээр тухайн салбарын асуудлаар шийдвэр гаргах болоход “ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгээ мэдүүлээд санал өгөхөөс татгалзах болох ёстой. Уул уурхай, банк санхүү гээд бүх салбарт ялгаагүй, энэ хяналт, хязгаарлалт үйлчилнэ. Тэгэхээр “Монполимет”-ийн Д.Гарамжав, “МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяр, “MCS”-ийн А.Энх-Амгалан нар лав УИХ-д орж ирлээ гэхэд уул уурхайн асуудлаар гаргаж байгаа бодлого шийдвэрт хошуу дүрж, хуруу хөдөлгөх эрхгүй болж байгаа юм. “ХАС”-ын Ч.Ганхуяг арилжааны банкуудтай холбоотой асуудлаар саналын эрхгүй, “Мөнхийн үсэг”-ийн Б.Батцэцэг ЕБС-иудын сурах бичгийн тендерт оролцохгүй, “Баярс констракшн”-ын Н.Баянсайхан 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрөөс санхүүжилт авахгүй, “НИК”-ийн О.Содбилэг, “Петровис”-ийн Ц.Оюунгэрэл, “Сод Монгол”-ын Ц.Анандбазар нар шатахууны улсын нөөцийг бүрдүүлэхэд оролцож төсвөөс татаас авахгүй, онцгой албан татварын тухай хуульд санал өгөх эрхгүй болж байгаа. Ерөнхий сайд нь ноолуурын үйлдвэрүүдэд өгсөн төсвийн татааснаас 100 тэрбум төгрөгийг хувийн компанидаа олгуулчихаад “Би мэдээгүй” гээд сууж байсан энэ парламентын жишиг ирэх парламентад үйлчлэхгүй болсон.
Тэр байтугай бизнесийн аливаа салбар дахь хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоход гар бие оролцсон, төсөв баталж, тендер шалгаруулж, лиценз, тусгай зөвшөөрөл олгодог байсан нөхдүүд улс төрийн болон төрийн албанаас гарсныхаа дараа ч гэсэн энэ төрлийн салбарт бизнес эрхлэхийг нь тодорхой хугацаанд хуулиар хориглочихсон. Төрийн эрх мэдэл, тэнд ажиллахдаа олж авсан мэдээллийн давуу байдлаа ашиглан хувьдаа ашиг олж, бизнесээ өргөжүүлж болохгүй гэсэн үг. Төрд ажилласан, гарсан бүх цаг хугацаанд чинь “ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юу” гэдэг энэ хардлага байнга дагаж, мөрдөж шалгаж байх болно. Хэрвээ үнэхээр төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн тангарагласан бол хувийнхаа болон гэр бүлийнхээ бүх бизнесийг зарж орхиод “цагаан хоолтон” болохоос өөр аргагүй.
Тийм учраас одоо мөнгөтэй хүн төр лүү зүтгэх биш, төрөөс зугтах цаг ирж байна. Мөнгө хөрөнгөгүй нэг нь төрийн эрх мэдлээр дамжуулж хөрөнгөжиж болно гэсэн итгэл үнэмшил, шунал тачаалаа мартах хэрэгтэй болох нь. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан аль нь ч байсан зургаан сарынхаа цалингаас илүү орлогыг үндэслэлгүйгээр олсон байх юм бол авлигын гэмт хэрэгт шалгагдана. Энэ мөнгө хөрөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс олсноо тайлбараж чадахгүй бол “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг Эрүүгийн хуулийн зүйл ангиар гэмт хэрэг болно.
Харамсалтай нь, манай улс төрийн намууд, эрх мэдлийг мөнгө хөрөнгө болгон харж буй нөхдүүд хуулийн энэ талыг олж харахгүй байгаа бололтой. Эсвэл хуулиас айдаг, хуулийг дагадаг хүн энэ намд байдаггүй юм уу?
Саяхан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ “Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш, төрийн албаны шат дамжлаг бүрт хүн бүр жижиг гэлгүй авлига, хээл хахуультай тэмцэх ёстой. Тэгж байж нийгэм чинь эрүүл саруул, таны үр хүүхэд, гэр бүлд хүрч буй төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болно” гэдгийг анхааруулсан. Мөн авлига, хээл хахуультай хийх тэмцлийг доороос нь биш, дээрээс нь эхэлнэ гэдгээ ч сануулсан. Тэгэхээр Монголын төрийг үүнээс ангижруулахын тулд хамгийн эхний шаардлагыг тавих газар нь өнөөдрийн нөхцөлд улс төрийн намууд болж байна. Тэд нэр дэвшигчдэдээ тавих шалгуураа ядаж үүнээс эхлэх хэрэгтэй болж байна. Ядахдаа л урьд өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, ямар нэг байдлаар нэр олон нийтийн зүгээс “но”-той гэдэг үнэлэмж авсан нөхдүүдийг эхний ээлжинд нэр дэвшүүлэлтээсээ хасдаг болъё. Цаашлаад төрийн албан хувийн сонирхлоор орж ирж буй бизнесийн бүлэглэл, том хөрөнгөтнүүдийн өмнө хаалт тавья. Түүнд нь хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн зүгээс ч дэмжлэг үзүүлж, шахаж шаарддаг байя.
Дашрамд сануулахад, шоронд орсон нь ганц Н.Энхбаяр болохоос биш, түүний тарьж ургуулсан авлигын сүлжээ, аалзны торонд ороогдсон маш олон хүн одоогийн МАН-д толгой хоргодож байгаа. Н.Энхбаяр ганцаараа энэ бүхнийг бүтээгээгүй нь тодорхой. Тиймээс түүний хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл араасаа маш олон хүнийг чирэх аюултай гэдгийг санаж улс төрийн нам болгон ирэх сонгуульд нэр дэвшигчдийнхээ өмнө илүү өндөр шалгуур, шаардлага тавих хэрэгтэй болж байна. Хэрвээ улс төрийн тавцанд илүү урт удаан хугацаанд амьдарч, эрх мэдэлд хүрье, засаг барья л гэж байгаа бол шүү дээ.
URL: