Мөнхийн сайд байхыг хүсэгч “Улаан коммунист”
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгох сонгохгүй шалтгааныг онцолж буй “Хэн нь хэн бэ” булан үргэлжилж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Ч.Улааныг онцоллоо. Тэрбээр саяхан улс төрийн сонголт хийж, намын экс дарга Н.Энхбаяртайгаа нэгдээд байгаа билээ.
Блиц:
Овог, нэр: Чүлтэмийн Улаан
Төрсөн он, сар өдөр: 1954.04.22
Ам бүл: 5
Гадаад хэл: Орос, англи
Төгссөн сургууль, мэргэжил: 1962-1972 онд Зүүн хараа хотын 1 дүгээр дунд сургууль, Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсч, 1972-1977 онд хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль (УАААДС)-ийг инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1982 онд ЗХУ-д Эдийн засгийн дээд курс, 1988 онд Болгарын Нийгмийн ухааны удирдлагын академийн тусгай курс, 1992 онд ОХУ-ын Москва хотын Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэсэн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны доктор, (PhD), профессор цолтой. ОХУ-ын Эрхүү хотын УАААДС-д магистр, 2005 онд ОХУ-ын Төрийн албаны академид Эдийн засгийн ухааны доктор цолыг хамгаалсан.
Ажилласан байдал: 1977-1985 онд улсын төлөвлөгөөний комиссын Аж үйлдвэрийн Б хэлтэст мэргэжилтэн, норм, нормативийн хэлтсийн дарга, 1985-1990 онд МАХН-ын Төв Хорооны эдийн засаг, төлөвлөгөө, санхүүгийн байгууллагын хэлтэст зааварлагч, тасгийн эрхлэгч, хэлтсийн орлогч эрхлэгч, намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, сайд, Үндэсний хөгжлийн газрын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онуудад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Санхүү Эдийн засгийн сайд, 2004-2006 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажилласан. 2006-2007 оны 12 сар хүртэл УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан. 2008 оноос зургадугаар сараас УИХ-ын гишүүн, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллаж байна.
Шагнал, урамшил: Алтан гадас одон, Гавъяат эдийн засагч, “Шударга журам” медаль
СОНГОХ ШАЛТГААН
1. Тэр бол туршлагатай, мэргэжилтэй, боловсролтой шилдэг парламентч. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Мэргэжлийн эдийн засагч, мэргэшсэн парламентч гэж дүгнэхэд болно. Тэрбээр 1992-1996 онд Засгийн газрын гишүүн, сайд, Үндэсний хөгжлийн газрын дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Санхүү, эдийн засгийн сайд, ажиллаж байсан. Түүний карьерийн ихэнх хугацаа гүйцэтгэх засаглалтай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, тэрбээр төр түшилцэж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж сурсан нэгэн. Энэ тохиолдолд түүнийг дахин сонгохгүй гэх шалтгаан алга. Ялангуяа сүхбаатарчууд Ч.Улаан гишүүндээ одоо ч гэсэн элэгтэй гэдэг билээ.
2. Эрхэм гишүүн харьцангуй нэр цэвэр нэгэн. Парламентад олон жил тасралтгүй сууж байгаа гэхэд эрхэм гишүүн тийм, ийм хэрэгт орооцолдлоо, тэглээ ингэлээ гэж төдийлөн дуулдаагүй. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг хашиж ирсэн. Тэр дундаа Монгол Улсын Сангийн хэргийг хариуцсан сайд гэдэг хэл аманд орооцолдох эрсдэлтэй ажил. Гэхдээ эрхэм сайд маань ямар нэгэн хэл аманд орооцолдож, төрийн мөнгө идэж уусан хэрэгт холбогдсон нь төдийлөн дуулдаагүй билээ. Нэр цэвэр байна гэдэг өөрөө маш том давуу тал. Тийм ч учраас магадгүй эрхэм гишүүн сүхбаатарчуудын итгэлийг дөрвөн парламентад дараалан дааж яваа биз ээ.
3. Ямар ч байсан нэгэн цагт нөхөрлөж явсан хүнээ хөсөр хаядаггүй хүн юм байна. Ч.Улааныг яах аргагүй Н.Энхбаярын хүн гэж ярих нь бий. Тэр ч бас Н.Энхбаярыг дэмжиж, хүндэлж явдаг гэдгээ ний нуугүй хэлдэг. Тийм учраас саяхнаас МАН-ын батлахаа өгч, уугуул нам болох МАХН-тайгаа нэгдлээ. Уугуул нам нь түүнийг хадаг, сүүтэй угтаж, намынхаа нарийн бичгийн даргаар томилсон. Тэрбээр Сүхбаатар аймгаас олон удаа сонгогдсон, ерөнхийдөө зүүн бүсийнхний амьдрал ахуйг сайн мэдэх нэгэн. Тийм учраас МАХН-ын зүүн бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга болоод байгаа билээ. Ирэх сонгуулиар Сүхбаатар аймагтаа дахиад нэр дэвших биз. Тэр үед нэрээ сольж, зүсээ хувиргасан МАН бус уугуул нам болох МАХН-ынхаа нэр дээр иргэд сонгогчидтойгоо уулзана. Түүнийг үргэлж, МАХН-ын шилдэг лидерүүдийн нэг хэмээн бодож ирсэн сүхбаатарчуудад энэ нь таалагдах болов уу. Нөгөөтэйгүүр эрхэм гишүүн үнэнч, шударга, үзэл бодолдоо тууштай хүн гэдгээ харуулаад байна. Н.Энхбаяраас урвасангүй. Магадгүй ард түмнээс ч бас урвахгүй байх талтай. Ийм шалтгаан байхад түүнийг дахиад нэг удаа УИХ-д сонгосон ч яахав.
4. Ч.Улаан гишүүн энэ парламент дахь шилдэг эдийн засагчдын нэг гэдгийг дээр дурьдсан. Тэрбээр ОХУ-ын Эрхүү мужид Эдийн засгийн ухааны доктор, профессор цолыг хамгаалсан билээ. Монгол Улсын төсөв, санхүү жилээс жилд томорч, улс маань хөгжих нь тодорхой болоод байгаа. Ийм үед төрийн эрх барих дээд байгууллагад эдийн засгийн мэдлэгтэй, боловсролтой шилдэг эрхмүүд байх нь хэрэгтэй болов уу. Хэдийгээр одоогийн парламентад эдийн засагчид цөөнгүй байгаа ч Ч.Улаан гишүүний хувьд тэднээс арай илүү ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, тэр зөвхөн номын дуу сонсоод зогсоогүй, улсын төсөв, санхүүг удирддаг /Сангийн яам/ байгууллагыг маш олон жил удирдаж, туршлагажсан нэгэн. Тийм ч учраас ард түмэн түүнийг Сангийн сайд гэдгээр нь төсөөлж, сайдаа хэмээн дууддаг гэсэн. Цаашид түүн шиг шилдэг ахмад, туршлагатай эдийн засагчид залуу үетэйгээ хамтраад улс орноо хөгжүүлэхийн төлөө явна гэвэл болж л байна. Улс орон хөгжихийн хэрээр санхүү, төсвийн бодлого маш зөв явж байх шаардлагатай. Харин Ч.Улаан гишүүн ахмад туршлагатай эдийн засагчийн хувьд энэ үйлсэд нэгдэж чадна гэвэл энэ удаад сонгоход болохоор л байна.
СОНГОХГҮЙ ШАЛТГААН
1. Тэр хэдийгээр улс төрийн өндөр албан тушаалд олон жил ажилласан ч тэр хэрээрээ ямар үр дүн гаргав гэж асуувал арай өөр дүр зураг харагдах болов уу. Зөвхөн Сүхбаатар аймгийн тухайд яривал сүүлийн 20 жилийн хугацаанд дорвитой хөгжсөн нь үгүй. Харьцангуй гайгүй хөгжиж эхэлсэн нь ердөө л 2008 оноос хойших түүх шүү дээ. Гэтэл 2008 оноос хойш Сүхбаатар аймагт АН-ынхан орон нутгийн удирдлагыг авсан байгаа. Энэ тохиолдолд одоо байгаа Сүхбаатар аймгийн хөгжлийг Ч.Улаан гишүүнтэй холбож ярих нь өрөөсгөл юм. Сүхбаатар аймаг ч гэлтгүй, Сангийн сайдын албыг хашиж байхдаа ямар амжилтад хүрсэн бэ гэхэд ч бас асуудалтай. Түүнийг Сангийн сайд байх үед Н.Энхбаяр их өрийг тэглэснийг эс тооцвол шүү дээ. Гэхдээ их өрийн асуудал ч бас өнөөг хүртэл асар их хэл ам дагуулсаар байгаа. Нөгөөтэйгүүр их өрийг тэглэсэн явдалд Н.Энхбаярын нэр л илүүтэй холбогддог болохоос биш Сангийн сайд Ч.Улаан гэж дуулдаагүй санагдана. Их өрийг тэглэхэд эрхэм сайдын ач гавъяа тийм ч их байгаагүйгийн нотолгоо биз ээ. Өөрөөр хэлбэл, тэр төрийн эрх барих дээд байгууллага УИХ, гүйцэтгэх засаглалд бараг 20 жил ажилласан ч тэр хугацаанд ямар үр бүтээлтэй ажилласан бэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Түүнийг дахиад сонголоо гэхэд дахиад л юу ч хийгээгүй, ямар ч хөгжил ирээгүй нэг парламентын хугацаа өнгөрөх нь бараг л тодорхой байна. Тийм байхад Ч.Улааныг дахиж сонгох шаардлагагүй билээ.
2. Түүнийг сүхбаатарчуудад нэр нүүргүй болсныг нам нь харсан учраас энэ удаагийн парламентыг өнжүүлэх шийдвэр гаргасан болов уу. Харин тэр дахиад нэг удаа үзээд алдахын тулд МАХН руу явсан. Одоо МАХН-аас ирэх сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй биз. Гэхдээ нэгэнт ард түмний итгэлийг алдчихсан байхад аль намаас нэр дэвших нь төдийлөн хамаагүй, ялагдах л байх. Сүхбаатарчууд харьцангуй өөр сэтгэлгээтэй болж, зөвхөн МАН-ыг дэмжих бус АН-ыг дэмжиж болох юм байна гэдгийг нэг талаасаа ойлгосон. Нөгөө талаас ард түмэн харьцангуй шинэ, залуу боловсон хүчнийг дэмжиж, итгэл хүлээлгэдэг болчихсон. Ч.Улаан гишүүний хувьд “Бүтэн 20 жилийн турш тасралтгүй УИХ-д суулаа, ажиллалаа. Одоо болно, тэтгэвэртээ гараасай” гэж харж байгаа хүмүүс олон байна. Эрхэм гишүүн 20 жилийн турш улс төрд зүтгэхдээ алдаж, онож л явсан байх. Мэдээж огт юм хийгээгүй гэж ярихгүй, гэхдээ хийсэн нь хангалтгүй байна. Тиймээс энэ удаад арай өөр, залуу, эрч хүчтэй хүнд эрх мэдлийг атгуулж, юу хийж чаддагийг нь харах хэрэгтэй болов уу.
3. Тэр өөрийгөө үргэлж Сангийн сайд байх ёстой хүн гэж боддог бололтой. Анх АН хамтарсан засгаас гарахаа мэдэгдсэний дараа эрхэм гишүүн “Би бол дараагийн Сангийн сайд” гэх маягтай юм хэлж байсан. Бараг л надаас өөр энэ албыг хаших хүн байхгүй гэсэн билээ. Харьцангуй туршлагатай, мундаг гэгдэх улстөрчийн хувьд энэ нь тийм ч оновчтой алхам байж чадаагүй. Энэ үгээрээ тэр өөрийгөө албан тушаалд дуртай, амбицтай, залуучууддаа боломж олгох хүсэлгүй нэгэн гэдгээ нотолчихсон. Түүнчлэн шинэчлэгдэхийг хүсдэггүй, төрийн албыг бараг л өөрийнхөө ажлын өрөө шиг санаж, хүссэн үедээ ороод, гараад байж болдог юм шиг бодож явдаг бололтой. Ийм хүнийг дахиж УИХ-д сонгоод байх шаардлага үнэндээ алга.
4. Сангийн сайд байхдаа Төмөртэйн орд, цайрт минералын хэрэг гэх мэт асуудалд орооцолдож байсан. Ялангуяа төмөртэйн ордыг хятадуудад зарчихсаны гол буруутан нь Ч.Улаан гэж үзэх хүмүүс бий. Ч.Улаан гишүүн үнэхээр хятадуудад төмөртэйн ордыг зарсан, үгүйг мэдэхгүй юм. Мэдээж өөрөө бол “үгүй” л гэх биз ээ. Гэхдээ үнэн худал байх нь хамаагүй. Муу асуудалд нэр нь холбогдож байна гэдэг тодорхой хэмжээнд асуудалтай л гэсэн үг. Асуудалтай хүнийг УИХ-д сонгож хаширсан ард түмэн шүү дээ, монголчууд чинь.
Б.Чимэг
URL: