Их аварга Д.Дагвадоржийн танхай авирыг хүчний байгууллагынхан дарсаар л байх уу

Cap шинийн өмнөхөн улсын арслан Б.Мөнхбаатарыг хутгалж, гэмтээсэн Их аварга Д.Дагвадорж энэ сарын хоёрны өдөр

эхнэр Г.Тамиртаа гар хүрч, хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь зодсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.

Тэрбээр Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх «Green Vella» хотхонд байдаг гэртээ хэргийг үйлдсэн бололтой. Архи ууж, согтуурсан үедээ балмад үйлдэл гаргаж, эхнэрээ зодож, танхайран биед нь хүнд гэмтэл учруулсан гэнэ. Мөн ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хүртэл зо­дож, хувцас хунарыг нь урсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явахад нь зогсоож саатуулсан замын цагдааг ч зодсон талаар баттай эх сурвалж хэллээ.

Монголын Их аварга арлын Японд төдийгүй эх орондоо удаа дараа зодоон цохионы хэрэгт энэ мэтээр орооцолдож байгаа. Их аваргын их амжилтын цаг үед олон хэрэг гардаг байсан ч түүний тарьсан сенсацийг нөлөө бүхий томчууд, сайд нар хаацайлж, хийсэн хэргийг нь өөгшүүлсээр Их аварга гэдэг алдрынх нь оронд «Танхай балмад» гэх нэрийг зүүлгэх болсон нь харамсалтай.

Тухайлбал, анх Д.Кёкүшюзан Батбаярын 250 мянган долларын үнэтэй бенз машины толийг эвдэлж хэмхэлээд нэлээд шуугиан тарьж байсан. Үүнээс хойш Японд байхдаа зодоон цохионы хэрэгт орооцолддог байсныг тэнд амьдардаг монголчууд ч ярьдаг юм билээ. Монголд ирээд удаагүй байх даа жүжигчин П.Эрдэнэзааныг «Face» клубт ухаан алдтал нь цохиж унагасан, Мөн Япон зоогийн газрын эзнийг хэвтэрт ортол нь зодсоноос гадна өөртэй нь «Уулзсангүй» хэмээн гоморхохдоо нөлөө бүхий эрхмийн охины машиныг эвдэж байсан удаатай. Ер нь Их аваргын мандуулсан хэргээс цухас дурдвал ийм ч, цааш нь лавшруулж хөөвөл тоймгүй их. Мөн энэ оны хоёрдугаар сард л гэхэд «Централ тауэр»-ын нэг давхарт байрлах «LV» брэндийн дэлгүүрт шуугиан дэгдээн тус дэлгүүрийг багагүй түйвээж хүндрэл учруулсан талаар шуугиж байсан юмдаг. Тэгвэл Асашёорюуд тухайн үед ямархуу шийтгэл, оноож байсан нь өдгөө ч тодорхойгүй байгаа.

Монголчууд бид их аваргадаа дэндүү хайртай. Гэвч сенсаацийг жинхэнэ утгаар нь дэгдээж чаддаг хүн бол яахын аргагүй Их аварга Д.Дагвадорж билээ. Цөөхөн хүн амтай монголд ч биш дэлхийд Асашёорюугийн мандаасан хэргийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр гаргадаг ч монголчууд бид сэтгэл зүрхнээсээ аваргынхаа амжилт, эх оронч үзлээр нь бахархдаг ард түмэн. Харийн оронд улсынхаа нэрийг мандуулж чадсан бидний хайртай хүү хэмээн хайрлаж ирсэн юм. Харин Их аварга маань улам бүдүүлэг ааг омог гаргаж байгаад нь монголчууд сүүлийн үед гутах болжээ. Их аварга «Би улс төрд орно, Монголын парламентад нэр дэвшинэ» гэж Японы томоохон хэвлэлд өгсөн ярилцлага, зэргээс харахад түүний бодол цэгцэрч, аль эрт эрийн цээнд хүрснийг илтгэн харуулдаг. Дэлхийд танигдсан энэ хүнийг Монголын парламентад сонгоход болохгүй зүйл үгүй гэж ард түмэн хөөрч байсан цаг саяхан. Түүнчлэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хоригдох болсноос хойш тус намаас 2012 оны сонгуульд нэр дэвших болсон талаар яригдаж байгаа билээ. Харин Их аваргын энэ зан байдал улстөрд битгий хэл гэр бүл, нийгмийн ёс зүйд нийцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Өөрийгөө засаад, гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй байх. Д.Дагвадоржийг удаа дараа танхай балмад үйлдэл гаргаж байхад нь хууль хяналтынхан яагаад дарж өнгөрөөд байдаг нь сонин. Үүнийг нь манай улстөрийнхөн, сайд нар хав дардаг гэлцдэг. Нэг биш удаа хэрцгий авир гаргаж эхнэрээ зодсоноос нь харахад тэрбээр хүний амь насыг хохироож ч болзошгүй боллоо. Ийм байдалд хүрэхээс нь өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол энэ хүнд Монгол Улсын хууль «Гууль» болсон байна. Иймээс тив дэлхийгээр нэрээ дуурсгаж чадсан шигээ Монголдоо нэрээ хайрлах цаг нь болжээ их аварга аа.

Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих