”Хун тайж” О.Содбилэг

Ардчилсан нийгэм бол хаант засгийн үеийн нийгэм биш байлтай. Миний мэдэхийн хаант төрд хааны удам залгах хан хүүг “хунтайж” гэдэгсэн. Харин манайд ингэж нэрлэж болох нэг хүн байна. Уг нь би түүнийг ингэж нэрлэхийг хүсээгүй юм. Саяхан энэ залууг УИХ-д нэр дэвших болсон гэдгийг сонсоод, худлаа байлгүй дээ гэсэн бодол төрж байснаа нуух юун. Гэтэл хэдхэн хоногийн өмнө намуудын нэр дэвшигчдийн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. Орхон аймгаас нэр дэвших хүний тоонд мань эрийн нэр байж байх юм.

Ингээд л би “хунтайж” гэж нэрлэх болсон юм даа. Та бүхэн хэний тухай ярьж байгааг төвөггүйхэн ойлгосон байх. Энэ бол УИХ-ын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан, талийгаач Отгонбилэгийн хүү Содбилэг юм. Түүний аав Ш.Отгонбилэг агсан УИХ-ын гишүүн байсан, ээж нь Д.Туяа мөн л УИХ-ын гишүүн байсан. Одоо хүү О.Содбилэг нь гишүүн болохоор шийдэж гэнэ. Хэдэн жилийн дараа О.Содбилэгийн хүү УИХ-ын гишүүн болохоор өрсөлдөж байгаа бол бид гайхаад байх хэрэггүй бололтой.

Энд хэн нэгэн хүний сонгох, сонгогдох эрхийг үл хүндэтгэсэндээ ийм зүйл бичсэнгүй гэдгийг уншигчид ойлгоно бизээ. УИХ-ын гишүүн, төрийн түшээ болно гэдэг хэн мөнгөтэй, эсвэл аав, ээж нь гишүүн байсан хүний хийдэг ажил биш байлтай.

Ш.Отгонбилэг агсанг Монголчууд бид хүндэлдэг байсан. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг хөл дээр нь босгож, өнөөгийн дайтай болгоход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ч Монголчууд хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч түүнийг цаг бусаар өнгөрөхөд ихэд харамсан, түүний улс төрийн орон зайг үгүйлэхдээ эхнэр Д.Туяаг нь дэмжин УИХ-ын гишүүн болгож байсан.

Монголчууд бид “сайн эцгийн нэрийг гурван удаа худалдана” гэж ярьдагсан. Тэгвэл энэ хэллэг яг тохирохоор үйл явдал бол О.Содбилэгийн сонгуульд өрсөлдөх болсон явдал юм. Тэр, мөнгөтэй, гэхдээ өөрөө бүтээсэн биш, эцгийнх нь “байгуулсан” мөнгө. Тэр, нэр хүндтэй /хэрэв эхнэрийгээ Холливудын од Парис Хилтонтой үй зайгүй найз гэдгээр л өөртөө нэр хүнд олж авчихаагүй бол/, гэхдээ өөрийн гэхээсээ сайн эцэг, эхийн нь нэр алдар түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн.

“Хунтайж” О.Содбилэг өөрийгөө нэгэнт УИХ-ын гишүүн болчихсон байдлаар төсөөлж яваа сурагтай. Учир нь аав, ээжийг нь сонгож, УИХ-ын гишүүн болгож байсан тойргийнхон түүнийг дэмжинэ гэдэгт бат итгэсэн бололтой. Тэрээр энэ оны гуравдугаар сарын эхээр Орхон аймгийн сонгогчдод хандан нэгэн төрлийн сонгуулийн хуудас тараажээ. Тэрхүү хуудсанд: “… Орхон аймагт нэр дэвшигч О.Содбилэгийн удирддаг олон нийтэд чиглэсэн сан юм…, … уг санд 18-аас дээш насны Орхон аймгийн иргэд хамрагдах ба гишүүнчлэл үнэ төлбөргүй хийгдэнэ” гээд тус сангийн гишүүн болбол баахан сургалт, бизнес, ажлын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Хамгийн сонирхолтой нь тус “хуудас”-ын төгсгөлд “Гишүүн болсон ТАНД баярлалаа” гэсэн мөр байгаа юм. Бид эхлээд тус сангийн гишүүн болсон хүнд О.Содбилэг баярлаад байгаа юм байна гэж ойлголоо. Үгүй тэгээд өөрөөс нь дэмжлэг /дэмжлэг бүр зардлыг дагуулна/ аваад байхад баярлаад байх юу байна гээд гайхаад сайн хартал, мань хүн тус сангийн гишүүн болж, сангаас дэмжлэг авсан хүн бүр өөрийг нь дэмжих ёстой гэсэн PR-ын санааг дээрх “хуудсандаа” багтаачихсан байх ажээ. Ямартай ч О.Содбилэгийн УИХ-ын гишүүн болох гэж яарахдаа Орхон аймгийн иргэд сонгогчдод тараасан дээрх “хуудас” УИХ-ын сонгуулийн хуулийн холбогдох олон заалтыг зөрчсөн байгааг иргэд сонгогчид, өрсөлдөгчид, СЕХ-ныхон анхааралдаа авна биз.

“Хунтайж” О.Содбилэг УИХ-ын гишүүн болчихсон байна гэж сэрүүн зүүдлэхдээ энэ мэт сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдэл гаргаж байгааг Орхончууд мэдээлж байгаа гэнэ. Тэрээр бизнесийн салбарт ажилладаг хүний хувьд иргэд сонгогчдын саналыг худалдан авахдаа, ирээдүйг нь бас худалдан авах гэж оролдож байгаагаа мэдэж байгаа болов уу. Орхончуудад мөнгөтэй, баян, залуу, эрх танхил “хунтайж” биш, хууль тогтоогч хэрэгтэй л баймаарсан.

Ц.Мөнх
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих