АТГ-ЫН КОМИССАРУУД АЛБАН ТУШААЛ, ТАНХАЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат өнгөрсөн сарын 6-ны шөнө бусдад хутгалуулсан тухай бид мэдээлсэн. Гэсэн ч тэрбээр “Би эрүүл саруул байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Найздаа хутгалуулсан Э.Амарбат цагдаад “Гомдолгүй“ гэж мэдүүлсэн ч хэвлэлд гарсан мэдээллийн дагуу прокурор танилцаад эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргаж, шалгуулахаар болжээ. Гэвч түүнийг хаана шалгаж байгааг ихээхэн нууцалж байсан юм.

Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хоёрдугаар албанд шалгаж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгааг бид олж мэдлээ. Хэрэг гарах үед тэрбээр ээлжийн амралттай байсан агаад согтуу байсан гэдэг. Найздаа гарын шуу, хөлөндөө 3-4 удаа хутгалуулсан тэрбээр Цэргийн клиникийн төв эмнэлэгт 16 оёдол тавиулж, эмчилгээ хийлгэж байсан юм. Түүний ээлжийн амралт, эмчилгээ дуусаж, өнгөрсөн долоо хоногт ажилдаа оржээ.

“Найз З.Эрдэнэболдтой эхнэр хүүхдийн асуудлаас болж маргалдан, зодолдсон байна. “Брой хаус” төвөөс Э.Амарбат найз З.Эрдэнэболдыгоо авахаар очсон юм билээ. Нэлээд согтсон найз нь түүнд агсам тавьж янз бүрийн асуудал болсон бололтой. Өөрөө “Гомдолгүй, эр улсын хооронд байдаг асуудал гэж байсан” хэмээн эх сурвалж өгүүлэв. Түүний найз З.Эрдэнэболдыг бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, шалгаж байгаа юм.

З.Эрдэнэболд “Э.Амарбат намайг зодсоноос ийм асуудал үүссэн” хэмээн тайлбарлаж буй гэнэ.

Ч.Сангарагчаагийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хянаж байна

Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж ажилтнуудаа тагнаж чагнасан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгагдан ТЕГ, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрд өн байцаах албанд шалгуулсан Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар ЧСангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 12-нд Нийслэлийн прокурорын газраас Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэрэгтэй тус шүүхийн шүүгч Ц.Цогт танилцаж байгаа юм байна. Тэрбээр хэргийг хуулийн хугацаанд уншиж танилцаад, мөрд өн байцаалтын ажиллагаа хангалттай гэж үзвэл ирэх сар гэхэд хэлэлцэх гэнэ.

Source http://www.mongolnews.mn/i/16247


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих