ГАДААДЫГ ЧИГЛЭСЭН ГАНЦ УРСГАЛТАЙ “MEDICAL TOURISM”
Дэлхий нийтэд эрүүл мэндийн аялал жуулчлал буюу “medical tourism” хэмээх нэр томъёо дэлгэрч байна. Энэ нь төр, засгийн ямар нэг дэмжлэггүйгээр өвчтөн хувиасаа зардлаа гаргаж гадаадын эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахыг хэлж байгаа юм.
Монголчууд гадаад руу эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явах нь эрс нэмэгдсэн ч энэ талаар хийсэн тооцоо судалгаа манайд хараахан алга. Эрүүл мэндийн яамнаас 2006 онд баримжаа тооцоо гаргаж байжээ. Тэд Монгол дахь Элчин сайдын яамдаас виз авсан байдлаар нь судлаад, дээр нь визгүй зорчдог Хятад, Тайланд, Сингапур зэрэг орныг оруулж тооцоод жилд 20 мянган хүн эмчилгээ, оношлогоо хийлгэхээр гадагшаа зорчдог гэсэн баримжаатай болсон байна. Тухайн үеийн ханшаар нэг хүн дунджаар 2000 ам.доллар зарцуулсан гэж тооцоход жилд дунджаар 40 мянган доллар гадаад руу урссан гэсэн үг.
“Монголчууд голдуу компьютер томограф, MRI оношлогоо хийлгэх гэж явдаг байсан. Тэр үед манай улс компьютер томографын хоёрхон аппараттай, MRI буюу цахилгаан соронзон резонансын аппаратгүй байсан” гэж “Хатагтай” эмнэлгийн эмч А.Отгонболд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа судалж үзсэн тухайгаа ярив. Түүнээс хойш эрүүл мэндийн асуудлаар гадагш зорчигчдын тоо буурсан байх гэж таамагладгаа тэрбээр нэмж хэлсэн. Яагаад гэвэл одоо манай улсын болон хувийн эмнэлгүүдэд компьютер томографын 30 гаруй, MRI оношлогооны орчин үеийн өндөр хүчин чадалтай 3-4 аппарат байна. Тэгэхээр ийм оношлогоо хийлгэх гэж гадаад явах шаардлагагүй болсон байх гэлээ. Харин сэтгүүлч миний хувьд дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм. Гадаад руу эмчилгээ, оношлогоонд явах хүний тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй болов уу.
Зургаан жилийн дараа энэ үзүүлэлт ямар янзтай болсныг салбарын яамнаас тодруулах гэсэн боловч хэд хэдэн газрын даргын амнаас “Мэдэхгүй” гэх эрсхэн хариултаас өөрийг сонссонгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар харийг зоригчид ганц MRI хайх биш, оношоо тодруулах, өвчнөө эмчлүүлэх, хагалгаанд орох гэж явдаг болсон. Тэр хэрээр урсах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн. Манай улсад эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ харьцангуй сайжирсан нь үнэн. Гэхдээ монголчуудын сайн мэдэх Азийн орнуудынхтай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаа бий. Тэр ялгаа л хүмүүсийг гадаад руу эрүүл мэндийн аялал жуулчлал хийхэд хүргэж байгаа юм.
Канадын Саймон Фрайзерийн их сургуулийн судлаачдын баг манай улсад энэ ажлаар ирээд явлаа. Тэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр бага, дунд орлоготой орны хувьд эрүүл мэндийн аялал жуулчлал ямар түвшинд байгааг судлахаар манай улсыг сонгожээ. Энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид монголчууд эх орноосоо өөр газарт оношлогоо, эмчилгээ хийлгэх болсонд үнэлэлт, дүгнэлт өгөх, манай бодлого боловсруулагчдын мэдэхгүй зүйлийг мэдэхийг зорьсон гэнэ. Тус сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн докторант, судлаач, уг судалгааг санаачлагч Б.Цогтбаатар “Энэ удаа бид шийдвэр гаргагчид , гурван шатлалын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн эмнэлгийнхэн, гадаад руу өвчтөн зуучилдаг байгууллагын төлөөлөл, эмчилгээнд яваад ирсэн хүмүүстэй уулзаж, ярилцсан.
Судалгааны үр дүн хагас жилийн дотор гарч, олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэнэ. Судалгааны эхний үр дүнгээс харахад санал бодлыг нь сонссон хүмүүс маань гадаадад эмчилгээнд явахыг хүний эрх хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Төрөөс энэ асуудлаар бодлого боловсруулахдаа хаах хязгаарлах гэхээсээ өмнө дотоодынхоо оношлогоо, эмчилгээний чадавх, чанар, шуурхай байдлыг яаралтай сайжруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр өвчний олон улсын аравдугаар ангиллын дагуу үзвэл Монголд нэвтрээгүй 27 төрлийн эмчилгээ, ажилбар байна. Эдгээрээс бусад эмчилгээ, үйлчилгээний технологи нэвтэрсэн, боловсон хүчнээр хангагдсан гэсэн үг. Тэгсэн атал зарим тохиолдолд тухайн эмчилгээний эм тасарсан, багаж эвдэрсэн зэрэг шалтгаанаар хүмүүс гадаад руу цувсаар байна” гэж ярилаа. Үүн дээр Монголынхоо оношлогоо, эмчилгээний чанарт найддаггүйгээс гадаадыг зорих хүн олон болсныг нэмж хэлэх нь зүйтэй. Монголд эмчилгээ хийх нь бүү хэл, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдахаар гадаад руу явдаг болжээ, манайхан.
Сүүлийн үед монгол эхчүүд амаржих гэж БНСУ, Тайланд, тив алгасан Америк руу нисэж байна. Үүнийг буруутгах аргагүй. Өөрийн орныхоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг гаднын үйлчлүүлэгчдийг татах замаар зах зээлээ бий болгодог нь “medical tourism”-ын гол зарчим. Эрүүл мэндийн үйлчилгээ бол нэг талаараа бизнес. Энэ бизнест гаршсан гадаадын томоохон эмнэлгүүд монголчуудыг урин дуудаж байна. Манай улсад БНСУ, Сингапур, Тайландын томоохон эмнэлгүүд төлөөлөгчийн газраа байгуулчихлаа. Зөвхөн Монголд биш дэлхийн олон оронд төлөөлөгчөө томилж, эрүүл мэндийн аялал жуулчлалыг цэцэглүүлж байна. Түүнд нь иргэд ч ам сайтай байдаг. Монголчууд 5-10 жилийн өмнө голчлон урд хөршийн Хөх хот, Бээжин рүү хошуурдаг байсан бол, одоо Тайланд, БНСУ, Сингапур, Малайз, Энэтхэг рүү олноор зорчих болжээ. Үүнийг судалгааны багийнхан ч баталсан. Тайландын “Бумрунград” эмнэлэг 2007 онд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Өдгөө тус эмнэлэг рүү манайхаас жилдээ 4500 гаруй хүн явж байгаа тухай ерөнхий захирал нь өнгөрсөн жил Монголд ирэхдээ ярилцлага өгсөн байна билээ.
Одоо энэ эмнэлгийн нэрийг дуулаагүй хүн ховор болтлоо нийтэд танигджээ. Тархины гэмтэл авсан дүүгээ тус эмнэлэгт үзүүлж, оношлуулаад ирсэн залуутай уулзлаа. Тэрбээр эмчийн зөвлөснөөр дүүдээ тархины цахилгаан бичлэг, чих хамар хоолойн томограф, MRI оношлогоо хийлгэж, нарийн мэргэжлийн хэд хэдэн эмчид үзүүлжээ. Үүнээс зөвхөн MRI оношлогоо нь 33.000 бат буюу 1.2 сая төгрөг. Эмнэлгийн ойролцоо хоногийн 30-60 ам.долларын төлбөртэй зочид буудал олон. Нэг хүний ирэх, очих замын зардал нь 1.2 сая төгрөг болно. Ирэхдээ гурван сар уух эмээ авчирсан гэнэ. Ингээд шаардлагатай бүх оношлогоо хийлгэж, эмчилгээгээ заалгаад ах, дүү хоёр сэтгэл хангалуун ирсэн байна. Тэд энэ аялалдаа 10.000 орчим ам.доллар зарцуулжээ.
Сүүлийн үед Тайландад далайгаар аялангаа тус эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх төрлийн оношлогоо хийлгэхийг санал болгосон аялал зохион байгуулах болжээ. Урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэхэд төлбөр нь эрэгтэй хүнд дунджаар 500 ам.доллар болдог тухай тэрбээр сонирхуулсан. Тэгвэл Хөх хот руу галт тэргээр эрүүл мэндийн бүх төрлийн шинжилгээ хийлгэсэн хүнээс энэ тухай сонирхлоо. Өвөрмонголын төв эмнэлэгт цус, шээсний шинжилгээ, зүрхний бичлэг, ЭХО, рентген, MRI оношлогоо хийлгэхэд 2000 юанийн төлбөр гарчээ. Энэ нь дунджаар 500 мянган төгрөг гэсэн үг. Эрээнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий том эмнэлэг барьж байгаа гэнэ. Хөршүүд жилд хэчнээн монгол хүн Хятадын эмнэлгүүдэд хандаж байгааг судлаад томоохон эмнэлэг байгуулах төсөл хэрэгжүүлж буй нь энэ аж. Эмнэлэг ашиглалтад ороход монголчуудад урд хөршүүдийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ улам ойртоно гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.
Манайхан ийн эрүүл мэндийн салбарын зах зээлээ гаднынханд алдсаар байна. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орны иргэд л эрүүл мэндийн аялал жуулчлал хийдэг гэвэл үгүй ажээ. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн орнуудын, жишээлбэл Америк, Канадын иргэд ч гадаад руу эмчилгээнд явдаг. АНУ-д эмчилгээний зардал хамгийн өндөр. Бага даатгалтай зарим иргэн гадагш жуулчлангаа хөнгөн хагалгаа хийлгээд ирдэг гэнэ. Канадын хувьд ихэнх эмчилгээг даатгалаас даадаг ч зарим мэс засал, оношлогоо хийлгэх гэж хэдэн сараар хүлээх болдог. Тиймээс цаг алдахгүйн тулд Энэтхэг рүү нисээд нүдэнд болор суулгах зэрэг хөнгөн хагалгаанд орчихдог тухай Б.Цогтбаатар сонирхуулсан.
Дэлхий дээр баян, ядуу аль ч улс орон аялал жуулчлалын салбараар дамжуулж улс орондоо валют оруулахыг хичээдэг. Харин манай улсын эрүүл мэндийн салбарынхан их хэмжээний валютаа гадагш урсгаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдааны салбартай зүйрлэж болно. Монголдоо үзүүлж болох тусламж үйлчилгээг гадаадаас авч байгаа тухай дээр дурдсан. Энэ нь тухайн дэлгүүрийн бараа чанаргүй, худалдагч нь харилцааны соёлгүй, үйлчилгээ муутай, эсвэл сурталчилгаа муу хийсэнтэй л холбоотой.
Ингэж үйлчлүүлэгчдээ алдах нь зах зээлийн үед харамсалтай биш үү. Эрүүл мэндийн аялал жуулчлал дотроо хоёр урсгалтай. Эхнийх нь, гадаадад явж эмчлүүлэх, хоёр дахь нь гаднаас иргэдийг нь ирүүлж эмчлэх. Манай улсын хувьд мэдээж нэгдүгээр ангилалд багтаж, энэ салбарыг хөгжүүлж чадсан орнуудын “овоо хараа”- нд өртөөд байгаа. Монголчууд олноороо гадаад руу эмчилгээнд явж байгааг хүн бүр мэднэ. Жилд хэчнээн хүн, эрүүл мэндийн ямар шалтгаанаар гадаад руу явж байгаа нь салбарын бодлогын “хар хайрцаг”-т бичигдэх учиртай. Үүндээ үндэслэн зөв бодлого боловсруулж, сайн менежмент хийвэл гадаад руу чиглэсэн иргэд, хөрөнгийн урсгалыг бууруулах боломжтой.
Э.ЭНХМАА
URL: