Ж.Батсуурь: Газрын үнийг байрандаа шингээлгэхгүй байх талаар авч үзнэ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр Орон сууцны хуулийн төслийг ахлаж ажилласан юм.
-Орон сууцны тухай хуулийг баталснаар орон сууцны үнэд ямар өөрчлөлт орох юм бэ. Буурах уу, эсвэл бүр өсөх үү?
- 1950-1960 онд манай төв суурин газруудад нийтийн зориулалтын орон сууцнууд баригдаж эхэлсэн. Тэр барилгуудын эдэлгээний хугацаа түрүүчээсээ, дуусч хуучирч муудсан байна. Ашиглалтын хугацаа нь дууссан орон сууцанд мэргэжлийн байгууллагынхан шалгаж, дүгнэлт гаргана. Уг дүгнэлтийг мэргэжлийн хяналтын орон нутгийн төв байгууллага хурлаараа авч хэлэлцээд хүн амьдрах боломжгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй бол акт тогтооно. Энэхүү актыг аймаг, нийслэлийн тухайн орон сууцны иргэд хүлээн аваад нутгийнхаа захиргаанд хандаж дахин төлөвлөлтөд оруулж болно. Ингэхдээ төрийн оролцоотой гурвалсан гэрээ байгуулна. Тухайлбал, орон сууцны компани төр захиргааны байгууллага оршин суугч гэсэн. Орон сууц баригдтал хүлээж байгаад байрандаа орох, хүлээж чадахгүй гэвэл өөр газар баригдсан байрнаас талбайн хэмжээг нь тохироод авч болохоор хуулиндаа заасан. Мөн барилгын хөрөнгө оруулж байгаа компаниас тухайн үеийн ханшаар талбайн хэмжээнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор болох мөнгөө авч болохоор байгаа юм. Зарим газар орон сууц барих боломжгүй байгаа. Тийм тохиолдолд өөр газар байр олгох юмуу нөхөн олговрыг нь олгоно. Хүн ам ихтэй Улаанбаатарт нөөцийн орон сууц бариад, түүндээ иргэдээ түр хугацаагаар оршин суулгах юмуу эсвэл тэндээс орон сууц авах хүсэлт гаргавал сууцыг нь олгож болно. Аль болох оршин суугчдаа хохироохгүйгээр зохион байгуулах боломжтой.
-Нийтийн зориулалттай зарим орон сууцыг хувийн компаниуд авчихсан байдаг тухай их яригддаг?
-Нийтийн зориулалтын орон сууц бол төрийн өмч. Тэгэхээр тийм зүйл байж болохгүй. Газрын тухай хуулиар газрын асуудал хөндөгдөхөөс биш орон сууцны тухай хуулиар энэ асуудлыг хөндөх боломжгүй юм.
-Орон сууцнуудын үнийг хямдруулах боломж бий юу?
-Орон сууц баригдах боломжтой газрыг хэн нэгэнд өндөр үнээр дамжуулан зардаг. Тэгэхээр худалдан авагч нь газрынхаа үнийг байрандаа шингээж зардаг. Ялангуяа, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд газрын үнэ их шингэсэн. Энэ асуудал дээр зохих хяналт тавьж, үнийг цаашид шингээлгэхгүй байх талаар авч үзэж байна. Мөн тухайн орон сууцанд хамааралгүй инженерийн шугам сүлжээ, дулааны болон эрчим хүчний үнэ зэргийг оруулахгүйгээр тооцно гээд хуулиндаа нарийн зааж өгсөн.
-Хуулинд нөхөн олговор олгох тухай заасан уу. Хэд байх вэ?
-Нөхөн олговор нь тодорхой л доо. Барилгын метр квадратын жишиг үнэ 400.000-600.000 төгрөг. Тэгэхээр энэ үнээр тогтоох болов уу гэж бодож байна.
-Улаанбаатар хотын хэмжээнд актлагдсан, хүн амьдрах боломжгүй гэж үзэж байгаа нийт хэдэн барилга байна вэ?
-Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон 17-18 барилга байсан. Гэхдээ хэн нэгэн хувь хүн манай байр муудсан гэж мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулчихаад манайд шинэ байр барьж өг гээд сууж байх магадлалтай. Тэгэхээр энэ дүгнэлтийг байцаагчийнхаар биш тухайн байгууллагынх нь дүгнэлтээр шинэчилнэ.
- Орон сууцны үнэ өндөр байгаад авто машины гараж нөлөөлдөг гэж иргэд ярьдаг. Энэ үнэний оротой юу?
- Орон сууцны зоорийн давхар гэж яригддаг гаражийг орон сууцны үнэд шингээж өгч болохгүй гэсэн хуулийн заалт оруулсан. Харин тухайн хүн худалдаж авах сонирхолтой бол тусад нь үнэлж, худалдаж болно. Мөн төрийн мэдэлд байх инженерийн шугам сүлжээ гэх зэргийн засварыг төр хариуцна гээд тодорхой заасан байгаа.
Д.Гэрэлхүү
URL: