МҮАН-ын дэд дарга Ц.Цолмон хүүхэд, хөгшдийн нарладаг газрыг булаана
Манай улстөрчид бараг бүгд хувьдаа бизнестэй. Архи, тамхины бизнес хийнэ, аялал жуулчлал, зам, барилга, уул уурхай гээд томхон ашиг олохоор л бол салбар салбарт өөрийгөө голохгүй хүч үздэг. Архины бизнес эрхлэгчид нь ард түмнээ архиар угжиж, замынхан нь шинээр тавих гэж буй замын урт өргөнөөс нь “идэж”, байшин барьж буй нь метр квадратын зөрүү мөнгөн дээр ажиллах гээд ер нь л боломж бололцоо бүрийн төлөө үхэн хатан зүтгэж, тэр хэрээр овоо ч ашиг олон халаасаа дүүргэдэг.
Гэтэл зарим нь овоож оцойтол олсон ашгаа голж, хэдэн төгрөгийн төлөө яахаас ч буцахгүй болчих юм. Тод бөгөөд тодорхой жишээг МҮАН-ын дарга нар үзүүлж байна. Тэд түмний нялх үрс хийгээд өвгөд хөгшдийн нарладаг өчүүхэн бага газрыг гартаа оруулахын төлөө улайран зүтгэж эхэлжээ.
Хэрэв уншигчид санаж буй бол МҮАН-ын дэд дарга Ц.Цолмон “Дельта Пи” гэх хувийн барилгын компанитай. Түүний шадар, МҮАН-ын дарга М.Энхсайхан энэ компаниас нь хувь эзэмшдэг гэхээр “Дельта Пи” гэх энэ аж ахуйн нэгж бүхэлдээ МҮАН-ынх. Гэтэл дээрх эрхмүүд нийлж 60 гаруй хүүхэд хүмүүждэг цэцэрлэгийн тоглоомын газрыг хувьдаа авахаар зүйл бүрээр оролдож буй аж. Баян улстөрчдийн овоо хараанд өртөж газраа булаалгахад хүрч буй цэцэрлэг Клиникийн нэгдүгээр эмнэлгийн өмнө, МУЗН-ийн зүүн талд улаан тоосгоор барьсан орон сууцны барилгын хажууханд байдаг юм. Уг орон сууцны барилгыг тус намын удирдлагууд 2004 онд барьж “Элит” гэж нэр хайрласан юм билээ. Гэвч юун “Элит”. Байрны оршин суугчид хийгээд тэр хавийн оршин суугчдын хүүхдээ өгдөг цэцэрлэгийн жаалууд гаднаа ч тухтайхан нарлаад суучих олигтойхон талбай ч байхгүй. Харин азаар гэх үү, эзээр гэх үү байрны хажууханд 0,45 га багахан хэмжээний газарт хүүхэд тоглоход зориулсан гулсуур мэтийн ганц нэг тоглоом суурилуулсан талбай байдаг нь өдгөө тэр хавийнхны нүдний цөцгий болоод буй юм байна. Гэтэл өнөөх талбайг нь ҮШН-ын дарга нар өөрийн болгохоор ийн улайрч эхэлжээ. Тэр ч бүү хэл, эл хүслээ гүйцэлдүүлэхийн тулд шөнийн цагаар нэг бус удаа талбай руу хүнд техник оруулж оршин суугчдын бухимдлыг төрүүлж байсан гэнэ билээ.
Ер нь МҮАН-ын дэд дарга Ц.Цолмонтой холбоотой иймэрхүү таагүй мэдээлэл гарч л байсан. Тухайлбал, түүний мэдлийн компани барьсан гэх Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутагт байрладаг “Номноо” хотхонд орон сууцны ам метрийн хэмжээг илүү хэлж оршин суугчдаас илүү мөнгө авсан тухай зарга шүүх хүрч байв. Нэг айлаас нэгээс гурван ам метрийг “идэхэд” 1000-3000 ам.доллар эздийн халаасанд сул орж иргэдийг хохироож байсан баримт байдаг. Хамгийн хачирхалтай нь тэд илт нүдэн дээр луйвар хийчихсэн мөртлөө тас гүрийхдээ барилгын салбарыг барьж байсан сайдын нэр нөлөөгөөр албан тушаалтнуудыг оршин суугчдын эсрэг ажиллуулж чадаж байсан гэдэг. Тэр ч байтугай өөрсдийнх нь таалалд нийцэж ажиллаагүй төрийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгүүлэн цагдаагаар дарамтлуулах ажил ч хийж байсныг гэрчлэх хүн ч бий. Оршин суугчид хохирлоо барагдуулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын гээд хянаж шалгадаг гэх бүхий л газарт хандсан ч эгээ л хад мөргөж буй мэт Ц.Цолмон сайд асны зөв болж гараад байсанд гайхаж эцэст нь шүүхэд хандаж. Шүүх харин энэ асуудлыг оршин суугчдын талд шийдэн Ц.Цолмон тэргүүтнийг хүмүүсийн хохирлыг барагдуул хэмээн шийдвэрлэсэн байдаг. Гэвч тэрбээр шүүхийн шийдвэрийг өнөөг хүртэл биелүүлээгүй бөгөөд харин ч хөгшид хүүхдийн тоглоомын талбайг булаах нарийн төлөвлөгөө боловсруулсан шигээ тун ч завтай явна гэж ойлгож болохоор байна.
Ц.Цолмон даргын авахаар улайрч буй газрын тухайд бас л асуудал ихтэй. Яагаад гэвэл тэр хавийн газар бүхэлдээ нэгдүгээр эмнэлэгт харьяалагддаг тухай албаны хүмүүс хэлж байсан. Гэвч тэрбээр хотын А зэрэглэлд багтах, дээр нь эмнэлгийн мэдлийн гэх тодотголтой энэ бүст газар авч орон сууц барьж чадсан бөгөөд одоо дахин нэмж газар авахаар улайрч байгаа юм. Уг нь түүний олсон ашиг бага биш. Хүүхэд, хөгшдийн торойж суугаад нарлах газрыг булаагаад байхаар ядуу бас биш. Яагаад гэвэл тэрбээр 2004 онд Нэгдүгээр эмнэлгийн урд талд Элит-1, 2005 онд Элит- 2, 2006 онд “Oreal dream” гэх орон сууцны бүхэл бүтэн хороолол барьж ашиглалтад өгсөн. Түүнчлэн 2007 онд “Номноо tower” гээчийг барьж дуусгасан бөгөөд одоо “Номноо хотхон” гэх гоё нэртэй хороолол барьж буйдаа оршин суугчдаасаа захиалга аваад дуусах шатандаа орсон тухай ам алдсан байна билээ. Гэвч хүний шунал барагддаггүй бололтой. Ц.Цолмон хүүхэд хөгшид нарладаг 0,45 га газраар яг яах гэж байгаа юм бол.
Л.Гэрэл
URL: