ДОХ-ын 100 илүү тохиолдлын 10 гаруй нь Оюутолгойгоос илэрчээ
Оюутолгой хөрөнгө оруулалтаараа олон ажил хийсэн тухайгаа өдөр тутмын мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлөн улиг болтол ярьдаг.
Эрүүл мэндийн сэдэвтэй арга хэмжээнд хөрөнгө гаргаснаа ч нуудаггүй. Тэр нь голдуу сургалт, сурталчилгааны аястай, төлбөргүй үзлэг, шинжилгээ, оношлогоо явуулав гэсэн мэдээлэл байдгийг уншигч, үзэгчид андахгүй. ХДХВ/ДОХ-той тэмцэх олон улсын өдрөөр Өмнөговийн төв болон Ханбогд суманд ёс төдий ажил зохиодог гэх юм билээ.
Харин улсын чанартай ажилд оролцдоггүй, хайнга ханддаг нь хэнд ч ил харагддаг юм. ХДХВ/ДОХ-ын халдвартай залуус сэтгүүлчидтэй уулзахад нэгэн залуу их шүүмжлэлтэй хандаж байлаа. “Үе үе сургалт зохиодог ч голдуу өөрсдийн мэргэжилтнүүдийг хэд хоног эрхлүүлдэг газар байгаа юм. Тэд очоод чухам юу хийдгийг мэдэхгүй. Лав л нийтийг хамарсан ажил хийлээ гэж сонсогдоогүй. Халдварт өртөх магадлал өндөр хятад, монгол ажилчиддаа мэдээлэл өгдөггүй шахуу юм билээ” гэж байсныг сэтгүүлчид сонссон. Сүүлийн үед хачин, жигтэй мэдээлэл олонтаа сонсогдох боллоо. Тэндхийн нэлээд хариуцлагатай ажилчдын яриагаар бол Монголд бүртгэгдээд буй ХДХВ/ДОХ-ын 106 тохиолдлын 10 гаруй нь, бүр тодруулбал 14 нь Оюутолгойн ажилтнуудаас илэрчээ.
Өөр эх сурвалж ч байна. Гашуунсухайтын нэгэн гуанзанд хоол идэж байсан хятад ажилчдын асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн ч энэ талаар ярьсныг цайны газрын ажилтнууд хийгээд тэнд хооллож байсан иргэд сонсоод ихэд цочирджээ. Оюутолгойн цалин буухаар биеэ үнэлэгчид цугладаг, Гашуунсухайт байнгын биеэ үнэлэгч охидтой болсон гээд л шуугиж байна. Олны үг ортой шүү дээ.
ХДХВ/ДОХ-ын халдвартай байлаа гэхэд Оюутолгой буруутай биш нь ойлгомжтой. Тийм нөхцөл байдал үүсчихээд байхад анхаараагүй холбогдох газрууд буруутай. Тухайлбал, ЭМЯ, ХӨСҮТ-ийн харьяа мэргэжлийн газрууд болон тэдний удирдлага, сайд, дарга нарыг хэлээд байгаа юм. Ер нь говийн аймгуудад дээрх халдвар гарсан нь сонирхол татдаг. Дундговь, Дорноговь ч үүнд хамаатай.
Харин тус аймгийн иргэдийг үүгээр далимдуулан ялгаварлан гадуурхаж үл болно. Тэдэнд мэргэжлийн туслалцааг л цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх нь эрхэм бөлгөө. Говь тэр чигтээ олны хөлийн газар болов. Цаашид бүр ч төвлөрөх төлөвтэй. Асуудал их л гарна даа. Нууж, хаалгүй ил тод ажиллах зарчим баримтлах л хэрэгтэй болов уу даа. Бусдыг мэргэжлийн хүмүүс мэднэ биз ээ.
М.Тэлмэн /www.wikimon.mn/
URL: