Хонгор сумын иргэд сэтгэцийн эмгэгтэй болж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд цианит, мөнгөн усанд хордсон хэрэг гарсан ч Монгол улсын төр үүнийг хүлээн зөвшөөрөөгүй өдийг хүрсэн билээ.
Тэгвэл тус сумын хордсон иргэд сэтгэцийн эмгэгтэй болж буй байж болзошгүй болжээ.
Энэ тухай эрдэмтэн, судлаач Ш.Пүрэвсүрэн энэ тухай :

“Хонгорын оршин суугчид  сэтгэцийн өөрчлөлттэй болж буй нь мөнгөн усны ионы хорноос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, мөнгөн ус агаарт ууршиж, ион хэлбэрт шилжчихсэн байгаа юм. Энэ бол металл мөнгөн уснаасаа илүү хортой. Металл хэлбэрийн мөнгөн ус арьсаар дамжаад дотор эрхтэнг хордуулдаг. Харин ион хэлбэрт шилжсэн органик мөнгөн ус шууд мэдрэлд нөлөөлдөг. Анх Японы Минимата хотод 1958 онд муур галзуурснаар мөнгөн усны хордлого эхэлж байсан түүхтэй. Муур үсэрч байгаад унаад, дараа нь шувуу унаж үхээд эхэлсэн байдаг.

Ион хэлбэрийн мөнгөн ус амьтны эсэд хүртэл нөлөөлж байгаа нь тэр. Японы эрдэмтдийн судалснаар тархины уураг тархи руу ордог цусан хангамжийн наад талд хаалт шиг юм байдаг. Тэр хаалт янз бүрийн бактерийг оруулдаггүй хэрнээ мөнгөн усны ионыг таньдаггүй оруулчихдаг юм байна. Түүнээс болоод сэтгэц нь өөрчлөлт орж, үр хүүхэд нь хүртэл сэтгэцийн гажигтай төрдөг гэдгийг нотолсон. Тиймээс Миниматад маш олон ээж зулбасан байдаг.

Хонгор суманд ч ийм үйл явдал давтагдаж байна. Цөөнгүй ээж үр хөндөлт хийлгэсэн. Хэд, хэдэн үхрийн нүд сохорч байсан. Сэгийг нь задлаад үзэхэд дотор гэдэс нь ногоорчихсон байсан. Тугал үсгүй төрж байсан зэрэг бүгд дээр ярьж байсантай холбоотой. Тиймээс эмч нар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна.
Тодруулбал : Эрүүл мэндийн яамнаас мэдрэлийн эмч нараараа үзлэг хийлгэж, шалтгааныг нь тогтоолгомоор байна. Цаашид эмчлэх тал дээр ч дорвитой анхаармаар юм. Өмнөх шигээ “Байдаг л юм” гэж хандахгүй байгаасай гэж хүсч байна.” хэмээн өгүүлжээ.

Харин тус аймгийн удирдлагууд болон тойргоос нь сонгогдсон гишүүд одоог хүртэл хордсон иргэдээ хамуурсан гэж үзсээр буй юм.

Э.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих