Би хичээнээ!
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын дэд түрүүч М.Лхагвадорж
-Анх цэргийн албанд ирсэн өдрөө эргээд нэг дурсаж ярилцлагаа эхлэх үү?
-Цэрэг татлагын комиссоор орж тэнцээд хотод алба хаах хүсэлтэйгээ хэлтэл Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилсан. Тэр үед үнэхээр баярласан. 032 дугаар ангийг Хүндэт харуулын анги, хэр баргийн залуусыг авдаггүй, шалгуур өндөртэй гэж урд нь сонссон болохоор үнэхээр баярласан. Бид чинь шөнө 2 цагт анх анги дээрээ ирээд усанд орж, хувцсаа аваад 4 цагт унтаж байснаа тодхон санаж байна. Анхны өдөр болоод ч тэрүү их л сонин байж билээ. Цэлийсэн том танхимд эгнэсэн орнууд, дээр нь “сэрээд” гэсэн команд. Эхний өглөө сонсоод энэ чинь юу билээ гэж унтах, сэрэх хоёрын хооронд бодож байгаа юм чинь.
-Дүрэм, журамд нь дасах гэж хэцүү байв уу?
-Гайгүй ээ. Би багаасаа эмээ дээрээ мал маллаж өссөн болохоор баргийн зүйлд ажрахгүй. Мэдээж хэрэг орчин солигдож байгаа болохоор мэдэхгүй, дасаагүй зүйл гарна. Хувцас эвхэхээс эхлээд л суралцсан. Хоол нь хүртэл сонин. Хөдөөний бид чинь мах, гурилаас өөр зүйл идэх нь ховор. Янз бүрийн нарийн ногоо, идэж үзээгүй хоол эхэндээ сонин л юм билээ. Ялангуяа анх хөц будаа идэхэд пэлцийгээд нэг л эвгүй байсан. Одоо бол дуртай зүйлийн маань нэг.
-Шинэ цэргүүдийг “дэглэх” гэсэн зүйл сонсогддог…
-Манай ангид л лав тийм зүйл байгаагүй. Дээр үед бол байсан юм шиг байна лээ. Аав маань 1987 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд 2 жил цэргийн алба хаасан. Цэрэгт байсан тухайгаа ярих дуртай. Намайг явахад тэр дэг гэдгийн чинь талаар “Мэр сэр тийм юм байдаг л юм. Гэхдээ шантралгүй албаа сайн хаагаарай” гэж захисан. Төсөөлж байснаас огт өөр, дэг энэ тэрийг амсаагүй. Шантраад байх ч зүйл алга. Өдрийн 4 хоол, алчуур савангаас эхлээд бүх зүйлийн хангалт, дээр нь хичээл ном заалгана. Бид чинь гэртээ ийм байж чаддаггүй ш дээ.
-Хичээл ном гэснээс цэрэгт ирээд юу сурав?
-Хүндэт харуулын анги болохоор ачаалал ихтэй. Энэ хэрээрээ ч сурах зүйл олон. Тактик, тусгай бэлтгэл, жагсаалын бэлтгэл гээд л өдөр бүр хичээлтэй. Миний хувьд олзуурхаад байгаа нэг зүйл нь компьютер ашиглаж сурч байгаа. Ойр зуурын зүйлийг дажгүй хийчихдэг болсон. Бие бялдрын хувьд бол асар их өөрчлөлт гарсан. Суниах нь битгий хэл гүйж ч чаддаггүй хүн чинь одоо бол “мэргэжлийн тамирчин” болчихсон шүү.
-Танай анги ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд их оролцдог. Чиний хувьд…
-140 гаруй ёслолын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Дөнгөж ирчихээд Бүх цэргийн хар сүлд цэнгүүлэх ёслолд оролцсон. Үнэхээр бахархмаар, сүрдмээр санагдсан. Бас улсын баяр наадмаар тугийн шилжүүлэгчээр үүрэг гүйцэтгэсэн. Аав ээж, ах дүү нар маань зурагтаар харчихаад баяр хүргээд л байсан.
-Та нарын дүрэмт хувцас ч гоё шүү?
-Ангидаа ирчихээд дээд оныхоо цэргүүдийг хараад хурдхан энэ хувцсыг нь өмсөж үзэх юмсан гэж бодсон. Өөрөө өмсөөд харахад би биш ч юм шиг, нэг л өөр, сайхан байсан. Дарга нарын маань жагсаал ч байдал, эрдэм мэдлэг нь үнэхээр бахархмаар. Ийм мундаг болох юмсан гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрдөг.
-Халагдах дөхөөд л …
-Ганцхан cap үлдсэн. Шинэ цэрэг байхад халагдсан ах нар ангидаа ирж, дарга нартайгаа уулзаад “Ёстой эвгүй юм. Ротоо, нөхдөө санаад хоол ч хоолойгоор давахгүй байна” гэж ярихыг нь сонсож байсан. Тухайн үедээ яагаад тэгдэг юм болдоо гэж бодож байсан бол одоо надад ч бас нэг л эвгүй байгаа. Гэхдээ би азтай. Ангидаа үлдэх байх.
-Яаж ? “Нууцаа” хуваалцахгүй юм уу?
-Ахлагчийн албанд улирах гэж байгаа. Хөл газар хүрэхгүй баяртай явна. Уг нь манайх Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат. Гэхдээ аав, ээж маань хүүгээ бараадаж амьдрана гээд хотод ирчихсэн. Дүү маань сургуулиа төгсчихөөд бас араас ирнэ гэсэн. Манайхан бас бөөн баяр байгаа. Ялангуяа эмээ минь яасан сайхан юм гээд л үнсээд байсан.
-Тэгвэл Зэвсэгт хүчний эгнээнд нэг мөсөн шилжих нь ээ?
-Тийм ээ. Ажил, амьдралынхаа гарааг сайхан эхэлж байна. Цаашдаа сурах зүйл, биелүүлэх зорилго их бий. Би хичээнэ ээ.
Х.Ганзул
Эх сурвалж: “Соёмбо”
URL: