НАМБАРЫН ЭНХБАЯРТ

Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ-ийн 1997 онд Намбарын Энхбаярт бичиж асан захиа:

Насны даваа уруу ихэд уруудсан хойноо миний хүүхдээс ялгаагүй залуу хүнд ийм хатуу хайрган үгтэй захидал бичихэд хүрэх юм гэж санаагүй явжээ. Би баяр гомдлоо илэрхийлэх хэвлэлийн талбар гээч юмыг олон жилийн өмнө олж авсан учраас иймэрхүү эпистоляр жанрын юмаар маруухан хүний л нэг. Гэвч мэргэн дүүд энэ хэдэн үгийг бичихээс өөр аргагүйд хүрсэн шалтгааныг минь ойлгоно биз ээ.

Би энэ Монгол газар далаад жил хүн болж, хүзүүн дээрээ толгой тээж явахдаа цөөн дайсантай, олон нөхөртэй явлаа. Чи бид хоёрын хооронд энэ Монгол Улсын иргэн болохоос өөр ямар ч холбоо, ямар ч өр төлөөс, ямар ч нэхэл дагал байхгүй. Буриад эхийн хэвлийгээс төрсөн хүү гэж зүгээр нэг жалганы маягийн талтай нүдээр би чамайг харж явдаг байлаа. Би бол амьдралын урт зам туулж олон янзын хүнтэй уулзаж учирч, холдож ойртож явсан бас ч муугүй гярхай нүдтэй зохиолч, хүний сэтгэхүйн талын бага зэрэг мэдлэгтэй учраас зохиолчдын хороонд чамтай ганц хоёр жил ажиллахдаа жаахан зайнаас ажин харж, холын бодолтой нь, холын шуналдаа дийлэгдэж мэдэх хүн юм даа гэж боддог байсан юм.

Хожим Соёлын яамны сайд байхад чинь энэ бодол минь улам лавширсан. Одоо бол чамайг хутагтын дүр эсгэсэн их шуналтан байжээ гэж шулуухан хэлье. Чиний мэтийн ийм жигтэй шуналтангууд “Өдрийн завсрын ноён” болох цаг төрийн байдал Монголд нүүрлэснээр чи маш богино хугацаанд “умопомрачительный карьер” хийж Хувьсгалт намын толгойд гарсан. Хувьсгалт намын толгойд залуу шинэ хүчин гарч ирэх цаг болсон нь үнэн. Гэхдээ чамтай адил дүүрсэн карьерист биш ухаантай буурьтай багачуул гарсан бол сайн байсан юм. Чи намаа, магадгүй улсаа аваад явчих ухаантай буурьтай хүнсэн бол хувьсгалт намаа аврах гээд булшилж яваа Роозонтон мэтийн “реваншистуудын” дуу хоолой болох ёсгүй байсан. Гэтэл чи гэв гэнэт Монголын Зюганов болчихлоо. Зүй нь чи засаг төрийн эрх барьж буй үе тэнгийнхэнтэйгээ реваншистуудын гар хөл болж үзэлцэх биш ухаан мэдлэгээрээ, улс төрийн зүтгэлтний буурь сууриараа “үзэлцэх” ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн суудлыг одооноос зүүдлэн, гагцхүү мөнөөх холын шуналдаа автан уулгардаж, цаг төрийн харьцангуй тогтвортой байдлыг яг энэхэн үед устгахыг санаархан давшилж эхэллээ. Чиний улс төрийн хараа харин энэхэн эгзэгтэй цагийг олоход л хүрэлцлээ.

Далан хэдэн жил ардынхаа хүзүүн дээр мордож амьдрах чадваргүй болгосон Хувьсгалт нам тэр л амьдрах чадваргүйн эрхээр тоталитар ёсыг эргэн санагалзаж эхэлсэн хөөрхий олныхоо сэтгэлээр тоглон чамайг гаргаж ирснээс биш чи намдаа ч улсдаа ч гавьяатайдаа гарч ирээгүй.

Чиний үзэл бодлын талаар би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи намын толгойд гарахдаа хар Африкийн нэгэн үеийн дарангуйлагчид өмсч бас багагүй цус нөж болгосон “Ардчилсан социализм” гэдэг хуучин багийг өмсч Хувьсгалт намын үеэ өнгөрөөгсөд болоод гэнэн багачуулыг илбэдээд гарч ирсэн…

Чи хэдэн жил Соёлын яамны сайд байхдаа сайдын дүр эсгэхээс цааш ер гараагүй. Цагтаа Эрдэнэзуугийн мөхлийн тухай дуулиантай шиг өгүүлэл бичсэн шинэхэн сэтгүүлч сайдын суудал эзлээд тэр Зуугаа өөд татах талаар юу ч хийгээгүй мэтийг чинь тоочоод яах вэ! Хэрвээ чи үнэхээр шашин соёлоо хүндэтгэдэг хүнсэн бол (төвд хэл сураад бурхны шашны сургаалын гайхамшгийг мэдэж эхэллээ хэмээн ярьж байсныг чинь би мартаагүй) Хувьсгалт намын кассанд хэдэн зоос оруулах л зорилгоор “бардак” болгосон Лениний музейн барилгыг дүрслэх урлагийнхаа музейд өгчих эр зориг гаргах л байсан.

Гэтэл чиний эр зориг огт өөр юманд буюу ширээ, өмч хоёрт л зориулагдах нь тов тодорхой. Сайд байхдаа чи Соёлын сангийн санаачилж хийсэн ажлыг өөртөө хаяглачихаас ичдэггүй байсан. Чи бас муухай хоёр нүүр гаргаж чадаж байна. Үнэхээр шинэ цагийн эринд намаа авч явах хүсэл зорилготойсон бол гуч дөчөөд оны аюулт яргалал харгислалын төлөө олон түмнээс уучлал гуйдаггүй юмаа гэхэд ядахдаа тухайн үеийн харгис бурангуйчуудыг буруушаан зэмлэх ухаан хүрэх л байсан. Гэтэл байчихаад бараг л өөрөө хэлмэгдэлд өртсөн гэх нь холгүй “тангарагийн гэрээ” байгуулна хэмээн цаанаа бол өнөөх л реваншист холын санаатай санал хэлээд сууж байна. Би чамд үүнийг л шулуухан хэлье гэсэн юм. Эрвээхэйн насгүйгээ би мэдэж байна. Гэвч “Всем смертям назло” хэдэн жил явахдаа л явна. Чиний мэтийн хутагтын дүр эсгэсэн бэрднүүдтэй үзэлцэж яваад л дуусна.


URL:

Сэтгэгдэл бичих