“БУРУУТАЙ ХҮН БАЙХГҮЙ. ТЕХНИКЭЭС Л БОЛЛОО”

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр бүтэн дөрвөн цаг хуралдаж, цахим үнэмлэх хэвлэж чадаагүйн буруутныг хайв. Гэвч олсонгүй. Гэхдээ бас ч гэж үр дүнтэй. Хэвлэгдэхгүй цахим үнэмлэхийг уншуулахаар сонгосон машин нь түүнийгээ танихгүй гэдгийг мэдэж авлаа. Тэр нь ердөө л бэлэн мөнгөний карт уншуулах төдийхөн, хэн ч хамаг мэдээллийг нь олоод авчихаж болохоор энгийн эд гэнэ. Ингээд буруу төхөөрөмж сонгосны хариуцлагыг хэнд оноохоо хайв, бас л буруутан олдсонгүй. Ер нь бүтэлгүйхэн эрэл, маргаанаар дүүрэн байлаа. Явж явж цахим үнэмлэх хэвлэж чадаагүй нь техникийн дэвшлийн буруу болж таарах шиг болов.

Уг нь СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн бэлтгэл ямархуу байгааг танилцуулах учиртай байсан юм л даа. Тэр ажил нь хэвийн байгаа ч зарим нэг эргэлзээтэй асуудлаар УИХ чиглэл гаргаж өгөөч гэсэн юм. Тухайлбал, сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллах төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг сонгох шалгуур тодорхойгүй байна. Цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө хэвлэх боломжгүй болсон тул сонгогчдын хурууны хээг уншуулах учиртай болно. УИХ заавал хурууны хээг таниулах ёстой гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд УБЕГ-ын мэдээллийн сангаас хэсгийн 2500 хороо тус бүрийн сонгогчийн мэдээллийг зөөх гэнэ. Энэ тохиолдолд улсын нууцад хамаарах уг мэдээллийг ямар ажилтан хариуцах, хамгаалалт, аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм.

Мөн саналын хуудасны тэмдэглэх хэсгээс бусад газар сонгогч хэн нэгэнд “шипи” өгөх зорилгоор өөр тэмдэглэгээ хийвэл яах вэ гэсэн асуудал байгаа аж. Хуульд “Санал өөрөөр тэмдэглэсэн бол хүчингүй” гэсэн болохоос өөр газар гарын үсгээ зурах, ямар нэг тэмдэг хийвэл хүчингүй гээгүй. Улс төрийн намууд захиалгаар саналын хуудаст ийм тэмдэглэгээ хийлгэх замаар дүнг будлиантуулж болзошгүй гэж зарим гишүүн сэрэмжилж буй юм. Ийм тохиолдолд тухайн төхөөрөмжөөр хэсгийн тэмдэглэгээг уншиж чадахгүй гэнэ. Байнгын хорооны хуралд УБЕГ-ын дарга Л.Амарсанаа, СЕХ-ны удирдлагууд, “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Н.Нацагдорж, цахим үнэмлэхийн төслийг хариуцсан тус компанийн ажилтан Дүгэрсүрэн, Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, өмнө нь уг асуудлыг хариуцаж байсан АН-ын дарга Н.Алтанхуяг гээд “хэргийн эзэд” бүгд байсан.

Гишүүд саналын хуудсыг гараар давхар тоолох талаар хөндсөн ч хуульдаа ийм зохицуулалт хийхээ мартчихсанаа ойлгов. Тэгээд ч саналын хуудас унших төхөөрөмж цаас бүрийн зургийг автоматаар авч, хадгалах программтай. Асуудал гарвал ажиглагчид, намууд энэ зургийг файлаар нь авч хянах боломжтой, үүнийг хуурамчаар хийх боломжгүй хэмээн СЕХ-ны дарга тайлбарласан. Саналын хуудас тоолох төхөөрөмжид эргэлзсэн хүмүүс муулаад байсан сканнерыг “эргэн дурсахад” хүрнэ лээ. Д.Энхбат: -Саналын хуудасны зургийг машин автоматаар авна гэж байна. Тэр мэдээллийг нь хүссэн намд өгч болно. Гэвч тэр файлыг бодит саналын хуудастай тулгаж шалгах боломжгүй учраас урьдчилж бэлдчихсэн байх боломжтой шүү дээ. Тиймээс бид “итгэ, хяна” гэсэн зарчим баримтлах ёстой. Төхөөрөмжүүдийг ТЕГ хянана гэнэ. Тэр чинь төрийн байгууллага учраас хэцүү шүү дээ. Одоо өөр ямар гарц байна вэ?

Н.Лувсанжав: -Бид тийм л зарчмаар ажиллаж байгаа. Илүү ил тод байдлаар саналын хуудсыг тоолж, улмаар хянах боломжтой БНСУ-ын сканнерыг танилцуулахад гишүүд татгалзсан шүү дээ. Одоо энэ машинд итгэж болно гэсэн 100 хувийн баталгааг СЕХ өгч чадахгүй. Хурууны хээг таних машин хэрэгтэй гэвэл авчихаж болно. Гэхдээ УБЕГ-аас нууц мэдээллийг хэсгийн хороодод хүргэх, түү- нийг хэн сонгогчийн хурууны хээтэй тулгах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Өөрөөр бол өмнөх аргаараа иргэний үнэмлэхийг сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгаад явж болно.

Ц.Батбаяр: -НИТХ-ын сонгууль хамт бо лох нь. ИТХ-ын болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг саналын нэг хуудаст бичих үү?

-Энэ талаар төхөөрөмж нийлүүлсэн Dominion voting компаниас лавласан. Тэд “Саналын хуудасны загвар, тоолох горим адилхан байвал хамт явуулах боломжтой. Саналын нэг хуудаст ар өвөргүй бичээд багтвал төхөөрөмж унших тал дээр асуудалгүй” гэж хэлсэн. Саналын хуудас А4-өөс арай том хэмжээтэй байх учир багтана гэж үзэж байгаа. Тусад нь саналын хуудас хэвлэх боломжгүй. Цаасыг тусгайлан захисан, бас үнэтэй. Тэгээд ч УИХ-аас хоёр сонгуулийг хамт явуулах шийдвэр гараагүй байхад СЕХ илүү цаас авах боломжгүй байсан.

Н.Алтанхуяг: -Цахим үнэм лэхийг будлиулах нь. СЕХ-ны танилцуулгаар бол хурууны хээг ч уншуу лахгүй юм байна. Уг нь Ажлын хэсэг дээр энэ талаар тохиролцсон биз дээ. Хурууны хээг таних төхөөрөмжийг сонгох ко миссын гишүүдийн олон хийг ажлаа мэддэг УБЕГ-ын ажилтнуудаас бүр дүүлж, СЕХ-той хамтран байгуулсан. Гэтэл Л.Амарсанаа уг байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч болмогцоо хүмүүсээ татсан. Үүнээс болоод энэ ажил гацсан гэж үнэн үү?

Н.Лувсанжав: -Тэр үед цахим үнэмлэхийг хэвлэж тараана гэсэн бодолтойгоор ярьж байсан. Одоогийн иргэний үнэмлэхээр сонгууль явуулбал хурууны хээг унших мэдээллийн бааз байх ёстой. Үүнийг ямар технологиор, хэн хариуцаж хэсгийн хороодод ажиллах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. УБЕГ хүмүүсээ татсанаас болж ажил саатсан юм байхгүй. Үүнээс болж нэг хэсэг ойлгомжгүй байдал үүссэн нь үнэн.

Н.Алтанхуяг: Сонгосон төхөөрөмж чинь цахим үнэмлэх уншихгүй гэж үнэн үү. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

Н.Лувсанжав: -Бид иргэний үнэмлэх хэвлэх ажлыг хариуцаагүй. Техникийн шийдлийг гаргадаг байгууллага ч биш. УБЕГ-аас хэд хэдэн удаа асууж, технологийн үзүүлэлт, стандартыг нь аваад түүний дагуу машиныг авсан. Ингээд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бол сон явдлыг “хүүрнэн өгүү лэв”. Зас гийн газар 2011 оны арван нэг дүгээр сард цахим үнэмлэхийн нууцлал, загварыг баталсан. “Бодь интернэшнл” компанитай цахим үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх гэрээ байгуулсан. Бэлдцийг нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 28-нд нийлүүлж дуусах байсан ч нөгөө талаас “Загвараа өөрчлөхгүй бол болохгүй нь” гэсэн хүсэлт тавьсан. Энэ хооронд АН засгаас гарч, Ц.Нямдорж ажил хүлээж авсан. Ингээд хоёрдугаар сарын 1-нд загварыг шинэчил сэн. Сүүлийн бэлдэц зургаадугаар сарын 1-нд ирэх байсан. Одоо энэ бүх үйл явцыг уншигчид сар өдөртэй нь цээжээр мэддэг болсон биз. Ингээд нөгөө талаас дахин асуудал гарлаа, хойшлуулаач гэснээр байдал өнөөдрийн нөхцөлд хүрсэн. “Одоо цахим үнэмлэх хэвлэж амжихгүй болсон. Хуучин иргэний үнэмлэхээ ашиглана. Угаас Сонгуулийн тухай хуульд “шинэчилсэн” гэж үг байхгүй, зөвхөн иргэний үнэмлэх гэж байгаа” гэж тэрбээр хэлсэн юм. Нэг ёсондоо гаднын компаниуд буруутай гэлээ.

Н.Нацагдорж (”Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал): -Цахим үнэмлэх хэвлэх ма шиныг АНУ-ын “Датакарт” компани нийлүүлэх юм. Гэрээ байгуулсан үеэс л тэд “Танайх карт уншуулах ямар машин авч байгаа вэ” гэдгийг асуусан. Улмаар гуравдугаар сарын 21-нд тус компаниас хоёр хүн ирж, СЕХ, УБЕГынхантай уулзаж, карт уншигч төхөөрөмжтэй танилцсан. Тэд “Энэ төхөөрөмж тохирохгүй. Нууцлал гээд байхаар зүйлгүй, хэт энгийн байна” гэж хэлсэн. Манай төслийг удирдагч Дүгэрсүрэн нар Финланд явж, стандартын уншигчийн загварыг авчирсан. (Уг төхөөрөмжийг үзүүлэв) Гэвч манайх унших машинаа солихгүй гэсэн учир тус компанийнхан үүнд нийцүүлж программаа дахин өөрчилсөн. Уг нь солино гэвэл манай улсад зориулж тусгайлан хийе гэж байсан юм. Стандартын карт уншигч сонгоогүйгээс ажил хойшилсон. “Датакарт”- ынхан ирэх сарын 3-наас программаа бэлэн болгоод 7-ноос үйлдвэрлэж эхэлнэ.

Н.Алтанхуяг: -Н.Лувсанжав уншигч машины бүх зүйл хэвийн гэж хариулсан, одоо Н.Нацагдорж өөр зүйл ярьж байна. Хэн нь үнэн хэлээд байгаа юм бэ? Н.Лувсанжав: -Уг асууд лыг улсын хэмжээнд хариуцсан байгууллагаас нь техникийн үзүүлэлтийг аваад л машин авсан. Шаардлага хангахгүй юм бол захиалагч, гүйцэтгэгч хоёр ярих ёстой. Бид УБЕГ-аас олон удаа асууж байж авсан шүү дээ. “Ийм төхөөрөмж авах гэж байна” гээд марк, дугаарыг нь явуулж хүртэл асуусан. Энэ асуудал сөхөгдмөгц бусад нь гайхав. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Энэ талаар олон удаа ярьж байхад карт уншигч нь стандарт бус байсныг яагаад одоо л хэлж байгаа юм бэ” гэлээ. Д.Энхбат “Тэгвэл байшин бариагүй, ердөө хэдэн тоосго тавьчихсан сууж буй юм байна” гэв.

Л.Амарсанаа (УБЕГын дарга): -Хуулийн дагуу автомат төхөөрөмж худалдан авах ажлыг СЕХ, Сангийн яам, ТӨХ хариуцах ёстой. Н.Алтанхуяг гишүүн намайг сонгуулийг будлиантуулах гэж Ажлын хэсгээс хүмүүсээ татсан гээд байна. Ажлын хэсэгт УБЕГ оролцох нь хууль бус байсан учир хүмүүсээ татсан.

Ч.Содномцэрэн (СЕХны нарийн бичгийн дарга): -Н.Нацагдоржийн үзүү лээд буй уншигч төхөөрөм жийг бид харсан. Стандар тынх нь төхөөрөмжийг авсан нь зөв байх гээд УБЕГ-аас асуусан. Тэд “Өмнөх программаа өөрчлөхгүй” гэсэн хариу өгсөн юм. Бас Н.Нацагдоржоос тэр төхөөрөмжийн тухай асуухад “Сонгогчийн нэрсийн жагсаалтын өөрчлөлтийг унших боломжгүй” гэж хэлсэн.

Н.Алтанхуяг: -Би ер нь юм үзэж хардаг болчихоод байгаа. Одоо та нар нэг нэг рүүгээ чихээд байна. Ийм юм болно гэдгийг мэдээд тэр Ажлын хэсэгт УБЕГ-аас технологоо мэддэг, мэргэжлийн хүмүүсийг оруулсан байсан юм шүү дээ. Гэтэл Ц.Нямдорж энэ ажлыг авмагц УБЕГ-ыг сонгуулийн ажилд оролцуулахаас зайлсхийх болсон. Ер нь энэ ажлыг хийхгүй гэсэн сонирхол байсан гэж харж байна.

Н.Нацагдорж: -Бидний Финландаас загвар болгож түр авчирсан энэ төхөөрөмж иргэний үнэмлэх унших чадвартай, өндөр хүчин чадалтай. Одоо төхөөрөмжийг сольж болох ч сонгуулиас өмнө амжихгүй. Бэлэн байдаггүй, манай улсад зориулж үйлдвэрлэнэ. Б.Чинбат (УБЕГ-ын Мэдээ лэл технологийн албаны дарга): -Бид стандартын дагуу л үзүүлэлтийг СЕХ-нд өгсөн. Эдний яриад байгаа төхөөрөмж зөөврийнх, бас мэдээллээ ме мори картанд хадгалдаг юм билээ. Тиймээс мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Мөн төхөөрөмжийг цаашид төрийн байгууллагад ашиглах учир зөөврийнх байх нь тохиромжгүй байсан.

Ц.Нямдорж: -Хуулиараа дээрх гурван байгууллага төхөөрөмж сонгох ёстой байхад УБЕГ оролцвол үүнийг улстөржүүлнэ. Ер нь технологийн шийдлээ олоогүй байж Хуулиа баталсан нь асуудал үүсгэж байна шүү дээ.

З.Энхболд: -Холбогдох байгууллагын хүмүүс нь ирсэн ч буруутныг олж чадахгүй байна. Энэ бүх ажилд 30 тэрбум төгрөг зарцуулсан. Мөнгө, цаг байхад тохирохгүй төхөөрөмж авчи хаад одоо бие бие рүүгээ буруугаа чихэж байна. Энэ хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулах саналтай байна.

Д.Энхбат: -Санал нэг байна. Ер нь нэг ажлыг олон өөр компаниар хийлгэснээс ийм зүйл болж байгаа юм. Ц.Нямдорж: -Олон компаниар хийлгэх шийдвэрийг УИХ гаргасан. Ийм шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдийг бас шалгах хэрэгтэй шүү дээ.

Н.Энхболд: -Хуулиас илүү техникийн асуудал юм байна. Одоо СЕХ-ноос тавьсан асуудлыг яаж шийдэхээ ярья. Ингээд хамаг бурууг манайд тохирохгүй техник, гаднын хоёр компанид чихээд тэд уснаас цэвэр гарахаар чармайв. Өөрөөр хэлбэл, УИХ техникийн хүчин чадлын өмнө хүчин мөхөстөх нь тэр. АН-ынхан “Цахим үнэмлэхийг үгүй болгоод одоо хурууны хээ таних машиныг ч ашиглахгүй гэсэн зам руу явж байна” хэмээн хардав. Үнэндээ хурууны хээг таниулах машин ашиглана ч гэхгүй, ашиглахгүй ч гэхгүй тун бүрхэг хэрүүл өрнөсөн юм.

Эцэст нь Засгийн газар ямар гарц байгаа талаар төсөл боловсруулан оруулж ирэх нь зөв хэмээн Байнгын хорооны дарга үзлээ. Гэтэл Ц.Нямдорж “Засгийн газарт сонгууль зохион байгуулахад оролцох эрх байхгүй учраас боломжгүй” гэв. АН-ынхан “Хурууны хээ ашиглах машин хэрэглэх үү, үгүй юү” гэж холбогдох хүмүүсээс хэдэнтээ асуугаад тодорхой хариу авч чадсангүй. Ямар ч шийдэлд хүрэлгүй Байнгын хороо тарав.

С.ТУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих