Ц.Нямдорж: Намайг хууль зөрчсөн гээд тогтоочихвол би үг дуугүй яваад өгнө
Өчигдөр хуралдсан төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараахь тодруулгыг авлаа.
-Н.Энхбаяр даргыг баривчилсантай холбоотой олон асуудал үүсээд байна. Энэ үйл ажиллагааг таныг удирдсан гэх юм?
-АТГ-ын явуулсан тэрхүү үйл ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйл заалтын дагуу хийгдсэн. АТГ саналаа гаргаж прокурор зөвшөөрч, шүүх захирамж гаргаад хийсэн ажил гэсэн үг. Харин гэрээс нь барвчилсан ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу хийгдсэн. 74 дүгээр зүйлд байцаалтад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргаж, цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэсэн байдаг.
-Гишүүдийн гаргасан үндэслэл таныг сайдын суудлаас огцруулах шалтгаан биш гэсэн үг үү?
-Хуульд заачихсан байдаг юм. Түүнээс биш би өөрөө ингэж үзэж байгаа юм биш. Хэрвээ би тухайн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож эхэлсэн бол жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болох байсан.
-Таны даалгавраар Н.Энхбаярыг баривчилсан гэж үзэж байгаа ш дээ?
-Миний ойлгож байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан шөнө АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нар ажил дээрээ хоносон юм шиг байгаа юм. ЦЕГ-ын дарга нь тухайн нөхцөлийн хэв журам, албадан ирүүлэх тогтоолыг биелүүлэх ажиллагааг удирдсан байсан. Андуураагүй бол пүрэв гаригийн 23 цаг 30 минутад албадан ирүүлэх тогтоолыг гүйцэтгэ гэсэн цохолтыг ЦЕГ-ын эрх бүхий хүн хийсэн байна билээ. 24-06 цагийн хооронд хойшлуулашгүй ажиллагаанаас бусад бүх тохиолдолд байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулж болдоггүй. Хүн нас барсан үед газар дээр нь очиж үзлэг хийхийг хойшлуулшгүй ажиллагаа гэж үздэг. Бусад тохиолдолд хуулийн байгууллага 24-06 цагийн хооронд байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг юм. Хуулиар хязгаарласан энэ хугацаа нь болчихсон учраас 24-06 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд 06 цаг болгоод албадан ирүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Эрх бүхий байгууллагынх нь бүх дарга нар ажил дээрээ суугаад хонож байхад хуулиар хориотой хүн үүрэг даалгавар өгнө гэж байхгүй биз дээ.
-Хууль, хүчний байгууллагын сайд энэ байдлыг мэдэлгүй ганцаараа унтаж байсан гэдэгт та юу хэлэх вэ?
-Д.Сандаг-Очир генерал 21 цаг 30 минутын үед ийм үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэгдсэн. Би хариуд нь “Байцаан шийтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа учраас та нар тус тусынхаа эрхийг дор бүрнээ хэрэгжүүлээрэй. Хүн гэмтээж, замбараагүй байдал үүсгэж болохгүй” гэж хэлсэн.
-Та маргааш нь би мэдээгүй, унтаж байсан гэж хэлсэн ш дээ?
-Миний хэлсэн үгийн зарим хэсгийг нь салгаж аваад цацчихсан юм шиг байна лээ. Өглөө босоод утсаар асуухад “Ажиллагаа дуусаад Төв аймгийн замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй гэдэг мэдээлэл надад өгсөн” гэж би ярьсан байгаа. Энэ тухай ярихдаа унтаж босоод гэдэг үг хэрэглэсэн юм. Түүнийг нь тасдаж аваад цацсан юм байна лээ.
-Н.Энхбаяр даргыг суллах гэж байгаа гэлүү?
-Би энэ тухай мэдээгүй байна. Энэ бол байцаан шийтгэх ажиллагаа шүү дээ. Суллах шийдвэрийг зөв гэж үзэх юм бол АТГ санал гаргаж, прокурор нь хянаж, шүүгч нь захирамжаа хүчингүй болгодог. Би монгол хуулийн алтан хилийг давж гишгэх юм бол гэдэг үг хэрэглэдэг дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алтан хил гэдэг бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн хянах үйл ажиллагаа явуулах үед хэн ч орох ёсгүй хил байдаг юм. Энэ хилийг давчихаад өөр асуудал яривал хуульд харш.
-Та Төв аймгийн хорих төвд очиж “Н.Энхбаяр даргыг чангал” гэж тушаасан юм уу?
-Ийм мэдээлэл гараад байна лээ. Яг үнэндээ би Төв аймагт очилгүй тав, зургаан жил болж байна. Ноднин жил л хажуугаар нь өнгөрсөн байх даа.
-Таныг огцруулах санал гаргаснаар танай намд хагарал үүссэн гэх мэдээлэл байна. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Манай намын харьяалалтай зарим гишүүд асуудал тавьсан нь үнэн. Тэд нар хэрхэхийг өөрсдөө шийдэх хэрэг. Нам дотор хагарал гарахгүй байлгүй дээ. МАХН руу гүйгээд намаа нэгтгэх ёстой тэгэхгүй бол ялагдаж магадгүй гэж ярьдаг хүмүүс намайг огцруулах санал тавьсан хүмүүс дунд бий. Энэ надад сонирхолгүй асуудал. Би хууль зөрчихгүй гэж хичээж суугаа хүн. ЦЕГ, АТГ зэрэг байгууллагууд эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулахад зүгээр л хараад сууж байх ёстой. Зүгээр суухгүй бол өнөө хуулийнхаа алтан хил рүү явж орчих гээд байдаг юм шүү дээ. Би арван жил прокурор хийчихсэн болохоор Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хил нь хаана байдгийг, хэзээ зөрчил гардгийг мэддэг хүн.
-Таныг сайн дураараа албан тушаалаа өгөх хэрэгтэй гэх хүмүүс байгаа. Энэ тухайд?
-Эхлээд хэн нь хууль зөрчив гэдгийг тогтоох хэрэгтэй. Санал гаргасан зарим хүн нь хууль зөрчиж үү, эсвэл Нямдорж зөрчсөн байна уу гэдгийг тогтоох нь зөв. Намайг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарах юм бол би үг дуугүй яваад өгнө. Гэхдээ намайг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж чадахгүй. Яагаад гэхээр би хууль зөрчөөгүй учраас тийм юм болохгүй.
Л.МӨНХТӨР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: