Хуулиас тэрсэлсэн 192 зөвшөөрөл хэний эрх ашгийг хамгаална вэ, АМГ-ын дарга Д.Батхуяг аа
Эрх мэдэлтэй болов уу, үгүй юу буруу замаар будаа тээх гээд байдаг яам, агентлаг, газрын дарга нар мэр сэр бий. Буруу замаар явсан нь эхнээсээ хууль хяналтын байгууллагаар мөрдөгдөж, яллагдагчаар татагдаж байсныг уншигчид мэдэх байх. Харин сүүлийн үед Ашигт малтмалын газартай холбоотой мэдээлэл чих халууцуулах болов. “Эрх мэдлээ ашиглан тусгай зөвшөөрөл олгосон”, “Эзэмшлийн лицензийг бусдад шилжүүлсэн”,”Тэр хуулийн төдийг зөрчсөн” хэмээн гомдоллож, энэ байгууллагаас болж шүүхийн хаалга татагсад олширчээ.
Ашигт малтмалын гэх тодотголтой битүү хатуу байдаг энэ газартай холбоотой хууль бус үйлдлүүд бидний анхаарлыг татсан юм. Гэхдээ эхний удаа “урт нэртэй” хуулийн эсрэг тэрсэлж Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг эрх мэдлээ ашиглан 192 тусгай зөвшөөрөл бусдад олгосон баримтыг энэ удаа сөхье.
С.Баярын гарын хүн гэгдэх тэрээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль мөрдөгдөж эхлэх зуур ар хударгаар нь тусгай зөвшөөрөл олгоод сууж байсан байх юм. Түүний олгосон тусгай зөвшөөрлийг бид он, сар, өдөртэй нь олж авсан юм. (Хажуугийн хүснэгтээс харна уу) Хамаг л сайхан гол мөрөн, уул, ус түшиглэсэн газруудад тэрээр хууль зөрчин бусдад зөвшөөрөл олгожээ. Хар л даа. Алтан од, Зоост-Уул, Бага ноён, Баян нуур, Хонгор толгой, Баянтойрог, Алтан гадас, Алтан, Авдарын говь, Шаазгайн гол, Гурван тэс гээд голдуу нутаг орных нь иргэд сүслэн залбирч биширч хүндэлдэг газрууд. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд байх жишээний. Тусгай зөвшөөрөл олгосон энэ газруудын нэр нь гоё, чамин. Тухайн газраа тодорхойлсон ч байж болох. Өвөг дээдэс маань зүгээр ч нэг Баянтойрог, Зоост-Уул гэх мэтээр нэрийдээгүй нь лав. Гэтэл ийм газруудыг сорчлон өгчээ. Гол ус, ойн сав бүхий хамгаалалттай энэ газрыг бусдад өгөх гэж яарсны учир нь юу юм бол. Тэр дундаа “урт нэртэй” хууль мөрдөгдөж эхлээд ийм газруудад олгосон лицензээ татаж эхлэх тухай ярьж буй энэ цаг үед АМГ-ын дарга өөрөө ар хударгаар нь ийм гоомой зүйл хийжээ. Тэгэхээр Д.Батхуяг төрийн албан тушаалтныхаа хувиар энэ хуулийг нэг гараараа хэрэгжүүлж, нөгөө гараараа “боомилж” байсан болж таарч байна уу. Олгосон тусгай зөвшөөрөл нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхийн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалтай олгогдсон нь баримтаас харагдаж буй юм. Мөрдөгдөж буй хуулийн эсрэг эрх мэдлээ ашиглан бусдад олгосон энэ хууль бус тусгай зөвшөөрөл хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. “Урт нэртэй” хуулиар бол ашигт малтмалын 245 лиценз хураагдах тухай яригдаж байгаа. Лицензээ хураалгасан аж ахуйн нэгжүүд төрөөс нөхөн олговор авах юм. Дээрх 192 тусгай зөвшөөрлийн лиценз төрөөс олгогдох нөхөн олговрыг сул хүртэх гэсэн ч байж болох.
Энэ хуульд заасан үндэслэлээр 245 лицензийг хураахад болохгүй зүйлгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр ашигт малтмалын “акул” компаниудын эрх ашиг зөрчигдөх л байх. Тэглээ гээд яах вэ. Тэд лицензээ хураалгаснаар өнөөдөр идэх талхгүй болчих юм биш. Хамгийн гол нь багахан баялгаас болж байгалийн үзэсгэлэнт, тогтоц бүхий газраа сүйтгэж болохгүй. Өнгөрсөн арав гаруй жил талхлагдсан газар шороо, хүнд машинд туучуулсан ой модоо оройтойгүй дээрээ хамгаалахын тулд энэ хуулийг гаргасан баталсан. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн өргөн уудам газраа хамгаалах хариуцлага энэ цагийнханд оногдсон учир энэ үеийнхэн тэмцэж, хамгаалахыг оролдож буй хэлбэр. Хамгийн гол нь энэ хуулиа биелүүлээд шударга ажиллаж чадах юм бол шүү дээ. Түүнээс хэн нэгэн нь Ерөнхий сайд болж, энэ салбарт богино настай хууль гаргаад дараагийн хүмүүс нь хураагдсан лицензүүдийг өөр бусдад өмчлүүлэх асуудал байж болохгүй. Богдхан уулын дархан цаазат газрыг эрх мэдэлтнүүд хэрхсэн билээ. Нэг сайд нь томилогдож хууль гаргана. Тэгээд хураана, дараагийн гарсан эрхэм бас нэгэн төсөл хэсэг бүлэг хүмүүстэй боловсруулж батална, өнөө газрыг хуваарилж, дараагийнх нь хураах гэх мэтээр явсаар өнөөдөр талхлагдаж гүйцсэн. Үүнтэй адил гол мөрөн, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн газрууд эрх мэдэлтнүүдийн ийм нэгэн тойрогт орчихгүй л байгаасай даа.
Угаасаа Ашигт малтмалын газар үе үеийн сайд, дарга нарын анхаарлаа хандуулдаг газар яах аргагүй мөн. Гэхдээ ядаж л эрх ашгийн зөрчилгүй нэгнийг ирээдүйд орж ирэх баялгийнхаа амсар дээр суулгаж байгаасай даа. Тодорхой нэр бүхий хэн нэгэн эсвэл намын эрх ашигт нийцүүлэн тусгай зөвшөөрлийг бөөндсөн Д.Батхуяг 2009 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр энэ газрын даргаар томилогджээ. Тэрбээр энэ албанд очоод удаа ч үгүй ийм хуудуутай зөвшөөрлүүдийг зоригтойгоор олгосон байна. Түүний энэ үйлдлийг зарим иргэд буруушаан хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Үргэлжлэл бий
URL: