”Хатуу самар”-ыг цөмөхөөс наана бодох асуудал их байна
Хууль зүй гэхээр Увс нутгийн баахан шазруун эр санаанд буух. Эхнээсээ л сайд болоод төрчихсөн аятай ижилстэлээ эл яамыг толгойлсон хүн бол яах аргагүй Ц.Нямдорж. Үе үесхэн ойр хавийнхнаа ангайтал хатуухан мэдэгдэл хийчихдэг эл эрхмийг зарим нэг нь шорон зантай ч гэж гоочлох нь бий. Гэхдээ прокурорын газраас ажлынхаа гарааг эхэлсэн эл эрхмийг салбартаа хүссэн хүсээгүй ажлын туршлагаараа акул гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байна лээ.
Өөрөөр хэлбэл Цэндийн хүүтэй прокурорынхон олон юм ярихаас эмээдэг гэсэн үг. Салбарынхаа ажлыг гарынхаа 10 хуруунаас ч илүү мэддэг учраас тэр л дээ. Социализмын тогоонд чанагдаж, ардчиллын 20 жилд боловсорсон эл эрхэм сүүлийн 16 жил завсарлагагүйгээр Монгол Улсын УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Зальтай аргатай байлаа ч 16 жил луйвардуулчихаар тэнэгүүд Увсад байдаг гэвэл арай өрөөсгөл ойлголт болох биз. Тэгэхээр мань хүн, энгийн нэг хийрхэгч биш болох нь нотлогдоод байгаа юм. Ямартай ч ардчиллын 20 гаран жилийн Засгийн газрыг Ц.Нямдоржгүйгээр төсөөлөх боломжгүй. Ер нь бол Хууль зүйн сайд гэдэг Засгийн газрын түвшинд ярих юм бол Ерөнхий сайдын дараа ордог том албан тушаал. Манайхан л сүүлийн үед тэргүүн, дэд шадар сайд гэдэг юм гаргаад ирчихсэнээс биш айхтар том алба л даа. Товчхондоо Ерөнхий сайдыг эзгүйд Засгийн газрыг тэргүүлэх эрх Хууль зүйн сайдад байдаг гэх гээд байна. Дан /давхар эсвэл хамтарсан биш шүү/ засгийн үед Ерөнхий сайдын дараах эрх мэдэл бүхий албан тушаал гэхээр ойлгомжтой болох байх. Тэгээд ардчиллын 20 жил буюу Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Элбэгдоржийн үед ч Ц.Нямдорж хууль зүйн салбарыг толгойлж байсан гэдэг утгаараа хууль зүйн мэдлэгээрээ дурын нэгэнд гоочлуулаад байхаар толгой биш юм шиг санагддаг.
Аль ч өнцгөөс нь харсан аль ч төрийн нүүрэнд Хууль зүйн яамыг толгойлуулахаар арчаагаа алдсан, мэдлэгээр маруухан аавын хүүг тавьчихдаг хувь тохиол эсвэл сохор аз гэж байдаг гэдэгт би л хувьдаа итгэхгүй. Саяхан Л.Гүндалай гишүүн ярьж байна. “Ц.Нямдорж сайд, Намбарын Энхбаярыг баривчлахыг мэдээгүй, өглөө ажилдаа ирээд мэдсэн гэнэ. Үгүй ер, ийм худал зүйл байж болох уу, тийм худалч Хууль зүйн сайд байж таарах уу гэж… Уучлаарай, гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед нэг журам үйлчилдэг юм. Угаасаа гүйцэтгэх албаныханд мэдэхгүй гэдэг мянган үгний таглаа гэдгийг ёсчилдог дүрэм үйлчилдэг учиртай. Өөрөөр хэлбэл тэр хүний ажил мэргэжлийн эрх үүрэг нь гээд ойлгочиход болно. Юу дуулснаа тоть шиг давтаад өөрөө ч учрыг сайн олоогүй шахам байж ховч салхины шивнэсэн бүхнийг олон нийтэд түгээгээд байвал ямар юмных нь гүйцэтгэх ажиллагаа болох билээ дээ. Яагаад Ц.Нямдорж нэг хотхон бүү хэл нийслэл даяар шахам бужигнасан эл үйл явдлын дараа хээв нэг би мэдээгүй гэх мэдэгдлийг хийсний учрыг хуулийнхан эрхбиш гадарлаж л байгаа байх.
Ц.Нямдоржийг хатуу самар гэх нь олон. Монголын төрд 30 жил, үүнээс 20 гаруй жилд нь хуулийн тогоонд практик ажил хийж явсан хүний хувьд илүү тайлбар хэрэггүй тодотгол л доо. Увс аймгийн Малчин сумын хөвгүүн ЗХУ-ын Ленинградын Улсын их сургуулийн хуулийн ангид суралцаж төгсөөд БНМАУ-ын Ерөнхий прокурорын газраас ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Цагдаа, шүүхээр замнаж, улс төрд шүүслэгдсэн хуульчийн амьдралтай тэрээр эхнэр хоёр хүүхэдтэй. Хөвгүүд нь түүнийг 50 хүрээгүй байхад нь өвөө болгосон гэдэг. Ясны хуульч гэгдэхийн хажуугаар Хууль зүйн яамнаас уяатай хэмээн адлагддаг эл эрхмийн намтар нэг иймэрхүү.
Аль ч төрийн үед Хуульзүйн сайдаар томилогддог, энэ нөхөр ямар учиртай юм бэ гэх хардлагын бай болсон түүнийг сайдаар томилогдоход хамгийн их баярладаг хүмүүс нь тус яамныхан. Хүмүүс ам муутай л байх юм даа гэж боддог байсан ч салбарынхан башийдаг гэж сонсоод ямар учиртай юм бол гэж хэрэндээ л хардаж амьхандаа мөшгисөн. Учирсаад байх юмгүй юм билээ. Хэгжүүн үгтэй, адайр ааштай сайдын буянаар яамныхан нь хүнд сурталтнуудын өмнө гэдийдэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл ХЗДХЯ-ны мэргэжилтнүүдийн рейтинг харилцагч байгууллагуудад нь суга өсдөг. Сайдынхаа гарын үсэгтэй бичгийг бариад өөр яамны хаалгыг татахад хүнд сурталтай түшмэдийн хөшүүн хойрго байдал ул мөргүй арилж “за” л гэнэ үү гэхээс биш “үгүй” гэх үг унагадаггүй юм гэсэн. Адайр ааштай сайдын хатуу ёж үгэнд өртөхгүйг хичээдэг хэрэг.
Нөгөөтэйгүүр түүний хатуу самар гэх олдмол нэр өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй эрүү болон хүчний холбогдолтой бараг бүх хуулиудад гар, сэтгэл оролцсонтой холбогдож өгөгдсөн байх. Түүний өөдөөс хууль ярьж маргах хүн ховор байдаг байсан ч сүүлийн үед олшрох хандлага ажиглагдах болсон. Тухайлбал, түүний өөдөөс хамгийн их цоролзогч нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Мань хүн хариуд нь гөлөг гэж дуудуулсан. Мөн Ж.Сүхбаатар олон юм ярилаа гэж загнуулснаар барахгүй заамдуулсан тохиолдол ч бий. Хэдийгээр Ц.Нямдоржийг ясны хуульч гэдэг ч сүүлд ургасан эвэр урт байдагчлан залуус арай сийрэг байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Гэхдээ ажаад байхад залуус хуулийг их олон талаас нь тайлбарладаг юм байна лээ. Өнцөг, булан, тохой гэж ирээд л… Гэхдээ Монголын хуулийг нэг мөр тайлбарлах учиртай. Энэ ойлголт сүүлийн үед утга учраа алдаад байгаа гэх гээд байна л даа. Шүүх, прокурор, цагдаа бүгд хуулийг нэг мөр ойлгох учиртай. Харин энэ цагт бүгд л өөр өөрийнхөөрөө тайлбарлах гээд байдаг болчихсон учраас асуудал үүсээд байгаа юм биш үү гэх бодол төрөөд байгаа. За ямартай ч хууль зүйн мэдлэг, туршлагын хувьд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин хоёр “хатуу самар”-ын хаана ч хүрэхгүй гээд хэлчихвэл хуучныг баримтлагч, социализмыг санагалзагч гэж адлагдахгүй байх гэж найдъя.
Сүүлийн үед эл эрхмийн суудал ганхах болсон гол шалтгаан нь нэгэн цагт цусан андгай өргөсөн болов уу гэж андууртал ижилсэн хөтлөлцөж, Монголын улстөрд хүч үзэж явсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болчихоод буй. Мань хүнийг хууль засдагийг эрхэм экс анх олны сонорт хүргэсэн. Ямартай л орондоо хууль засдаг сайд гэгдэхдээ тулахав. Гэхдээ Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа мань хүнийг хууль засдаг хүн учраас Хуульзүйн сайдаар томилуулахгүй гэж хэлэх бүрэн эрхтэй л байсан шүү дээ. Тэгэхээр намын дарга байсан тэрхэн үед нь Ц.Нямдоржийн түшиг хэрэгтэй болохоор амаа хамхисан гээд тайлбарлачихад нэг их хол зөрөхгүй л болов уу. Ц.Нямдоржийг унагаах сонирхол олон хүнд бий.
Улстөрийн хүрээлэл тэр тусмаа намын нөхөд нь хүртэл нүүр бууруулж байхад ингэж дүгнэхээс өөр яахав. Гэхдээ улстөрчдөөс гадна эрүүгийнхэн уналтыг амьсгаа түгжин анаж сууна. Ашгүй одоо л нэг… гэчихсэн нүд цавчилгүй ажиж суухаа ядахгүй. Мань хүн 1996-2000 оны үед баахан шуугиан дэгдээсэн дээ, нийгэмд. Центр пойнт, Гүнтийн буудалцаан, Тан Луугийн хэрэг гэхчилэн эрүүгийнхнийг өөрийнхөө эсрэг болгосон түүх бий. Тэр ч утгаараа Ц.Нямдоржийг унагах нь яг энэ цаг мөчид эрүүгийнхэн, улстөрчид, мөн сонгууль дөхөж буй үед намныханд нь үнэлж баршгүй ашиг болж харагдаад байгаа юм.
Хэзээний хэдэр хэгжүүнээрээ алдартай сайдтан саяхан, та нар намайг дуугүй болгомоор байвал ал, аль эсвэл хорь гэж уцаартайхан өгүүлж суугаа харагдсан. Эндээс харахад эл хүмүүнийг дарамталсан байх магадлал өндөр харагдаад байгаа юм. Юутай ч Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр үгүйсгэх боломжгүй, /боломжгүй шүү/ нэг зоосны хоёр тал. Хоёр найз унахдаа бие биенээ татаж унагахыг оролдож байх шиг байна. Гэхдээ эл хоёр хүний хувьд хэн хэн нь хийсэн юмтай, хэлэх үгтэй хүмүүс. Харин Ц.Нямдоржийг огцруулах хүсэлт гаргаад буй МАН-ын найман нөхөр бол өөр асуудал. Уучлаарай дээрх нэр бүхий наймын дотор нэг ч хуульч байхгүй. Илэн далангүй хэлчихэд Н.Энхбаярыг саатуулсан гүйцэтгэх ажиллагаа дээрх нэр бүхий эрхмүүдийг шоконд оруулчихсан байх магадлал маш өндөр харагдаад байгаа юм. Хүчтэй бөхтэй учраа таарсан цэргийн бор хүү азаар унагачихаад яг ямар мэх ашигласнаа мэддэггүй юм гэсэн. Яг л түүн шиг явдал болоод байна гэсэн үг л дээ. Шоконд ороод тэрийгээ мэдэлгүй хүнд гэмтэл авчихсан байхаа ч мэдэхгүй байж мэдэхээр байна. Нөгөөтэйгүүр сүүлийн үед Монголын түүхэнд бараан толбо үлдээсэн гашуун дурсамжууд санаанд ороод байх боллоо. Монголын төр, зүтгэсэн хүндээ хатуу ханддаг гэдэг үгийг санахад ч тэр…
Социализмын үед Монголын Ерөнхий сайдууд харьд хоригдож, хороолгогддог байсан. Бараг л жишиг болчихоод байсан даа. Харин ардчиллын эхэн үед Ц.Элбэгдорж Ж.Батмөнхөд харьцангуй хүндэтгэлтэй хандсанаар эл гунигт, гаж жишиг тасарсан гэж болно. / Хөөрхий дөө, Ж.Батмөнх гуай гурвын бетон бариад л сүүнд дугаарлаж зогсдог байсан гэдэг. Гэтэл энэ цагийн хурган дарга ч энэ талаар бодох нь бүү хэл төсөөлж ч чадахгүй болтлоо цамаархах болсон гэдгийг мартаж боломгүй./ Тэгэхээр дундажлаад бодоход Монгол төрийн тэргүүнд хатуурхалгүй 20 он улирч гэж тооцож болно. Харин Н.Энхбаярыг баривчлах явдал эгэл түмний сэтгэлзүйд их хүндээр туссан. Саатуулах, албадан баривчлахын ялгааг салгаж тунгаахын оронд айхтар хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм биш байгаа гэх сэрдлэг түлхүү төрсөн гэх гээд байна л даа. Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж, ард түмний сонголтоор дэлхийд Монголоо төлөөлж байсан Н.Энхбаярын оймстой хөлийг гозогнуулсаар ачаад явах нь онцгүй харагдсан. Зарим талаар эл үйл явдлын дараа гадныхан Монголын төр рүү давшлах алхмаа хийж эхэлсэн юм биш байгаа гэх мухар сэрдлэг их адаггүй төрсөн.
Төрөхөөс ч өөр аргагүй. Н.Энхбаярын баривчилгааны талаар дэлхийн хэвлэл мэдээлэл шуугьж, гадны том том агентлагуудын сэтгүүлчид Монголд олноороо ирэх болсон нь худлаа биш шүү дээ. Тиймдээ ч АТГ-ынхан авлигатай тэмцэхээр хөдлөв үү, аль эсвэл гадныхны дэмжлэгээр үйл ажиллагаа өрнөв үү гэх асуулт урган гарсныг нуух юун. Хэрэв зээ энэ таамаг бодитой байвал ирэх сонгууль жинхэнэ утгаараа аймшиг болно. Монголын баялагт шунасан гадныхны хөл гар төрд шургалснаар Монголоо гэх сэтгэлтэй хүн бүрийг хилсдүүлэх хэлмэгдүүлэх их аян өрнөнө.
Бохир мөнгө угаах талбар болчихоод байгаа юм биш үү, Монгол гэх албан бус сэрэмжлүүлгийг аль хэдийнэ бидэнд өгөөд эхэлчихэж. Хэрвээ эл бүхнийг яг одоо л илрүүлж таслан зогсоохгүй бол ирэх сонгууль ирээдүйн тухай өөдрөг зүйл бодох нөхцөлгүй болтол бантагнана гэж мөрийцсөн ч яахав. Жаахан хальчихад 1992-1996 оны үед манай төрийн түшээд гадны айлчлалд явахаар болсон тухай Т.Ганди сайд ийн дурссан байдаг. Тэр үед гишүүд одоогийнх шиг лексус-470,570 унаж давхих нь бүү хэл сольж өмсөх олигтой хослолгүй байсан гэдгийг эл дурсамж баталдаг. Гадныхны нүдэнд гайгүй харагдах хэрэгтэй, өмсөх зүүхдээ анхаараарай гэж удтал ярилцсаны эцэст мөнгөө хэмнээд нэгийгээ брэнд гээчээр хувцаслаад явуулчихъя гэх шийдэлд хүрч байсан тэр үеийг өнөөтэй жиших ч юм биш. Гэтэл өнөөдөр хамгийн наад захын гишүүн гартаа 500 сая төгрөгийн үнэтэй цаг зүүж догирхдог болж. Гадны бохир мөнгө угаагдаад байгаа юм биш биз гэх хардлага төрөхгүй байх үндэслэл байхгүй л байгаа биз дээ. Казиногийн гэх хэргийн гурав ч гэсэн хүлээн авалтанд очоод өнөө брэнд гээчийн тэлээг нь авчихсаныхаа төлөө авлига авсан хэргээр “аав”-ынд саатуулагдсан нь худлаа биш шүү дээ. Тэр ч утгаараа гадныхны бохир мөнгөний угаалт Монголын Ерөнхий сайд Амар нарын гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа байхгүй. Хүн хүнээ барьж иддэггүй. Сайн муугаа тогоондоо ярилцаж, тогоондоо шийдэж сурмаар байна, монголчууд.
Ц.Нямдоржийг түмнээ боорлож мянгантаа ноцовч тэр сайн дураараа өргөдлөө өгнө гэж үгүй. Тэр угийн л тийм хүн. Харин ч нэг хотойхгүй, чухам л ясаа цайтал үзэх биз. Гэвч цайх цайлгахдаа асуудлын гол нь байгаа юм бас биш ээ. Хамгийн гол нь асуудлаа халуун ам бүл дотроо шийдэхдээ л байгаа юм. Саяхан Ж.Батзандан ярьж байна лээ. Ц.Нямдоржийн байшин шиг байшин бариулсан чинь 45 сая төгрөг л орсон. Нэг тэрбумын өртөгтэй байшинтай гэдэг ч арай дэгсдүүлсэн юм болсон байна лээ гэж… Үнэндээ тэрбумаар үнэлэгдэх хэмжээний байшинтай хүн Монголд цөөн. Д.Тэрбишдагва, Х.Баттулга нарын байшин л тэр хавьцаа үнэлэгдэх байх. Тэгээд ч Хуульзүйн сайдын хувийн эзэмшлийнх гэх тодотголтой хоёр давхар зуслангийн байшин / мэдээж дээхэн үеийн зуслангийн амбаартай харьцуулалтгүй л дээ/ нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх юм бол хөрш зэргэлдээх Өсөхбаяр аварга, найруулагч Нямдаваа нарын байшин хоёр тэрбум төгрөг хүрэх үү. Яаж ч харсан сайдынхаас мундаг л харагдах юм байна лээ. За энэ ч яахав байшингийн үнэлгээ төдийхөн асуудал. Хамгийн гол нь энэ бүхнээс улбаалаад гадныхан Монголын төрд хяналт тогтоох гэсэн оролдлого бодитоор хэрэгжээд бид эх орондоо бусдын эрхшээлээр амьдардаг болчих вий гэх болгоомжлол л байна. Дашрамд дуулгахад сүүлийн үед хариуцлагатай холбоотой аль дивангалавын үеийн гэх хандлага ажиглагдах боллоо. Тухайлбал, аав нь муу бол хүү нь буруутан гэх гаж дүгнэлт газар авах шинжтэй байгаа нь ажиглагдах болсон гэсэн үг. Ц.Нямдорж муу, худалч хүн, хүү нь тийм л байж таарна. АНУ-д консулаар сууж байгаа нь аавтай нь холбоотой ч гэх шиг. Гадны нэр хүнд бүхий сургуулийг амжилттай дүүргэсэн Анхныбаяр гэх залууг аавынхаа нэрээр далайлгаж АНУ-д бүү хэл дэлхийд дээд зэргийн сургалттайд тооцогддог сургуулийг хангалттай сайн үнэлгээтэйгээр төгссөн гэхэд итгэх үү.
Н.Энхбаярын хүү Э.Батшугар өдгөө хэл амны бай болоод буй Өргөө зочид буудлыг хувьчлах үед мөн л гадаадад суралцаж байсан. Он цагийн хэлхээсээр бэдэрч үзэхээр тэр үед 19-хөн настай байсан байж таараад байгаа юм. 19-хөн настай, алс нутагт оюутан байсан залуу хүү энд хор найруулж хувьчлал хуудуутуулж явсан байж таарах уу. Бодох л асуудал. Сүүлийн үед Ц.Элбэгдоржийг муучлах аян өрнөсөн бололтой. Хүүхдүүдийг нь хайж эхэлсэн сураг дуулдах болсон. Энэ бүхнээс харахад, аавынх нь өмнөөс хүүг нь буруутгах үзэл гадныхны дэмжлэг эртнээс бэлдсэн найруулсан төлөвлөгөөт жүжиглэл шиг үзэгдээд байна. Монголоо гэсэн мэдлэгтэй, чадвартай хүн бүрийг хилсдүүлж эзэн суух гэсэн харь бодлого хэрэгжих туршилтын талбар болчихож байгаа юм биш гэх бодол амар суулгахаа болих нь… Авлигаар эхэлсэн асуудлын ард харийнхан л байхгүй бол бусад нь хамаагүй ээ…
З.Урсгал
URL: