АН-ын тэрбумтнуудын хөрөнгө зузаарчээ
УИХ-ын гишүүдийг хувийн хөрөнгө болон орлогоороо АН-ынхан өнгөлж явна. Монголын толгой тэрбумтнуудыг төрүүлсэн улс төрийн хүчин гэж АН-ыг нэрлэж болох хэмжээнд энэ намын гишүүдийн бэл
өнгөрсөн хугацаанд ихэд арвижиж, хөрөнгө зузаарчээ. Ингэхээс ч аргагүй байх. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг тус намын гишүүд 20 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тодруулбал, 20 сая төгрөг намынхаа дансанд хийсэн хүн хэн ч байлаа гэсэн, сонгуульд нэр дэвших эрхтэй болж байв. Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газарт багтан ажиллаж, төрийн өндєр албан тушаалд заларсан АН-ынхан 2012 онд дээрх босго мөнгөний хэмжээг эрс өсгөж 50 сая төгрөгт хүргэсэн билээ. Эндээс харахад АН-ын гишүүдийн бэл зузаарч, үүний хэрээр нэр дэвших босго мөнгөний хэмжээ ч үнэмлэхүй өсчээ. Монголын тэрбумтнуудын магнайд бичигддэг гишүүд тус намд олон бий. Тухайлбал, 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад “Женко” Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригт нар үзүүр түрүү булаацалдаж явна.
Нийт 17 компанид их, бага хэмжээгээр хувьцаа эзэмшдэг Д.Зоригт гишүүн 30 гаруй тэрбумын хөрөнгөтэй. Гэхдээ эрхэм гишүүний бодит хөрөнгө 100 тэрбумаас давсан гэдэг сураг байдаг. Даруухан загнаж буй нь энэ үү, дарж мэдүүлсэн хэрэг үү, 30,8 тэрбум хөрөнгөө тэрбээр АТГ-т мэдээлжээ. Монголын толгой баячуудын нэг “Женко” Х.Баттулга хөрөнгө мөнгөөрөө MCS-ийн Ж.Оджаргалтай амьхандаа зиндаархдаг нэгэн. Нийлүүлээд тоолбол 11 компанид эзэн суусан Х.Баттулга 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө удаалж явна. Өөртөө байгаа бүхнээ хаяж марталгүй бичвэл мєн л 100 орчим тэрбумын хөрөнгөтэй гэж түүний тухай бизнесийн хүрээнийхэн шивнэлддэг.
2008 онд 11 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн мэдүүлж байсан Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар гурван жил ажилласны эцэст гурван тэрбум төгрөгөөр хөрөнгөө арвижуулж амжжээ. Тэдний араас мөр даран орж ирсэн гишүүд бол “Бридж”-ийн гэх Д.Ганхуяг. Тоолоод байвал 12 компанийн 25-90 хувийг эзэмшдэг, гурван тэрбумын хөрөнгөтэй Д.Ганхуягаас мєн л АН-ын гишүүн кёкvшюзан Д.Батбаяр дутахгүй чинээлэг нэгэн аж. Хувьдаа 22 компанитай түүний хөрөнгө таван тэрбум төгрөг гэж байгаа. Тун удахгүй тэрбумтны эгнээнд дэвшин орох хүн бол АН-ын дарга Н.Алтанхуяг. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахан Н.Алтанхуяг өөрийн жилийн орлогыг 154,5 сая, эхнэрийнхээ орлогыг 134 сая хэмээн мэдүүлж байжээ. Гэтэл 2011 оны байдлаар АН-ын дарга Н.Алтанхуягийн жилийн орлого 220 сая болон өсч, гэр бүлийн хүнийх нь 262 сая болон нэмэгджээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү дөрвөн тэрбум гаруй хөрөнгөөрөө парламент дахь баячуудын дунд таахалзаж буй бол БХ-ын сайд асан Л.Болд 7,9 тэрбум хөрөнгөөрөө гайхуулж байна.
Эндээс харахад Монголын парламент тэрбумтан олонтой, баячуудад хаялгатай газар бололтой. МАН-д цөөн тооны тэрбумтан бий. Гэхдээ АН-ын тэрбумтнуудын армийн хаана ч хүрэхгүй гэдэг нь тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдана. Кекүшюзан Д.Батбаярын жилийн орлого л гэхэд хоёр тэрбум, гэр бүлийнх нь хүний жилийн орлого 2,6 тэрбум төгрөг гэж байгаа. Хөрөнгө мөнгөний хувьд ойлгомжгүй гишүүн ч эднийд бий. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл жилийн орлогоо 30,6 сая, эхнэрийнх нь 11 сая гэж мэдүүлжээ. Гайхалтай нь орон сууц байтугай хашаа байшин, компани, үйлдвэр үйлчилгээний газар эднийд байхгүй. Бүр машин ч үгүй гэж мэдүүлсэн байгаа нь анхаарал татна. Найман ширхэг бод малтай гэдгээ харин нуугаагүй гэх. УИХ-ын гишүүний жилийн цалин 12 сая орчим төгрөг байдаг. Тэгэхээр П.Алтангэрэл гишүүнийх компанигүй, хувийн үйлдвэргүй, ядаж ундааны цехгүй хэрнээ нийт 40 гаруй сая төгрөг хаанаас олдог нь сонирхол татаж байгаа юм.
Түүнтэй адил Г.Баярсайхан гишүүний орлого ч бас эх үүсвэр нь тодорхойгүй. Түүний жилийн орлого 116,9 сая, эхнэрийнх нь 23,7 сая төгрөг аж. Өндөг шиг өөгүй гэгддэг Х.Тэмүүжин гишүүний орлого хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй байгаагаараа Г.Баярсайхан, П.Алтангэрэл нарынхтай адил. Түүний жилийн орлого 27,6 сая, гэр бүлийнх нь хүний орлого 43,5 сая төгрөг юм байна.
Энэ мөнгөний эх үүсвэр тодорхойгүй. Хувьдаа компанигүй, үйлдвэр үйлчилгээний газаргvй хэрнээ цалингаас гадуур хэрхэн орлого олсон байж таарах уу? Эсвэл дээрх нэр бүхий гишүүд эд хөрөнгө, орлогын эх үүсвэрээ мэдүүлэхээс татгалзав уу? Өөр байдлаар, далд бизнесээс олсон орлого гэж үүнийг ойлгох уу?
За энэ ч яахав гэхэд цалингаас гадуур олсон орлогодоо оногдох хүн амын орлогын албан татвараа төлсөн болов уу?
З.Энхболд гишүүн 2000 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Төрийн сангаас 44 сая төгрөгийн зээл аван АНУ-д суралцаад ирсэн. Эдүгээ түүний жилийн орлого 71 сая, гэр бүлийнх нь хүний орлого 14,6 сая төгрөгт хүрдэг. Мєн “Интер” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн байх юм. Найман жил өнгөрчихөөд байхад З.Энхболд гишүүн төрийн сангийн зээлээ төлөөгvй байгаа нь өөрийнх нь хэлдгээр шударга ёсонд хэр нийцэж буй юм бол. Түүний зээлчихээд өгөхгүй байгаа энэ мөнгөөр нэг ч гэсэн толгойтой аавын хүү гадаадад сураад ирвэл уг нь аятай юу.
Энэ мэтийн олон тодорхойгүй тайлан АН-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харагдана. Энэ олон тэрбумтныг эгнээндээ багтаадаг АН яагаад намын байраа босгож чадахгүй байгаа нь анхаарахгүй байх аргагүй асуудал. Доголонгийн газар доголон, сохрын газар сохор байхыг хүсч, халаас нимгэн, амьдрал ядуу ард түмэнд адилхан нэгэн болж ойлгогдох улс төрийн увайгүй сонирхол АН-д байна уу?
С.Цацрал
URL: