Мардайн ураны уурхайн эмгэнэлт хувь тавилан
Оросуудад хаягдсан, монголчуудад мартагдсан Дорнодын ураны орд газар өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Улаанбаатар хотоос зүүн хойш 960 км-т, Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог энэхүү ураны ордыг судлах ажил 1970 оноос эхэлжээ. Тухайн үед улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж, 1978-1981 онд урьдчилсан хайгуулыг явуулж хүдэржилтийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцжээ. Нийт геологи-хайгуулын ажилд тухайн үед 127.3 сая рубль зарцуулсан гэдэг тооцоо өнөөдөр архивт хадгалагдаж байгаа юм. Энэхүү ордыг ашиглахын тулд гүний усны цооног гаргаж, 20 км урт ус дамжуулах шугам Улз голоос татсан аж. Оросын Холбооны улсын Хар нуурын УЦС-аас Мардайн орд уруу татсан өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25 мегаваттийн дизель цахилгаан станцтай. Мардай, Чойбалсан хотын хооронд 35 квт-ын модон тулгууртай өндөр хүчдэлийн шугам татчихсан байгаа. Үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний нүүрсийг ордоос зүүн урагш 115 км-т байрлах Адуунчулууны уурхайгаас хангах тооцоо гаргажээ. Орд газруудыг төвлөн байгуулсан Эрдэс хэмээх хаалттай сууринд зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр орж, гарч байсан гэнэ. Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар оросыг зорьдог байсан гэж ахмадууд ярьж байна. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсан бөгөөд эхнийх Дорнод орд дээр, дараагийнх тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байсан аж. Орос ах нар энэ уурхайг ашиглаж, бас үр шимийг нь хүртэж байсан ч нэг л өдөр хаагаад явчихсан түүхтэй.
Уурхайг орд болгож хувиргасан түүх
Цагтаа 10 000 гаруй орос оршин суугчтай, хангай газрын бэсрэг уулсын дунд орших энэ суурин Зөвлөлтөөс эрчим хүчээ авдаг, цахилгаан тасалдах үед хэрэглэх нөөцийн дизель станцтай байжээ. Оросууд Мардайн уурхайг хааж, 1999 онд Монгол Улсын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгон энэ тосгонг, төмөр замтай нь, бүхий л эд хөрөнгөтэй нь ТӨХ-д үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм гэнэлээ. Харамсалтай нь хэдхэн жилийн өмнө олборлолт хийж, ашиглаж байсан энэ том уурхайд өнөөдөр Мардайн орд газар гэсэн нэр зүүж, лиценз болгон тараагаад өгсөн байх юм. Газар доор 250 метр гүнд 20 км туннель, түүнээс дахиад 250 метрийн доор бас дахиад 20 км туннельтэй, бэлэн төмөр замтай, ашиглалт явуулах бүрэн боломжтой том уурхайг орд газар гэж нэрлээд зогссонгүй. Ашиглалтын лицензийг 50-хан мянган төгрөгөөр олгожээ. Хамгийн харамсалтай нь цацраг идэвхт ашигт малтмалыг наймаалцаж байхад хэн ч тоосонгүй. Үүнээс гадна бүхэл бүтэн уурхайг лицензээр зарж байхад Төрийн өмчийн хороо ч мэдсэнгүй. Тэр ч бүү хэл Мардайн ураны уурхайг Хөрөнгийн бирж дээр худалдаж байхад ч мэдэхгүй л сууцгааж байлаа. Хамгийн харамсалтай нь 50-хан мянган төгрөгөөр зарагдсан энэ лиценз таван сая долларын мөрийнд тавигдаж, тив дамжин тэнүүчилсэн бололтой.
Ураны ордын лиценз таван сая долларын мөрийнд тавигдсан уу?
Харин сүүлийн хэдэн жил том гүрнүүд эрчим хүчний хямралд автаж, дэлхий нийтээр хямд төсөр эрчим хүчний эрэлд гарсан нь ураныг сонирхох хандлагыг эрс өсгөсөн аж. Ураны ханш ч огцом өсч цаашид ч нэмэгдэхээр байгаа. Дэлхийн зах зээл дээр ураны ханш өсөж байгааг мэдсэн монголчууд хаагдсан уурхай, мартагдсан уранаа санасан. Харамсалтай нь Мардайн ураны ордоос авахуулаад Дорнод аймагт байх бүхий л орд газрууд Канад, Орос, хятадуудын мэдэлд оччихсон, зарим нь бүр хөрөнгийн бирж дээр хувьцаа гарган хэдэн сая долараар хэмжигдэх мөнгө босгочихсон байлаа. Мардайн ураны уурхайг 1997 онд “Төв Азийн Уран” нэртэй компани анх эзэмшиж байсан гэнэ. Америкийн хөрөнгө оруулалттай уг компанийн захирал нь Воллэс Мэйс Канадын “Хан Ресорсез” компанитай хамтран ажиллахаар болжээ. Үүний үр дүнд “Төв Азийн Уран” компанийн хувь “Хан Ресорсез” компанийн мэдэлд очжээ. Монголчууд биднийг нүдэн балай, чихэн дүлий сууж байхад Дорнодын уран хаа байсан Канадад хэрүүлийн алим болон өнхөрч, бас хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгох арга болж байж. Анх лиценз эзэмшдэг байсны хувьд “Хан Ресорсез” компанийн гүйцэтгэх захирлаар Воллэс Мэйс ажиллаж байсан аж. Воллэс Мэйс гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ мөрийтэй тоглож, таван сая доллар алдсан, Дорнод аймагт байх Мардайн ураны ордыг мөрийд тавьж тоглосон гэх яриа бий. Үүнээс гадна тэрбээр өрөө дарахын тулд “Хан Ресорсез” компанийн мэдэлд байсан Дорнодын ураны хувьцааг өөрийнхөө “WM Mining” компани руу шилжүүлэх гэж оролдож байсан аж. Энэ Энэ тухай нь Канадын “CCN” мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. 2006 оны 11 сарын 13-ны өдөр 18 цаг 50 минут Торонто
“Хан Ресорсез” компани Воллэс Мэйс захиралтай “WM Mining” компаниас хохирлоо нэхэмжлэн шүүхэд хандлаа.
Канадын “Хан Ресорсез” компани Воллэс Мэйс захиралтай “WM Mining” компаниас учруулсан хохирлоо барагдуулахаар Онтариогийн дээд шүүхэд хандлаа. Воллэс Мэйс нь “Хан Ресорсез” компанийн хувьцааг Монгол дахь өөрийн хувийн компани болох “WM Mining” компани руу шилжүүлэхийг оролдсон үйлдлийг нь Онтариогийн дээд шүүх хууль бус хэмээн үзэж 2006 оны 10 сарын 12-нд уг үйлдлийг таслан зогсоох шийдвэр гаргажээ. “Хан Ресорсез” компани нь Воллэс Мэйсийг гүйцэтгэх захирлаар ажиллах явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн, дур мэдэн хууль бус үйлдэл хийсэн хэмээн буруутгаж “WM Mining” компани болон түүнээс компанид учруулсан хохирол болох 15 сая долларыг нэхэмжилжээ. “Хан Ресорсез” компанийн Ерөнхийлөгч Martin Quick /Мартин Кюик/ энэ явдлын тухай “Воллэсийн энэ хууль бус бусармаг үйлдлээс болж бид хөрөнгийн зах зээл дээр асар их алдагдалд орлоо. Хэдийгээр ураны лицензийн асуудал бидний талд бүрэн шийдэгдсэн боловч манай компанид учирсан санхүүгийн хохирлыг Воллэс зайлшгүй барагдуулах ёстой” гэж мэдэгдэв” гэх мэт мэдээллүүд хэвлэлийн хуудас чимж байсан байх юм.
Воллэс Мэйс гэгч энэ этгээд “Хан Ресорсез” компанид учруулсан 15 сая долларын хохирлоо тус компанид эзэмшдэг өөрийн 18 сая долларын үнэ бүхий хувьцаанаасаа төлж барагдуулсан гэдэг мэдээлэл байна.
Тэмээн дээр ямааны гарз
Мардайн уурхай тоногдож, Эрдэс тосгон балгас болон хувираад удаж байна. Хамгийн харамсалтай нь дэлхийд үнэ цэнээ гайхуулж, олон хүний анхаарлыг татаж байгаа энэ ураны уурхайн газар бүгд хүний хөрөнгө болж хувирсан байх юм. Мардайн уурхайн газарт 14 лиценз олгосон гэдэг тоо байгаа. Гэвч энэ тоо бодитой эсэх нь бас л тодорхойгүй. Ашигт малтмалын тухай шинэчилсэн хууль батлагдсанаар хууль бусаар олгогдсон лицензүүдийг төр буцаан авах ёстой ч өнөөдөр энэ ажил зогсинги байдалд ороод байна. Үүнээс гадна олборлолт явуулж байсан газар лиценз олгох нь хуулиар хориотой. Гэтэл хуулиа зөрчиж, лиценз олгож, гадны луйварчдад найр тавьсны гор өнөөдөр гарч ирлээ. Ураны орд газарт лиценз эзэмшдэг “Хан ресорсиз” ХХК Монгол улсын Засгийн газрыг Олон улсын арбитрийн шүүхэд өгч, 200 сая ам доллар нэхэмжилж байгаагаа ил тод зарлалаа. “Хан ресорсиз” ХХК нь Дорнодын ураны ордын ашиглалтын 237А тусгай зөвшөөрөл, хүдрийн гол 7-р биетийн хагасыг хамарсан хайгуулын 9282Х тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан компани. Харин монголчууд энэ үнэ цэнэтэй ордыг 50-хан мянган төгрөгөөр зарж, дээрээс нь Арбитрийн шүүхэд дуудагдан нэр нүүрээ барж байна. Ёстой л нөгөө тэмээн дээр ямааны гарз гэж үүнийг л хэлэх байлгүй.
Б.Цоож
URL: