Дамирангийн Энхбатыг хэрхсэн тухай албан ёсны түүх болон цаазаар авах ялын нууцлалын тухайд
НҮБ-ийн тусгай шалгагч-илтгэгчийн илтгэлд үндэслэв.
Б. Хурц даргыг Англид ямар хэргээр баригдаад байгааг бараг хүн бүр мэдэж байгаа. Хамгийн хачирхалтай нь хүн бүрийн мэдэж байгаа энэ хэрэг улсын нууц хэвээр л байгаа. “Манай хаан эвэртэй” гэдэг шиг, эсвэл “Бал дарга биш авгай л бүгдийг удирдаад байна” гэдэг байсантай адил бүхний мэддэг атлаа хэн ч албан ёсоор зарлаж болдоггүй төр улсын нууц гээч юмны нэг бололтой.
Гэвч Д.Энхбат гэж хүний тухай албан ёсны түүх гэж бас байгаа юм байна. Нэгэнт манай улсын хувьд нууцын зэрэглэлд багтах учир ингэсэн тэгсэн гэж албан ёсоор зарлахгүй нь тодорхой. Зарласан ч тэр этгээд нууц задруулсан хэргээр аавын хаалга татах биз. Энэ тохиолдолд “албан ёсны түүх” гэж байж боломжтой гэж үү хэмээн уншигчид маань гайхаж байгаа байх. Миний өмнө НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Манфрэд Новакийн 2005 онд Монголд томилогдон ажилласан тухайгаа олон нийтэд тайлагнасан илтгэл байна. Илтгэлд Дамирангийн Энхбатыг манайхан хэрхсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл оржээ. НҮБ-ын мэдээллийг тэгэхээр албан ёсны гэж хэлж болно хэмээн үзэж байгаа юм. Тэгээд ч Манфрэд Новакийг томилон илгээсэн НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын дагуу хамгаалагдсан, 1000 гаруй ажилтантай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага билээ.
Манайд томилогдсон Манфрэд Новак гэж хэн бэ?
Өнөө цагийн хүний эрхийн хамгийн алдартай хуульч нарын нэг Монголд ажиллажээ. Австрийн хуульч М. Новак Босниа Херцеговинад болсон хүний эрхийг хөсөрдүүлсэн хэргийг шүүсэн багийн гишүүн, бүр орлогч даргаар нь ажиллаж байсан, АНУ-ын Гуантанамо дахь шоронд хоригдогсдыг эрүүдэн шүүж байсныг шалган илтгэсэн гээд хамгийн зартай, ээдрээтэй хэргүүд дээр ажиллаж байснаараа алдартай хуульч юм. Одоо л гэхэд ВикиЛийкст нууц баримтыг өгсөн гэх АНУ-ын Армийн байлдагч Брадли Маннингийг өмгөөлж байна. Новак 2004-2010 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай шалгагч-илтгэгчээр ажиллаж байхдаа манайд иржээ. Түүнийг хир чухал хуульч болохыг бичээд байгаа маань гоомой илтгэл бичихгүй, хөнгөн хандахгүй хүн гэдгийг нь л батлах гээд байгаа хэрэг.
Тусгай шалгагч-илтгэгч гэж ямар албан тушаал вэ?
НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын газраас томилогддог энэхүү албан тушаалын нэрийг олон улсад байнга франц хэлээр Special Rapporteur хэмээн бичдэг жаягтай. Франц хэлээрээ энэ нь “илтгэгч” гэсэн утгыг агуулж байгаа учраас манай Хүний Эрхийн Үндэсний Хорооноос ч “тусгай илтгэгч” хэмээн албан ёсоор орчуулжээ. Гэвч НҮБ-аас Special Rapporteur-т өгдөг үүргийг нь харвал зөвхөн “илтгэх” төдийгүй байдлыг “шалгах, хянах, зөвлөмж гаргах, олон нийтэд мэдээлэх” гэсэн байгаа нь ёс төдий илтгэгч биш идэвхтэй шалгагч, бас тухайн улсаас тодорхой асуудлыг шаардах, зөвлөх эрхтэй хүн болох нь тодорхой байна.
Тусгай шалгагч-илтгэгч Манфрэд Новак хэн хэнтэй уулзаж, хаагуур хаагуур орсон бэ?
М. Новак Монгол улсад ирээд Ерөнхийлөгч Н.Багабандиас эхлээд бүхий л яамдын дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагуудтай уулзан ярилцсан байна. Мөн хүний эрхийн газрын ажилтнууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчид, гадаад улсуудын элчин сайдууд, олон улсын байгууллагуудын удирдлагуудтай уулзжээ. Дараа нь Амгалан дахь жирийн дэглэмтэй 421-р хорих анги, Урьдчилан хорих төв буюу Ганц худаг, 413-р хорих анги буюу Зүүнхараагийн шорон, чанга дэглэмт 405-р хорих анги буюу Тахир Соёот зэрэг газруудтай биечлэн танилцаж Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байна.
Илтгэлд Д.Энхбатын тухай
Энэхүү тайлан илтгэл нь зөвхөн Д.Энхбатын тухайд биш бөгөөд ерөөс Монголд эрүүдэн шүүх, тарчилган зовоох асуудал ямар байдалтай байгааг дүгнэсэн шинжтэй бөгөөд Д.Энхбатын хэрэг ганцхан жишээ нь болж байгаа юм. Новак НҮБ-д ийн илтгэжээ:
1. Дамирангийн Энхбат 44 настай (өмнөх гомдолд хариу ирээгүй Е/СN/4/2004/56/add 1021-р хэсэг). 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Дамирангийн Энхбатыг Парисийн нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч одсон байна. Монгол улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ 5 сарын 25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ.
2003 оны 6 дугаар сард 58 настай өмгөөлөгч Лодойсамбуугийн Санжаасүрэн нь Д.Энхбаттай уулзах үеэрээ хэрхэн түүнийг хулгайлсан, тарчлааж байсан талаар нь ярилцлага хийн, 36 минутын видео бичлэгээр баримтжуулж чаджээ. Үүнийгээ есдүгээр сарын 27-нд Монголын 25 дугаар телевизийн сувгаар цацсан байна. Энэ нь хуучин тагнуулын ажилтан Лодойсамбуугийн Санжаасүрэнгийн эсрэг /эрүүгийн хуулийн 87/1/-ийн дагуу/ төрийн нууц задруулсан гэх хэргийг үүсгэх үндэслэл болжээ.
Ингээд 2004 оны 11 дүгээр сард уг хэргээр 18 сар хорих ял хүлээж Амгалан дахь 0421 дүгээр жирийн дэглэмтэй хориход ялаа эдэлсэн байна. Тусгай Илтгэгч 2005 оны зургадугаар сарын 7-нд зүрхний хүнд өвчтэйгээр эмчлүүлж байхад нь түүнтэй очиж уулзсан болно. Түүний мэдүүлж байгаагаар эмнэлгийн тусламж аваагүйгээс гадна тодорхой эм тариаг авч байгаагүй гэнэ.
2005 оны зургадугаар сарын 7-нд тусгай илтгэгч Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт 3 жилийн ял эдэлж буй Д.Энхбаттай уулзсан. Хүний амийг санаатайгаар хороосон хэргийг угаас худал байсан нь тодорхой тул тул хэрэгсэхгүй болгожээ. Уулзалтын үеэр хөндлөнгийн эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх зэрэг шинж тэмдэг нь биеийн байдал тааруухан болохыг илтгэж байна. Иймд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Зайсан дахь хорих эмнэлэгт шилжсэн хэдий ч дорвитой эмчилгээ авалгүй эрс муудаж буй эрүүл мэндийн байдлыг эс харгалзан буцаасан байв.
Д.Энхбатыг тарчлаан зовоож эрүүдэн шүүсэн гэх гомдлын хариу ирүүлэхийг Илтгэгч шаардаж байна. Энэхүү 2 хоригдол хоёулаа Ерөнхийлөгчид өршөөл хүсэн хандсан бөгөөд Тусгай Илтгэгч тэдгээрийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хүнлэг хандах үүднээс өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ. Үүнээс гадна төрийн нууц задруулсан гэх ял нь олон улсын хүний эрхийн талаарх хуулийг зөрчиж байна гэж үзэв. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ хамгаалах, ТЕГ-аас тарчлаасан талаар нь ултай баримт цуглуулах, улмаар уг мэдээллийг олон нийтэд хүргэх нь Л.Санжаасүрэнгийн эрх төдийгүй үүрэг нь юм.
2. 2005 оны 9 дүгээр сарын 2-нд ирүүлсэн хариунд Дамирангийн Энхбат нь хоригдож байх хугацаандаа зохих эмчилгээг авч байсан гэж Засгийн газар мэдэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хорихын эмнэлэгт 8 удаа мөн бусад 1, 2, 3-р эмнэлгүүдийн мэргэжлийн тасагт эмчлүүлж хууль, дүрмийн дагуу хандаж байсан гэжээ. Гэвч Тусгай Илтгэгчийн үзэж байгаагаар Энхбатыг олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж шийтгэсэн тул нэн даруй суллах шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаас эрүү шүүлтийг хийсэн, тарчилган зовоосон этгээдүүдийн эсрэг шүүх ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй…
хэмээжээ.
Энэ илтгэл Б.Хурцад ямар хамаатай вэ?
Мэдээж хэрэг Германы тал НҮБ-ийн илтгэлд үндэслэн шүүнэ гэж бол байхгүй байх. Гэвч энэхүү илтгэлийн хураангуй НҮБ-ын албан ёсны таван хэлээр орчуулагдан дэлхий нийтэд хүрсэн учраас гадаадын олон улсад, тэр дундаа Германд манайхны өдүүлсэн хэргийн тухайд ямархуу ойлголттой байгааг ямар нэг хэмжээгээр илэрхийлж чадна гэж бодож байна. Гэхдээ мэдээж Францад юу болсон, Монголд ирээд эрүүдэн шүүсэн талаар бол тэд сонрхохгүй, сонирхсон ч авч хэлэлцэхгүй биз. Харин Новакийн илтгэлд дурдсан “…улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч одсон байна…” гэсэн хэсэг нь л Германы талын манай хүнийг буруутгах гол үндэслэл болох бололтой.
Өөрөөр хэлбэл хэрэв”албан ёсны түүх” гэж энэ хэрэгт байж болох бол НҮБ-ын энэ илтгэл л тэр үүргийг гүйцэтгэж болох талтай юм.
Цаазаар авах ялыг нууцалдаг тухайд Тусгай илтгэгчийн дүгнэлт
Одоо харин энэхүү илтгэлд дурдсан огт өөр нэгэн асуудлын талаар санал бодлоо бичье. Зүй нь тусгай өгүүлэл болгох ч ёстой байсан байж магадгүй.
Манфрэд Новак илтгэлдээ Монгол улс цаазаар авах ялын огноо, газар зэргийг нууцалдаг, цогцсыг гэр бүлд нь өгдөггүй зэргийг олон улсын хүний эрхийн конвенцтэй харьцуулан чухал дүгнэлт гаргажээ. Үүнд:
“Тусгай Илтгэгч Монгол улс дахь цаазаар авах ялыг тойрсон бүх нөхцөл байдал, ялангуяа төрийн нууц гэж үзэж байгаа явдалд гүнээ сэтгэл зовниж байна. Ялыг гүйцэтгэх тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд одоогийн байдлаар жилд 20-30 орчим хүн байгаа, гэхдээ энэ нь албан бус статистик мэдээ юм.
Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүний гэр бүлийн нэг гишүүнийг ялтантай цаазаар аваачихаас нь өмнө нэг удаа уулзахыг зөвшөөрдөг ч гэр бүлийнхэнд нь ялыг гүйцэтгэх огноо, газрыг мэдэгддэггүй бөгөөд ял гүйцэтгэгдсэн цогцсыг оршуулахаар хүлээн авдаггүй байна…” хэмээгээд эцэст нь Новак “Ляшкевичийн Беларусын эсрэг хэрэг”-т Хүний Эрхийн Хороо ямар дүгнэлт гаргасан нь Монголын одоогийн байдалтай яг дүйцнэ гэж үзжээ.
Хүний эрхийн хороо Беларусын тэр хэргийг хянаад “ялыг гүйцэтгэх огноо, газрыг нууцлах, цогцсыг оршуулахаар өгөхөөс татгалзах нь гэр бүлийн гишүүдийг санаатайгаар тодорхой бус байдалд үлдээн, сэтгэл зүйн дарамтанд оруулж, айлган сүрдүүлж, зөвхөн ялтныг төдийгүй гэр бүлийнхнийг нь давхар шийтгэхэд хүргэж байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн гишүүдэд хүнлэг бусаар хандаж байгаа хэрэг тул Конвенцийн 7 дугаар зүйлийг зөрчиж байна” гэж дүгнэсэн аж.
Үнэхээр цаазаар авах, авсан огноог нууцлах нь гэр бүлийн гишүүдийг ямар хүнд байдалд оруулдгийг бодохоос зүрх өвдмөөр. Өдөр бүр одоо амьд байгаа бол уу, яг одоо гүйцэтгэж байгаа бол уу гэхчлэн санаа зовнин бодож, насан туршдаа хаа нэг газар байгаа ч юм шигээр төсөөлөн явна гэдэг сэтгэлийн хат муутай нэгнийг бол галзууруулж ч мэдэх зүйл юм. Өөрөөр хэлбэл, Новакийн хэлсэнтэй санал нийлэн дүгнэхэд хэрэг хийсэн хүн ялаа эдлээд дууссан байхад тэр бүгдийг нууцалснаар ямар ч гэмгүй ээж аав, эхнэр, үр хүүхдийг нь насан туршид нь яллаж байгаа мэт болж байна.
Ялангуяа Буддын шашин шүтлэгт монголчуудын хувьд бол гэр бүлийнхэнд нь бүр ч хүндээр тусах юм. Учир нь бидний итгэн биширдэг ёсоор энэ насны амьдрал бол эхнийх маань ч биш, эцсийнх ч биш. Хүний бие барангуут сүнс нь дараагийнхаа төрлийг олох хүртэл 49 хоног завсрын оронд байдаг хэмээнэ. Та биднийг харж байдаг ч байж мэднэ. Тиймээс яг нас барснаас нь хойш 49 хоног тасралтгүй буян үйлдэж, зул бариад чухам дараагийн төрлөө олох тэр 49 дэх хоног дээр нь цагаалга хийж, хүүхэд нохойг баярлуулах ёстой. Тэгж гэмээ нь хойт төрөлдөө сайн дүрийг олно хэмээнэ.
Гэтэл цаазаар авхуулсан хүнийг ялыг чухам хэзээ гүйцэтгэснийг нь нууцалснаар гэр бүлийнхэнд нь 49 хоногийг нь тогтоох боломж гарахгүй. Давтан хэлэхэд энд үзэшгүй муухай хэрэг үйлдээд шийтгүүлж буй хүнийг өмгөөлөх гэсэнгүй, гагцхүү ялын огноог нууцалснаар огт гэмгүй ар гэрийнхнийг нь шийтгээд байна шүү гэдэгт л анхаарал хандуулах гэснийх билээ. Ингээд эцэст нь цаазаар авхуулсан Түмэнгэрэл агсны сүүлчийн шүлгээс нийтэлье. Хамгийн сүүлчийн тэр дөрвөн мөрт бол тодорхойгүй байдал, огноог нууцлах нь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг харуулах тод баримт мэт санагдсан, миний хувьд. Энэ асуудлыг олон жил бодож ирсэн хуульч, гүйцэтгэгч, хууль тогтоогч нар маань харин ямар дүгнэлттэй байдаг юм бол доо?
…Өчигдөрхөн надтай шатар нүүж суусан
Өрөөний минь нөхөр одоо алга
Өршөөл гуйн ерөнхийлөгчдөө
Өргөдөл бичсэн юмсан
Үр дүн гарсангүй, урьд шөнө
Тогтоол ёсоор гүйцэтгэсэн
Өнчин хоцорсон хэдэн хүүхэд хөөрхий
Ямархан тавилан угтдаг бол, амьдрал хатуу даа
Өөртэй нь ханилж амьдралаа алдсан бүсгүй хөөрхий
Бэлэвсэн хоцорч амьдын там эдлэхнээ
Өөрөө би ч ялгаагүй өнөө маргаашгүй шийд ирнэ
Өндөр настай ээжийнхээ голыг нь харлуулж орхино
Үйлдсэн хэргээ бодохоор Төрийн цааз хатуу
Үлдсэн амьдралаа бодохоор Үхнэ гэдэг хэцүү
Үйлс нь харласан хүний үрс өдөржин залбирна
Бурхнаас залбирал эрж байдаг юм болов уу
Өөрөө өөртөө л амьд
Өрөөлийн хувьд үхсэн тэд
Өөр юунд ч найдахав, гэм нүгэл нь нимгэрээсэй
Үүд гаслан онгойж өнөөх хэнийг чирээд явлаа
Өдөржин гиюүрч дуулаад байсан зөнгөөрөө мэдсэн байж дээ
Өрөөлийг хороох харгислал надаар дуусгавар болоосой
Өшөө хорсол, үзэн ядалт үеэ өнгөрөөж устаасай
Үхлийн өмнө
…Үхлийн өмнө толгой
гудайхгүй бардам угтахыг
Үнэндээ хичээж л байна, Тэгэхдээ
Өөртөө итгэлгүй байна
Үзсэн зовлонгоо нүглээ нимгэлсэнд тооцож
Шүд зуун тэсдэг
Үйлийн үрд итгэдэг бурхны
Шашинтай Монгол эр, би
Эцсийн хүлээлт
Үүд хяхтнах бүрт
Үхлийн аянд бэлдэнэ
Үзээгүй зүс болгоныг
Зандалчинд тооцон хардана…
М.Саруул-Эрдэнэ
Монцамэ
URL: