Төрийн бус байгууллагын нэр барьсан луйварчид түмний хөрөнгөөр гараа угааж байна
Монголд яг хичнээн төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг нь өнөөдөр тодорхойгүй. Уул уурхайн чиглэлээр гэхэд л 500 гаруй, эрүүл мэндийн салбарт 670 орчим, хууль эрх зүйн 300 гаруй төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо гарч ирж байна. Тэгэхээр энэ нь төрийн бус байгууллага байгуулах эрх хэнд ч нээлттэй гэсэн үг юм. Харамсалтай нь зальжин этгээдүүд төрийн бус байгууллагыг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах болжээ. Тодруулж хэлбэл, төрийн бус байгууллагын нэр барьсан луйварчид тусламж, төслийн мөнгөнөөс хумслаж, түмний цуглуулсан хөрөнгөнөөс завших болсон байна. Энэ бусармаг үйлдэлд төрийн өндөр алба хашдаг эрхмүүд, тухайлбал яамдын сайд нар гаршсан талаархи мэдээлэл ч чих дэлсэх ажгуу. Тэд төрийн бус байгууллагын нэрээр улсын төсвөөс мөнгө гаргадаг, өөрийн зүгээс хандив тусламж үзүүлж буй мэтээр загнадаг гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газарт нэг бус удаа ирсэн аж. Үүнээс гадна цэвэр луйвар хийж, түүгээрээ санхүүждэг төрийн бус байгууллага байдаг гэнэ. Тэдний нэг нь Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл нэртэй байгууллага. Ерөнхийлөгч нь Дэд бүтцийн сайд асан Д.Жигжид, гүйцэтгэх захирал нь Ш.Жаргалсайхан. СӨХ-уудаас жилд 150.000-350.000 төгрөгийн татаас авч, тэрбум орчим төгрөгийн орлоготой ажилладаг энэхүү төрийн бус байгууллага нь амьдрал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ч өндөр эрх, ямба эдэлдэг байна. Гишүүн СӨХ-дод шалгалт хийсэн нэрийн дор баахан наргиж цэнгэчихээд эцэст нь илрүүлсэн зөрчлийнхөө 20 хувийг мөнгөөр тооцон халаасладаг байвал яах вэ. Жилд тэрбум төгрөгийн орлого олдог СӨХ-ны удирдлагууд байгуулагдсан цагаас хойш 12 жилийн турш оршин суугчдын мөнгөөр санхүүжиж, унаа машин хүртэл авч унасан байх юм. Даварсан даргыг шунал хэрээс хэтэрчээ, зарим талаар. Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гэхэд л “Өнгө үзэмж муутай машинтай байх хэцүү байна” хэмээн СӨХ-ын дарга нарт эрхлэж, тэднээс хандив авсан байх жишээтэй. Үүндээ тэдний сэтгэл ханасангүй. Үнэндээ төрийн бус байгууллагын нэрээр мөнгө хүүлэгчид сүүлдээ төрийн хөрөнгө мөнгө рүү өлийх болж. МСӨХДЗ-ийн Ерөнхийлөгч Д.Жигжид Орон сууцны конторуудын дээд зөвлөл нэртэй бас нэг төрийн бус байгууллага байгуулсан бол шадар туслах Ш.Жаргалсайхан нь ч дутаж үлдсэнгүй. СӨХ-ны захирлуудын эрх ашгийг хамгаалах холбоо гэгчийг давхар байгуулж, оршин суугчдаас мөнгө татах өөр нэг сувгийг нээсэн байх юм. Д.Жигжид, Ш.Жаргалсайхан нар энэ мэтээр Монгол Улсын хууль тогтоомжийг улаан цайм зөрчиж, түмний хөрөнгөөр гараа угаах болжээ. УИХ-аас 2003 онд СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуульд СӨХ-ны дээд удирдлага нь оршин суугчид байна. Оршин суугчид СӨХ-г байгуулж, даргыг нь сонгох эрхтэй гээд заасан байлаа. Гэвч төрийн мөнгөөр гараа угаагчид дээрх хуульд удаа дараа гар дүрж, өөрчлөх тоолондоо оршин суугчдийн эрхэнд халддаг зантай болоод удаж буй. Өнөөдрийн байдлаар энэ хуулийг өөрчлөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба бас нэг ажлын хэсэг байгуулсан дуулдав. Үүнийг ч нэг бус хүн эсэргүүцэж байгаа аж. МСӨХДЗ-ийн ерөнхийлөгч Д.Жигжид Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын зөвлөхөөр ажилладаг. Тиймээс УИХ-аас баталсан хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж, Орон сууцны конторынг татан буулгаж, төрийн бус байгууллагадаа нийлүүлж магадгүй гэсэн болгоомжлол олон хүний сэтгэлийг зовоож байгаа бололтой. Одоогоос хоёр жилийн өмнө 2003 онд батлагдсан энэхүү хуулийн хэрэгжилтийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шалгасан ч өнөөдрийг хүртэл шалгалтын дүнг тайлагнасангүй. Нийслэлийн захирагчийн ажлын албанд СӨХ-ын талаар иргэд гомдол санал гаргадаг ч Ч.Бат дарга МСӨХДЗ-ийн ерөнхийлөгч Д.Жигжид рүү түлхчихдэг, тэр нь асуудлыг нам дарж, хар цагаан дуугүй хамгаалаад л өнгөрдөг гэсэн яриа чих дэлсэнэ. Монгол Улсын холбогдох хуульд СӨХ нь дээд зөвлөлтэй байна гэсэн ганц ч үг үсэг, өгүүлбэр байхгүй. Гэтэл дээд зөвлөл нэртэй төрийн бус байгууллага байгуулж, бүхэл бүтэн 12 жилийн турш иргэдийн мөнгөөр санхүүжиж яваа албан тушаалтнуудад хариуцлага тооцох төр, засаг олдохгүй байгааг юу гэж ойлговол зохих вэ. Аудитын газарт иргэд хандаж, шалгалт хийлгэх хүсэлт гаргасан ч “Манайх төрийн бус байгууллагыг шалгах эрхгүй ” хэмээн татгалзсан хариу өгчээ. Улсын мэргэжлийн хяналтын газар шалгах гэсэн боловч дээд зөвлөлийнхөн “Манайх төрийн бус байгууллага. Танайд манайхыг шалгах эрх байхгүй” хэмээн даналзан шалгалтаас мултарчихдаг аж. Татвар төлдөггүй хэрнээ байнга татаас авдаг энэ байгууллага оршин суугчдын төлөө ямар ч ажил хийсэнгүй. Улаанбаатар хот 400 гаруй СӨХ-той. Үүний бараг 70 хувь нь СӨХ-ны дээд зөвлөлд татвар төлдөг. Түүгээр зогсохгүй СӨХ-ны дарга нар албан тушаалаа үргэлжлүүлэн хаших сонирхлын үүднээс давхар хувийн хандивыг өргөх учиртай. “Галын дөл” нэртэй СӨХ жижүүрээ сарын 40 мянган төгрөгөөр цалинжуулахын хамт Санзайгаас арав гаруй бут сөөг авчирч, газарт булчихаад 200.000 төгрөгөөр тохижилт хийлгэсэн хэмээн иргэдийн мөнгийг завшсан хэрэг гарчээ. ҮҮнээс гадна СӨХ-ны дарга бүсгүй нөхрөөрөө элс шавар зууруулж, дээврийн цоорхой бөглөчихөөд 5.8 сая төгрөг завшсан гэдгийг оршин суугчид тогтоочихоод дээд зөвлөлд гомдол гаргажээ. Харамсалтай нь Ш.Жаргалсайхан тэдний гомдлыг үл тоож, бүр СӨХ-ны даргад нь “Буянт- Өргөө” өргөмжлөл гардуулж, оршин суугчдаар даажигнаж. Засвар хийх хөрөнгө мөнгөгүй, 40 гаруй сая төгрөгийн өртэй СӨХ-г шалгаад “Сайн ажилласан” хэмээн үнэлж сууна. Энэ бүхэнд дүгнэлт хийхэд СӨХ-ны дээд зөвлөл хамгийн муу ажилладаг, хамгийн их мөнгө иддэг байгууллага болох нь харагдаж байгаа биз. Төрийн бус байгууллагын нэр барьсан ийм нэг байгууллага түмний хөрөнгөөр гараа угааж байна.
Б.Цоож
URL: