ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН “ХУВИЛГААН” ДҮРҮҮД ХААЛГА ТОГШИЖ БАЙНА
Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын улс төр, хууль эрх зүйн орчин тогтворгүй, хүн ам, ажиллах хүчин цөөн, далайд гарцгүй гэхчлэн түмэн шалтгаар өөлж, гоочилсон он жилүүдэд УИХ гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тухайн үедээ ухаалагт тооцогдож чадсан ч, энэ цагаас эргэж харахад уян налархай нь дэндсэн хуулиудыг “үйлдвэрлэж” өгсөн байх юм. Оруулсан хөрөнгийнхөө эрсдэлийг өөрсдөө даадгаараа авууштай гадаадын компаниудын таалалд нийцүүлэх нь тарчигхан төсвөөсөө зээлээ төлөх гэж шаналж, хүүд нь давхар “шатаж” сууснаас хамаагүй дээр санагдсаных биз. Монгол Улс чөлөөт зах зээлийн системд шилжин орсон 1990 оноос Засгийн газрын гол ажил нь гадаадаас зээл олох байлаа. Олсон зээл, тусламжаараа барьсан байшингүй, зам тавьж ч завдалгүй, шууд л цалин тэтгэвэр, цахилгаан дулааны өрөө нөхдөг байв.
Сүүлийн 10 гаруй жилд Монголыг бараа сургаараа цатгасан сайхан мэдээллүүд чих чимдэг боллоо. Энэ нь хөнгөлөлттэй зээл ч биш, буцалтгүй тусламж ч биш. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа. Монголын олон Ерөнхий сайд гадаадаас хөрөнгө татах гэж “зар сурталчилгааны од” болтлоо дэлхийгээр нэг тэнэсний, Парламентын гишүүд гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй, таатай хуулиудыг батлан гаргасны гавьяа. “Хөрөнгөө оруулж хайрла” хэмээн гуйж гувшдаг байсан бол, гаднынхан өөрсдөө мөнгөө тэврээд Монголын үүдэнд дугаарлаж зогсохыг ч бид үзэв. Харин хөрөнгө болгон ашиг орлого, хөгжил дэвшил болдоггүйн горыг өнөөгийн монголчууд бодитоор амсаж эхэллээ. Монгол Улсын төсвийн цоорхойг цойлдогч гадаадын хөрөнгө оруулалтын талаас хол илүү хувийг дан ганц уул уурхайн салбар эзэлж, банк, санхүүгийн салбарт 10 гаруй, үлдсэн нь гуанз, дэлгүүр мэтэд ногддог нь сүүлийн жилүүдийн тогт мол үзүүлэлт болж байна. Үүнээс үзэхэд гадаадын хөрөнгө оруулагчид Монголын байгалийн баялгаас ашиг горилж, энэ салбарт түлхүү ажиллах чиг хандлага тогтож байна гэвэл том эндүүрэл болохгүй болов уу. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ, Канад, БНСУ, АНУ, Япон, ОХУ, Их Британи Умард Ирландын хөрөнгө оруулагчид тэргүүлж байна.
ХӨРШ ХӨРШӨӨ СОНГОДОГГҮЙ
Дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш зэргэлдээ оршдогт маань атаархах улс орон байдаг гэнэ лээ. Харин бид тэдний төсөөлж байгаачлан аварга эдийн засгийн хаялгаас хүртэж чадахгүй, овсгоо муутайхан аж төрж сууна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд хүнсний болон өргөн хэрэглээний олон бараа, бүтээгдэхүүнээр хөршөөсөө хараат болж амжлаа. Сүүлийн үед барилга, уул уурхайн салбарт ажиллах хүчнээ авч, бүр хүнээс нь тодорхой хэмжээгээр хамаарах болов. Хөрш хөршөө сонгох биш. Хятадууд ч заавал Монголын хажууд байршина гэж улс үндэстнээрээ зорьж ирээгүй. Бид Хятадын үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлж чаддагсан бол ийм хөрштэйдөө олзуурхах байсан биз.
Хятадад ухаалаг дарга нар төрж, мэргэн бодлогоор улс орноо хөгжүүлдэг нь гайхалтай. Хятадууд хууль дүрэм ягштал баримталдгаараа дэлхийд үнэлэгдсэн үндэстэн. Хөршийнхөө энэ чанараар бахархах хэрэгтэй. Тэд манай улсад оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр нэгдүгээрт жагсдагийн хувьд Монголын хууль дүрмийг нарийвчлан судалсан, хамтран ажилласан байдлаараа бусад орны компаниудаас хавьгүй туршлагатайд тооцогдоно. Хөрөнгө оруулалт болгон ашиг орлого, хөгжил дэвшил болдоггүйн горыг өнөөгийн монголчууд бодитоор амсаж эхэллээ. Өмнөд хөршийн төрийн бодлого Монголын хөрөнгө оруулалтын болон ашигт малтмал, уул уурхайн салбарын харилцааг зохицуулагч хуулиудын цоорхойгоор нэвт “гэрэлтэх” болов. Хөрөнгө оруулалтын “хувилгаан” дүрүүд өмнөд хөршөөс маань тодрон заларсаар.
Хамгийн сүүлд БНХАУ-ын төрийн өмчит “Өмнийн говийн элс” (SGS) компани Овооттолгойн ордыг “Айвенхоу Майнз” компаниас худалдан авахаар тохиролцсон наймаа үүний хамгийн тод жишээ болж байна. Энэ нь Хятадын төр ямар их овжин сэргэлэн, өөрийнхөө улс орон, ард түмэнд ашиг хонжоо харсан бодлогоор хөрөнгө оруулдгийг хөршдөө ойлгуулсан жишиг болж байна. Хятадуудтай наймаалцаж дадсан “Айвенхоу Майнз” Овооттолгойн нүүрсний ордын лицензийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай болон бусад хуулийн дагуу эзэмшин, ашиглаж байгаа тул хэрхэн захиран зарцуулах нь Монголд падгүй байдаг нь манай хуулийн цоорхой. Одоо энэ цоорхойгоор манай улсын хөгжилд стратегийн ач холбогдолтой Тавантолгойн бүс дэх нүүрсний ордуудаас Монголын ард түмний хүртэх ёстой өгөөж өмнөд этгээд рүү урсах болж байна.
Овооттолгойн хувьцааг гартаа оруулж байгаа “Чалко”-г буруутгах нөхцөл одоо мөрдөж байгаа хуулиар үүсэхгүй юм. Тэд Монголд мөрдөж байгаа нэг ч хуулийг зөрчөөгүй, манай улстөрчдийн зэхэж өгсөн дүрмийн дагуу л “тоглосон” хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төрийн уян налархай бодлогыг өөртөө ашигтайгаар уян хатан болгох шаардлага тулгамдаж байна. Энэ цагийн монголчуудын өмнө зайлшгүй нүүрлэсэн уул уурхайн “тэсрэлт”-ийг геополитикийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан ухаалгаар ашиглахгүй бол бид баялгаасаа болж баларч хоцрох гарцгүй шалаанд унах нь. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх хамгийн хүчтэй, хамгийн чинээлэг тоглогчоор хятадууд тодроод байгааг Монголын хууль батлагчдад өдөр бүр сануулбал зохино. Хөрөнгийн биржүүдэд Монголын баялгаар мөнгөн овоо босгох “хувьсгал” ид өрнөж байгаа энэ цаг үед “Өмнийн говийн элс”-ийн хувьцаа харийнхны гар дамжин гулссан лугаа арилжаа өдөр бүр явагдахыг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын “хувилгаан” дүрүүд үндэсний аюулгүй байдлын үүд хаалгыг хуулийн дагуу эелдгээр тогшиж байна. Бид найрсгаар угтан авах уу?
Б. Энхцэцэг /MONGOLNEWS.MN/
URL: