Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шинэ дарга хууль зөрчсөн гэв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд хууль зөрчиж, нефтийн компаниудад тавьсан торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай мэдээллийг өчигдөр “Хэрэглэгчийн үнэлэмж” төвөөс хэвлэлийн бага хурал хийж зарлалаа. Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ 260-280 төгрөгөөр огцом нэмэгдэж Монгол Улсын эдийн засагт хүнд зохилт болж байсан билээ. Шалгалтаар нефтийн компаниуд үгсэн хуйвалдсан болох нь тогтоогдож, мөн энэ үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг ажлаа сайн хийгээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь халж байсан. Улмаар шатахуун импортлогч компаниудад 17 тэрбум 200 сая төгрөгийн торгууль тавьсан билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар шинээр томилогдсон Б.Лхагва энэ торгуулийг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ.
“Хэрэглэгчийн үнэлэмж” төвийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Уламбаяр “Шатахууны үнэ өсч байдал хүнд байх үед Засгийн газар огцрох дээрээ тулж, Монгол Улсын иргэд машин унах уу, үгүй юу гэдэгтээ хүрч байсан. Гэтэл өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шинэ дарга Б.Лхагва хэдхэн байцаагчидтайгаа хуралдаад хийсвэр байдлаар асуудалд хандан нефтийн компаниудад оногдуулсан 17 тэрбум 200 сая төгрөгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь байж болох асуудал биш юм. Энэ мөнгө Монгол Улсад илүүдээгүй гэж бодож байна. Нийслэлийн бүх авто зам хагаралтай, гудамж талбай гэрэлтүүлэггүй байгаа. Энэ торгуулийн мөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулж болох байсан. Нөгөө талаар нефтийн компаниудын буруугаас болж тухайн үед Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон.
Тиймээс бид хуульд нийцээгүй шийдвэр гарсан Б.Лхагва даргыг нефтийн компаниудтай хуйвалдсан гэж хардах үндэслэлтэй юм. Энэ хүн шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа компаниудад хариуцлага тооцох, хяналт шалгалтаа улам өндөржүүлэх байтал харин ч эсрэгээр нь ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” хэмээв. Тус төвийнхөн Монгол Улсын нийт хэрэглэгчид, иргэдийн өмнөөс МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, өрсөлдөөний тухай хууль санаачилсан бусад УИХ-ын нэр бүхий гишүүдэд Монгол Улсын 2.7 сая иргэдийн өмнөөс шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын гаргасан энэ шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шалгаж, арга хэмжээ авах асуудлыг Засгийн газар, УИХ-ын чуулганаар оруулж шийдэхийг шаардаж байгаа аж. Хэрвээ шаардлагад хариу өгөхгүй бол дараагийн тэмцлийг өрнүүлэх болно хэмээн тэд мэдэгдсэн юм.
Х.ЦЭНД-АЮУШ
URL: