Э.Амарбатын биед халджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчлах ажиллагааны үеэр  цагдаагийн байгууллагын ажилтнуудын гүйцэтгэх ажилд саад учруулсан нэр бүхий гишүүдийн талаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт албан бичиг хүргүүллээ. Албан бичгээс иш татвал МАХН-ын дарга Н.Энхбаярт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 хэсэгт зааснаар гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж улмаар 10 удаа мэдүүлэг авах зарлан хуудас явуулсан боловч хүндэтгэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй.

Тиймээс  хуульд заасан үндэслэл журмын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 119/с дугаартай  захирамжийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар сэжигтэн Н.Энхбаярын гэрт нэвтрэн хамт байсан бөгөөд АТГ-ын албан хаагчид нэгжлэг хийх үеэрээ тус газрыг чөлөөлж өгөхийг хэд хэдэн шаардсан боловч биелүүлээгүй гэжээ. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр зүй бус харилцаа үүсгэж АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатыг “Чамайг өөдтэй явахыг чинь харна аа” гэж заналхийлжээ. Улмаар биед нь халдаж нүүр дух руу нь хуруугаараа чичиж, нуруун тус газарт нь 3-4 удаа цохиж зохисгүй авирласан гэж албан бичигт дурджээ. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулсан дээрх нэр бүхий гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа тул холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн байна.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих