Солонгос бүсгүйг хөнөөсөн этгээд монгол эхнэртэй байжээ

БНСУ-ын Кёнги аймгийн Сувон хотод 28 настай бүсгүйг 42 настай хятад эр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 1-ний өдөр нэгэн эрэгтэй өөрийг нь чирч, гэртээ оруулахыг завдаж байгаа талаарх мэдээллийг бүсгүй Сувон хотын цагдаагийн байгууллагад өгчээ. Бүсгүй цагдаатай нэг минут орчим яриад утсаа газар унагасан гэнэ. Утасны цаанаас “Ах аа намайг уучлаарай, миний буруу. Амь авраарай” гэж бүсгүйн орилох, хохирогчийг хүлж байгаа бололтой чимээ сонсогджээ. Дуудлага авснаас хойш хоёр минутын дараа цагдаагийн 35 ажилтан хэргийн газарт үзлэг хийсэн ч сэжигтэй зүйл олоогүй гэнэ. Харин бүсгүйг гэмт этгээд аймшигтайгаар хөнөөснийг цагдаагийнхан маргааш нь мэджээ. Гэмт этгээд бүсгүйг хүчиндэж хөнөөгөөд цогцсыг нь аяллын цүнхэнд хийсэн байжээ. Хохирогчид тусламж үзүүлж чадаагүй гэх үндэслэлээр Сувон хотын Цагдаагийн газрын дарга Чу Хён У сайн дураараа ажлаа өгсөн юм.

Саяхан үүнтэй төстэй хэрэг манай улсад гарсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлд хэдэн жил зовж, цагдаагийн байгууллагаас удаа дараа тусламж хүсч байсан бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан. Бүсгүй цагдаагийн байгууллагаас тусламж хүсэхэд “Гэр бүлийн асуудлаа шүүхээр шийдүүл” гээд хөдөлдөггүй байсан талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн мэдээлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хохирогч бүсгүйд хэрхэн үйлчилж, яаж хамгаалж байсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа. БНСУ, Монгол Улсын хуулийн байгууллагын хариуцлага, ялгаа нь ийм байна.

Үүнээс гадна солонгос бүсгүйг хөнөөсөн гэмт этгээд монгол эхнэртэй гэх мэдээлэл олдсон юм. У Вон Чун хэрэг гардаг өдөр гэрийнхээ гадна тамхилж байгаад босохдоо хохирогчтой мөргөлджээ. Үүнээс үүдэж маргалдан улмаар амийг нь зэрлэгээр хөнөөснөө хүлээжээ. Гэвч гудамжны нууц камерт бичигдсэн үлдсэнээр гэмт этгээд У Вон Чүн нь харанхуй гудамжинд, шонгийн модны ард бүсгүйг хүлээн нуугдан зогсож байгаад араас нь багалзуурдан гэртээ чирч оруулсан байжээ.

У Вон Чун 48 настай. БНСУ-д 2007 онд гэрээгээр ажиллахаар анх очиж байжээ. Тэрбээр Солонгост гурван сар барилгын ажил хийчихээд нутаг буцдаг байж. Энэ мэтээр хоёр улсын хооронд долоон удаа ирж, очсон байх юм. Гэртээ байхдаа үргэлж шахам комльютерийн өмнө байдаг тэрбээр хэрэг хийхдээ согтуу байсан гэнэ.

У Вон Чун Хятадын нэгэн жижиг тосгонд аав болон эхнэр, найман настай хүүтэйгээ амьдардаг байсан аж. Тэрбээр багаасаа дуу цөөтэй, шоовдор нэгэн байсан гэнэ. Эмэгтэй хүнтэй дотносож чаддаггүй түүнийг эцэг эх нь монгол бүсгүйтэй суулгажээ. “Эхнэр маань хятад хэл мэддэггүй учраас бараг ярилцдаггүй. Тиймээс бидэнд хайр сэтгэл, дотно харьцаа байхгүй” гэж У Вон Чун мэдүүлжээ. Түүний дансанд долоон сая вон байсныг нь цагдаагийнхан битүүмжилсэн байна.

Тэрбээр БНСУ-д хэдэн сараар ирж очин ажиллахдаа бага хөлстэй, хүний хөдөлгөөн багатай, нарийн гудамж ихтэй газруудаар богино хугацаагаар байр хөлсөлдөг байжээ. Тиймээс өмнө нь амьдарч байсан газруудад гарсан, тайлагдаагүй хүн амины ноцтой хэрэгт түүнийг сэжиглэн шалгаж байгаа аж. Тухайлбал, түүний амьдарч байсан бүх газруудад шалгалт хийн эд мөрийн баримт цуглуулж, нууц камеруудыг сэргээн шалгаж байгаагаа цагдаагийнхан мэдэгджээ.

Ц.Өрнөх


URL:

Сэтгэгдэл бичих