Ч.УЛААН: ХУУЛЬ ЗҮЙН САЙДААС ЭХЛЭЭД ХОЛБОГДСОН БҮХ ХҮН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

- Нэр бүхий дөрвөн гишүүн бүрэн эрхэд нь халдсан асуудлаар УИХ-ын даргад хандлаа –

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч , МАХН-ынг дарга Н.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас баасанд шилжих шөнө албадан хүчээр баривчилсан билээ. Баривчилгааны үеэр хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Шинэ­баяр нарын биед халдсан юм. Энэ талаар дээрх дөрвөн гишүүн УИХ-ын даргад өчигдөр хандсан байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандсан дүгнэлт гаргуулах тухай албан бичигт” Энэ оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулах явцад УИХ-ын гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвдсэн зөрчил гарлаа. Цагдаагийн байгууллагын ажилтнуу­дын энэ үйлдэл нь Үндсэн хуулиар баталгаажсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нөлөөлсөн эсэхийг тогтоох ажлын хэсгийг томилон ажиллуулж дүгнэлт гаргуулж өгнө үү” гэжээ. Гишүүд албан бичгээ өгснийхөө дараа  Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Ч.Улаан:

-Ардчилсан тусгаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг саатуулах үйл ажиллагааны явцад үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Н.Энхбаярыг саатуулах явцад нэр бүхий дөрвөн гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвдсэн зөрчил гарсан нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан хэрэг боллоо. Хэвлэлийнхний шуурхай мэдээллийн ачаар ийм зүйл болж байгааг мэдээд ажлаа тараад тэнд шууд очсон. Ард иргэд, хууль хяналтынхны хооронд үл ойлголцол болж буй аюул байна гэж мэдсэн учир газар дээр нь шуурхай очсон. Үйл явцын талаар ажиглаж дүгнэлт хийж, төр засгийн холбогдох хүмүүст шуурхай мэдээлэл өгөх зорилготой ажилласан. 20.30-23.00 цаг хүртэл  холбогдох хүмүүс рүү утастаж ярьсан. Би Ерөнхий сайдтай ярьж бий болж буй нөхцөл байдлыг газар дээрээс нь танилцуулсан. Тэнд хүчийг нэмэгдүүлэх биш сааруулаач, хүч хэрэглэлгүй эвээр шийдээч, иргэд хуулийнхны хооронд үл ойлголцол бий болох вий гэдгээс сэргийлж шуурхай арга хэмжээ авах санал тавьсан. Ерөнхий сайд холбогдох байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өгч хөөцөлдөж ажиллаж байна гэсэн. Тэнд байсан бүх хүн утастаж мэдээлэл өгөхийг хичээсэн. Би ЦЕГ-ын даргатай ярих гэж 2-3 удаа оролдсон боловч утас нь холбогдоогүй. УИХ-ын даргатай гишүүд холбогдохыг оролдсон. Хэв журам зөрчигдөх вий, хууль зөрчсөн үйлдэл гарах вий гэдгээс бид болгоомжилж өглөө болтол тэнд байсан. Мэдээлэл шуурхай явсан ч сүүлийн мөчид юу болсныг тэр бүр харж чадаагүй. Тэнд байсан операторын камерыг хаасан, Түүнээс хойш мэдээлэл тасарсан. Энэ мөчид болсон явдлыг гишүүд товчхон мэдээлнэ.

О.Чулуунбат:

НЯДАЛГААНД ӨГЧ БАЙГАА МАЛНААС ДОР ҮЗСЭН

О.Чулуунбат:

-Энэ аймшигтай, балмад үйл ажиллагааг иргэд харсан байх. Ямар нийгэмд амьдарч байгаагаа харсан, ухаарсан байх. Бид ардчилсан эрх чөлөөтэй эх орондоо амьдарч байна гэж бодож байлаа. Бид маш том дарангуйллын дор амьдарч байгаагаа мэдэрлээ. Бид өнөөдөр эрүүл мэндэд ийм хохирол учруулсан гэсэн гомдол тавиагүй байна. Түүнээс хойш гурав хонолоо. Төрийн байгууллага, цагдаагийн байгууллага өнөөдөр болтол биднээс, хохирсон энгийн иргэдээс уучлалт ч гуйгаагүй байна. Бид ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Гэрчээр сууж байсан. Тэнд хүч хэрэглэсэн байдлыг та бүхэн зурагтаар харсан байх. Бид 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийг их ярьдаг. Тэр үеийн монголчуудыг албадан саатуулаад баривчлахдаа “Дээлээ нөмөр, гутлаа өмс” гээд аваад явдаг байсныг санаж байгаа. Тэр шөнийн явдал бол Монголын цагдаа иргэдтэй, ардчилсан тусгаар тогтносон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нядалгаанд өгч байгаа малнаас дор үзэж байна шүү дээ. Ийм байдалтай эвсэж амьдарч чадах уу, үгүй юу. Үнэхээр нийгэм жигшиж байна. Цагдаагийн удирдлага, ийм хэрцгий, балмад ажиллагааг зааварчилсан удирдлага өнөөдөр огцор­чихсон баймаар. Яагаад дуугүй сууж байгааг бүр гайхмаар. Хамгийн муухай террористуудтай, аллагатай киног бид  үздэг. Түүнээс муухайгаар бидэнтэй, тэнд байгаа хүмүүстэй харьцсан гэхээр ойлгомжтой болов уу. Үүнээс илүүгээр би дүрсэлж чадахгүй нь.

Д.Тэрбишдагва:

-УИХ-ын гишүүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж хуульд заасан. Бидэнд халдсан асуудал бол Монголын ард түмэнд, 2.7 сая иргэнийг төлөөлөлд халдсан гэж ойлгож байна. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг саатуулах  гээгүй аль болох зохицуулах, иргэдийнхээ захиас даалгаврыг биелүүлэх, бодит байдлыг харж гэрч болох, ажиглах эрхтэй учраас бид тэнд очсон. Ерөнхийлөгч байсан хүний машиныг төмөр бороохойгоор хагаллаа, газар унагалаа гэсэн мэдээлэл аваад хүн  чанарын үүднээс, хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагийн хувьд зохицуулах гэж оролдсон. Өглөө 05.22 цагт эхлээд хаалга цохисон. 05.40 цагийн үед иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хууль зөрчиж орж ирсэн. Эрх биш хаалга цохих байх гэж бодсон ч сүх, мунаар хаалга эвдэж орж ирээд зэрлэг балмад авирласан. Дээрээс нь тусгай сайн зохион байгуулсан, сайн даалгавар авсан нь мэдэгдэж байсан. Бид тайван амгалан байхыг хэлж асуудлыг намжаах үүднээс хандсан ч харамсалтай нь ингэсэнгүй. Биднийг ингэж байгаа юм чинь ард иргэдийг яах болоо гэж хүмүүс ярьж байна.

Ц.Шинэбаяр:

-Энэ болсон явдал Монголд дарангуйллын тогтолцоо бодитой тогтжээ гэдгийг харууллаа. Хүний эрхийг дээдэлсэн юм алга. Хууль хяналтынхан  хуулиа, хүний эрхийг зөрчиж байна. Яаж зөрчсөнийг бүгд харсан болохоор дэлгэрэнгүй ярих шаардлагагүй байх.

Д.Тэрбишдагва:

САЙД НЬ САНААТАЙ, ЭСВЭЛ СЭТГЭЛ НЬ ТАЙВШРААД УНТСАН БАЙХ

Гишүүд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шүүхийн шийдвэр биелүүлэх нэрээр дарангуйлал тогтлоо. Хуулийг уландаа гишгэж байгаа хууль бус үйлдлүүд гарсаар байгааг цаашид яах вэ. Сүүлийн үед дотоодын цэргийг үе үе хөдөлгөх боллоо. Бүсчилсэн буюу хэсэгчилсэн. байдлаар цэрэг хөдөлгөх эрх үүрэг нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэдэлд байдаг. Цэргийг үе үе, бөөн бөөнөөр нь хэн хөдөлгөөд байна вэ. Хууль зүйн сайд нь уу, ЦЕГ-ын дарга уу, хэн юм хэн бэ. Тэр орой орон даяар Монгол стресс, айдас түгшүүрт автсан. Ийм юм болоод цэрэг нь хөдөлж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Унтаж байсан, мэдээгүй” гэж хариулсныг юу гэж ойлгох вэ. Улс оронд дайн самуун, аюул болбол сайд унтаж байх уу. Төрийн гурван өндөрлөг ямар мэдээлэлтэй суудаг юм бэ. Энэ явдлын хариуцлага хэнд ногдох вэ?

Ч.Улаан:

-Хуулийн олон заалтыг маш бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байгаа. Урьд нь болж байсан явдлуудаас сургамж авч хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцоогүй нь өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Тиймээс бид хууль зөрчсөн заалт бүрт дүгнэлт хийж, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг гаргуулж, түүнд холбогдох бүх хүнд хариуцлага хүлээлгэж цаашид хууль зөрчих явдлыг таслан зогсооно гэж бодож байгаа.

Хуулийн дагуу нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үү­рэг цагдаагийн байгуул­лагад ногдож байгаа. Гэтэл хуулиар сэргийлж байх бүх үйл ажиллагааг цагдаагийн байгууллага өөрөө зохион байгуулж хууль зөрчлөө. Тиймээс цагдаагийн байгууллага, түүний бүх төвшний удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна.

Тэр шөнө жирийн иргэдийн эрх чөлөө ноцтой зөрчигдсөн. Дээд давхрын айлын хаалгыг эвдэж дайрч ороод гэрийн эзнийг гаргаж шидсэн. Шатан дээр сууж байсан ахмадуудыг гишгэлээд дайраад гарсан. УИХ-ын гишүүдтэй “ Хэвтээд, гараа шилэндээ ав” гэж цагдаагийн байгууллага харьцдаг болсон байна. Би юу гэж хэлснийг тухайн үед ойлгоогүй. Дараа нь биднийг хэвтүүлсэн байна лээ. Ц.Шинэбаяр гишүүн бид хоёрыг буйдангаар дараад хэвтүүлчихсэн байна лээ. Цагдаагийн байгууллага өөрөө ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь туйлын зохимжгүй. Тиймээс энэ үйл ажилла­гаанд  холбоотой хуулийн заалтуудыг нэгбүрчлэн гаргаж, хариуцлага тооцох ажлыг идэвхтэй хөөцөлдөнө.

Д.Тэрбишдагва:

-Орон даяар стресст орсон. 2008 оны долдугаар сарын 1-нд стресст орсон. Харамсалтай нь эрх ба­риг­чид хамтарсан Зас­гийн газар нэрийн дор яаж хуйвалдаж хаацайлж болдгийг харуулсан. Дөрвөн жилийн хугацаанд хариуцлагыг газар дээр нь тооцдоггүйг харуулсан учир цаашид юу ч хийж болдгийг дахин жишээ­гээр харууллаа. Ардчилсан Монгол  уу, авлигалын Монгол уу, газар нутгаа худалдсан Монгол уу, дарангуйллын Монгол уу гэдгийг цаашид ярина. Бид чадлаараа дуугарсан, одоо ч дуугарна. Тийм ээ сайд нь унтаж байсан гэсэн. Бүлгийн хурал дээр , сэтгүүлчдэд ч  тэгж ярьсан. Санаатай унтсан байх, эсвэл сэтгэл нь их тайвшраад унтсан байх.

ЗАРИМ ГИШҮҮН МАН-ААС ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

-МАХН-ын бүлэг УИХ-д байгуулна гэсэн таамаг байгаа. Та бүхэн бүлэг байгуулах уу?

Ч.Улаан:

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд намаа ялуулах юмсан гэж санаа зовж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, боломжийн хувилбаруудыг эрж хайж ажилласан нь үнэн. Зүүний чиглэлийн хоёр нам сонгуульд хамтран оролцвол ялах бололцоо байна гэж үзэж байсан. Хамтран ажиллах байр суурьтай байсан. Энэ үйл явц байдлыг эрс өөр­чил­лөө. Эвсч хамтарч ажил­лах бололцоо энд байхгүй боллоо. Тиймээс бид өөр арга замыг эрэлхийлж эхэллээ. Ууган намаа сэргээх нь зүйтэй гэсэн ойлголт төрлөө. Үйл явц цаашид улам тодорхой болно.

-Ц.Шинэбаяр гишүүн баривчилгааны үеэр гад­наас орж ирсэн хүмүүсийн өмнөөс зохисгүй үйлдэл гаргаж байсан. Гишүүний хувьд ёс зүйгүй үйлдэл биш үү?

Ц.Шинэбаяр:

-Би төрийн цагдааг хүндэтгэж байсан, цаа­шид ч хүндэтгэх болно. Тэр үед ноосон цамцтай, нүүрэндээ масктай залуу­чууд орж ирээд “шилэндээ гараа ав” гэсэн хачин шаардлага тавьсан. Би тэр шаардлагыг эсэргүүцсэн. Цагдаагийнхаа дүрэмт хувцастай, таних тэмдэг­тэй төрийн цагдаатай бол хуулийн дагуу харьцана. “Гараа шилэндээ ав, хэвт” гэсэн дээрэмчин төрхтэй хүмүүсийн шаардлагыг би тухайн үед тэгж эсэргүүц­сэн юм. Эвгүйгээр эсэргүүцсэн бол зөвхөн үзэгч, уншигчдаасаа уулчлалт хүсье.

О.Чулуунбат:

-Хэрэв хэн нэгэн ямар нэгэн хэргийн гэрч, сэжигтэн юм бол хаалга үүдийг нь тогшоод ийм хэргээр явж байгаагаа хэлээд  “дагаад явна уу, үгүй бол албадан хүчээр авч явна” гэдгээ хэлэх ёстой. Тэр хүн гэрч үү, яллагдагч уу , сэжигтэн ч юм уу хэн ч мэдээгүй бай­хад шүүрээд аваад гарна лээ.

-Сонгогчдыг төрд тө­лөөлөх эрх нь та нарт бий. Тэгэхээр сонгогчдын эрх гэхээс илүү төрд халдсан халдлага гэж ойлгож болох уу?

О.Чулуунбат:

-Яг үнэн

Ч.Улаан:

-Бид бас ингэж ойлгож байгаа. Асуудлыг цааш нь хөөцөлдөнө. Зөвхөн УИХ-ын гишүүний халдашгүй байдал биш УИХ-ын онц­гой бүрэн эрхэд халдсан үйлдэл бидний нүдэн дээр болсон. Цаашид энэ асууд­­лыг нэгбүрчлэн гаргаж тавина. Үүнд холбогдсон, зохион байгуулсан, хууль зөрчсөн бүх хүнд хариуцлага хүлээлгэх ёстой гэж бид үзэж байгаа. Дараа нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан асуудлыг гаргаж тавина.

М.ГАН

zuunii medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих