О.Цолмон: 2008, 2009 оны сонгуулийн луйврын тухай баримтууд байгаа учир манай хүний амыг нь хаах гэж баричвилсан
-Дахиад л би гэр бүлээрээ хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай, дээд зэргээр харамсалтай байна-
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрөгч баасан гаригийн үүрээр албадан баривчилж Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулаад байгаа. Баривчлах ажиллагаа гүйцэтгэсэн үйл явцыг ард түмэн зурагтаар бодитоор нь үзсэн биз ээ. Тэгвэл энэ үйл явдлаас хойш үд дундын үед Н.Энхбаярын аавынх нь гэрт очиж болсон явдлын талаар түүний гэргий О.Цолмонтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Бид гэрийнх нь хаалгыг тогшиход хамаатных нь бололтой нэгэн эмэгтэй хаалга тайлж өгсөн. Ингээд учир байдлаа хэлэн О.Цолмонтой уулзах хүсэлтээ уламжлахад “түр хүлээж байгаарай” гээд цааш нь дамжуулсан. Ийнхүү О.Цолмон бидэнтэй уулзахдаа “Уучлаарай гэр орныг маань баахан түйвээчихсэн. Эгч нь гэрээ янзлах санаатай байгаа учир энэ хавьд зогсч байгаад ярилцъя” хэмээгээд бидний асуултад хариулт өгсөн юм.
-Болсон үйл явдлыг хараад олон хүн эмзэглэсэн. Таны хувьд нөхрийгөө баривчлаад аваад явахыг харах эвгүй л байсан биз ээ?
-Энэ асуудалд хувь хүний хувьд нэг их айж сандарсан юм алга. Манай элэнц өвөө хэлмэгдсэн. Тухай үедээ сонирхоод Ленинградын дотоод яамны архиваас өвөөгийнхөө хэлмэгдсэн тухай материалыг авч судлах боломж олдсон юм. Ямар асуудал болдог юм бэ, яаж хэлмэгдүүлэлт болдог юм бэ гэх мэтчилэн. Тэгээд дараа нь Н.Цэнд өвөөгийн хэлмэгдүүлж байсан материалуудыг судалж байсан юм. Би өөрөө нийгмийн ухааны мэргэжилтэй, энэ чиглэлээрээ олон жил багшилсан.
Эндээс нэг зүйлийг ойлгож авсан. Хэлмэгдүүлэлт гэдэг чинь зүгээр хэн нэгэн хүн нөгөө нэгнээ цохичихоод гүйгээд явдаг асуудал биш. Хэлмэгдүүлэлт гэдэг бол нийгмийн үзэгдэл. Нэг эхэлчихвэл энэ механизм зогсдогггүй. Тэгээд л махны машин шиг бүгдийг нь машиндаад явчихдаг. Тэр нь их аймшигтай. Өнөөдөр энэ хэлмэгдлийн механизм эхэлчихлээ. Миний сонссон сүүлийн мэдээллээр “ТВ-9″ телевизийг хаах гэж байгаа сураг байна. Энэ байдлаас харахад дараа дараагийн удаа ямар олон хүний хувь заяа, хичнээн олон хүн тэрхүү махны машинд өртөх бол гэдгээс санаа их зовж байна.
Хоёрдугаарт, хэлмэгдүүлэлт гэдэг чинь том албан тушаалтнуудыг эхлээд түүнэ. Гэхдээ заавал хажуугаар нь маш олон энгийн хүнийг хоморголдог. Энэ бол эхлээд цаддагүй мангас шиг эхлээд нэг хүнийг идээд хоёр дахь удаагаа гурав, тэр нь цаашлаад гуч, гурван зуу, саяд хүрдэг тийм л аюултай. Нэгэнт энэ үзэгдэл эхэлсэн гэхээр XXI зуунд, бүр Ардчилал өрнеөд 22 жил болчихсон, анх удаа ардчилсан Ерөнхийлөгч гараад ирчихсэн байхад дахиад л би гэр бүлээрээ хэлмэгдүүлэлт үзэж байна гэхээр гунигтай ч гэх юм уу, дээд зэргээр харамсалтай байна. Үнэндээ хэлэх ч үг алга даа. Одоо нэгэнт хэлмэгдүүлэлтийн механизм хөдөлчихсөн. Үүнд л би санаа зовж байна.
-Албадан баривчлах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдэгт санал нийлэх хүн цөөн байгаа нь харагдсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тэр дайрч орж ирсэн залуучуудыг хараад би харамсч байсан. Энэ хүмүүст даалгавар өгч, ийм зүйл хийлгэн ямар муухай эвдэж байна. Ямартаа ч хүн чанараас нь нэлээд томыг эмтлээд хаячихлаа гэж харагдахаар байсан. Одоо энэ залуучууд дараа яах уу, ямар ч муухай зэрлэг балмад зүйлийг хийнэ шүү дээ. Бүр цайрчихсан үйлдэл гаргаж байна лээ. Би хараад л сууж байсан. Эргээд энэ Авлигатай тэмцэх газрын залуучууд уг нь боловсролтой, зөв шударга юмны төлөө явсан бол хичнээн сайн хүмүүс байх бол, цаашдаа улс орондоо ямар их зүйл хийх байсан бол. Гэтэл захиалгаар хүрч ирчихээд бүх зүйлийг эвдэж, бусниулаад хаячихаж байгаа нь тун харамсалтай. Угаасаа манай хүнийг авч яваад зөрөөд л нэгжлэг орсон л доо.
-Таны бие муудаж, шооконд орсон гэсэн. Одоо зүгээр үү?
-Мэдээж энэ бүх явдлын дараа яаж сайн байх вэ. Бид ч яахав залуу хүмүүс. Харин хөгшчүүл үүнийг сонсоод яах бол.
-Хөгшчүүлдээ дуулгаагүй байгаа хэрэг үү?
-Бид хэлээгүй. Гэхдээ телевизээр үзсэн байх. Хадам аав хорт хавдартай, бие муутай хүн байдаг. Эмчийн хяналтад байдаг.
-Долдугаар сарын 1-ний материал дэлгэсэнтэй нь холбоотойгоор баривчиллаа гэсэн хардлага ихэнх хүмүүст байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна?
- Боловсролтой хүн, мөрдөн байцаагч, офицер цолтой хүн тушаал биелүүлэхдээ буруу тушаалыг биелүүлэх үү, үгүй юу гэдгийг бодох ёстой юм шиг санагдсан. Энэ хүмүүс дотроо юу гэж боддог юм бол бүү мэд. Долдугаар сарын 1-ний асуудал дээр ч гэсэн тушаал биелүүлж байгаа хүмүүс хэрхэн хандсан гэдгийг мөн л харах ёстой. Манайд болсон бүх үйл явдлыг би харсан. Ер нь гурван жил Энхбаярыг шалгаж байгаа. Анхнаасаа л асар их хууль зөрчсөн.
Би болж байгаа асуудлыг хараад Эрүүгийн байцаан шийтгэх болоод холбогдох бүх хуулийг бараг үг, үсэггүй судаллаа. Тэгээд бодохоор хуулиа дээдлэхгүй хуульч, алуурчин эмч хоёр чинь адилхан биш юм уу. Эмнэлэгт өвчтөнөө анагааж эдгээхийн оронд алаад байхтай яг ижил харагдаж байгаа юм. Манай хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс иргэддээ үлгэр жишээ болох ёстой биз дээ. Өнөөдөр энэ хүмүүс ийм үйлдэл гаргаж байгаа юм чинь энгийн хүмүүс яах болж байна.
Тэгэхээр ямар ч төрт ёс хуулиа дээдлэхэд оршдог биз дээ. Эцэст нь хэлэхэд маш их харамсч байна. Маш олон хүний хувь заяа эвдэгдэж байгаад үнэхээр их эмзэглэж байна. Ялангуяа үүнд дайчлагдаж байгаа хүмүүс. 1937 онд дээрээс өгсөн үүрэг даалгавраар хүмүүсийг хананд жагсаагаад буудаж байсан. Тэр хүмүүс одоо ямар болчихсон юм бэ. Дараа нь эдгээр хүмүүс хүнийг хайрлах уу, хүнд нинжин сэтгэл гapгax yy, хүн чанараа яах уу. Яг түүн шиг хичнээн залуусыг эвдэж, хүн араатан болгож байна гэдгийг хараад хэлэх үг олдохгүй л байна. Тэгээд хууль ингэдэг юм гээд ямар муугаар үлгэр жишээ үзүүлж байна аа. Энгийн иргэд яаж хуулийг сахих юм бэ.
-Та гэрт нэгжлэг хийсэн гэлээ. Ямар нэгэн бичиг баримт хайсан юм байх даа?
-Ойлгомжтой. Бичиг баримт л хайсан байх. Манай хүн долдугаар сарын нэгэнтэй холбоотой материалыг хэлнэ гэсэн. Бүх болсон үйл явдлыг та бүхэн дахиад нэг нягтлаад үзээрэй. Ерөнхийлөгч байхдаа “Энэ хэргийг шапгая, тал талаас нь авч үзье” гээд бүр чуулган дээр хүртэл хэлж байсан. Тэр үед маш их ганцаардаж байсан. Мэдээж яаж чадах юм бэ. Нөгөө хоёр нам чинь хамтраад Засгийн газар байгуулчихсан. 2009 онд шиг санаж байна. Ахиад энэ асуудал сөхөгдөж, УИХ-аас ажлын хэсэг хүртэл байгуулагдаж байлаа.
Энэ үед манай хүн дахин дахин энэ асуудлыг ил тод ярих нь зүйтэй гэж хэлж байсан. Өөрөө төрийн хүн болохоороо гүйгээд л энд тэндээс цаас гаргаж ирээд байж чадахгүй байхгүй юу. Албан ёсоор бүх юмаа ярья, бүх зүйлийг тодорхой болгоё гэж байнга хэлдэг зүйл нь. Гэтэл юун нээлттэй байтугай, тэр хол шоронд шүүх хурал хийх нь байна шүү дээ. Тэгэхээр нь аргагүйн эрхэнд, тэгвэл би одоо дэлгэлээ гэсэн. Олон ч жил, олон ч удаа хэлсэн дээ. Үүний хажуугаар 2008, 2009 оны сонгуулийн луйврын тухай баримтууд байгаа юм.
Тэрийг ч гэсэн олон түмэнд хэлэх нь зүйтэй байх гэж хэлж байсан. Ялангуяа 2012 оны сонгууль бас луйврын байх ёсгүй. Өмнөхөө арилгаагүй байж яаж шударга сонгууль хийх юм гэсэн үүднээс эхнээс нь хэлсэн. Ингээд бодохоор энэ мэт зүйлс нь нөлөөлж манай хүний амыг нь хаах гэж баривчилсан байх. Чухамдаа үнэн юм ялах ёстой шүү дээ. Гэтэл үгүй гэдгийг энэ хүмүүс хийж байгаа үйлдлээрээ илчиллээ.
-Нэгжлэг хийх үеэр хүүхдүүд чинь байсан уу?
-Арван настай охиноо айл руу явуулсан. Энэ бүх байдлыг харсан бол галзуурах байсан биз. Шөнөжингөө орилолдоод бөөн юм болсон. Эцэст нь хамгийн хатуу дэглэмтэй мөрдөн байцаалт явуулдаг Төв аймгийн урьдчилан хорих төв рүү авч явлаа. Амьд эргэж ирэх, үгүйг нь мэдэхгүй байна.
-Гэтэл АТГ-ын албан тушаалтан баривчлахдаа долдугаар сарын нэгэнтэй огт холбоогүй гэсэн тайлбар хийсэн шүү дээ?
-Угаасаа шал өөр юм ярьж баривчилдаг юм. Та бүхэн яаж хэлмэгдүүлдэг байсан үйлдлүүдийг эргээд нэг хараарай. Оросууд яг ингэж хэлмэгдүүлэлт хийдэг байсан. Манайх түүнийг нь дуурайдаг байсан юм чинь. Заавал өөр нэг юм хэлж хүнийг хэлмэгдүүлдэг. Энэ бол хэлмэгдүүлэлтийн нэг загвар. Хэлмэгдүүлэлт бол өөрийн гэсэн загвар, жортой зүйл байдаг.
-АТГ-аас мэдүүлэг өг гэж удаа дараа дуудахад нь очоогүй гэсэн. Яагаад?
-Сүүлийн гурван жил шалгаж байна. Одоогийн Оюутолгой, Тавантолгойн булхай луйврыг захаас нь шалгавал юу гарч ирэх бол. Манай хүн хуулийнхан дуудахад ажлаа хийж байна гэж үнэмшээд өнгөрсөн жил хоёр удаа мэдүүлэг өгсөн. Тайлбар ч өгсөн. Харин сүүлд хилс хэрэг болж хувирсан.
-Дөрвөн жилийн халдашгүй байдлын хугацаа нь дуусаагүй байхад баривчиллаа. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Халдашгүй байдал байна уу, та нар байна уу, би байна уу хүнтэй ингэж харьцаж болохгүй. Би нөхрөө магтаж байгаа юм биш. Ямар ч байсан миний нөхөр Монголын төлөө хамгийн их зүйлийг хийсэн. Та нар бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хийсэн ажлыг жагсааж байгаад хараарай. Бүх хүнийг өрөөс салгасан. Гэрт орж ирээд баривчлаад явсан залуусыг ээж, аавтай нь өрнөөс салгасан хүн шүү дээ. АТГ өөрсдийгөө маш баатарлаг гавьяа хийлээ гэж бодсон байх. Манайхыг бага насны хүүхэдтэй гэдгийг мэдэж л байгаа. Ядаж хүүхэд хичээлд явсны дараа орж ирж болно. Нэг удаа хүн алсан юм чинь цаашид дахиад хүн алж магадгүй л юм байна.
-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа бол?
-Мэдэхгүй байна. Миний хувьд амь насанд нь асар их санаа зовж байна. Төв аймгийн шорон гэдэг чинь хамгийн хатуу, эрүү шүүлт аймаар юм хийдэг газар гэж байна шүү дээ. Надад маш олон хүнээс санаа зовсон мессеж ирж байна. Яанаа тариа тарьчих вий, янз бүрийн юм идэж уулгачих вий дээ гэж. Ийм хэрцгийгээр авч явж байгаа юм чинь энэ хүний амь нас ямар байх уу гэдэг дээр ихээхэн санаа зовж байна. Ард түмний нүдэн дээр Их хурлын гишүүдийг зодоод л авч явж байгаа юм чинь яаж сэтгэл тайван байх вэ дээ.
Ийн бидний яриа өндөрлөсөн юм. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд хэвлэлийнхний хэлж, бичсэнээр “Би гадаадад, өөр хүнтэй суугаад амьдарч байгаа шүү дээ. Та бүхэн харин сонсоогүй юм уу. Намайг хэвлэлээр элдвээр хэлж, дайрч байдаг юм шүү дээ” гэснээр бидний саатсан цөөн хоромын яриа өндөрлөлөө.
О.Ууганжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: