Н.Энхбаярын тухайд иргэд ямар бодолтой байна?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан талаар иргэд ямар бодолтой байгааг хүргэж байна.

Баянзүрх дүүр­гийн иргэн Б.Ба­дам­дамдин:
-Бүгдээрээ л телевизээр шөнөжин үзсэн. Өдөржингөө тайлбарыг нь сонссон шүү дээ. Баривчлах тогтоолоо үзүүлээд байхад нь эсэргүүцсэн бол нэг хэрэг, үзүүлээгүй байж баривчлах гэсэн бол өөр асуудал. Цагдаа нар нь баривчилж чадахгүй шөнөжингөө болсон гээд бодохоор өрөвдөлтэй л санагдлаа. Манай цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй дүн л авлаа. Гол нь Н.Энхбаяр өөрөө очоогүйгээс л ийм зүйл боллоо гэж ойлголоо.

Өндөр настан Х.Наран:
-Хэн баригдаж байгаа нь асуудлын гол нь биш. Харин хууль, шүүхийнхэн ажиллагаагаа ингэж хүч түрэмгийлж, иргэдийг айлган сандраан хийх хэрэг байдаг юм уу? Ёстой гадаадын кинон дээр гардаг шиг л зүйл боллоо шүү дээ. Барихдаа хэтэрхий бүдүүлэг байлаа. Асуудал юунаас болсныг нь мэдэхгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэн  А.Буян­жаргал:
-Тэр Д.Дагвадорж, УИХ-ын гишүүд очоод хамгаалаад байгаа. МАН-ын гишүүд гарна ч гэх шиг мэдээлэл авч байлаа. МАН нь баривчил гэсэн юм уу, мэдэхгүй байна. Н.Энхбаяр ерөнхийлөгч байсан хүн өөрөө гараад ирсэн бол тийм асуудал болохгүй байсан байх аа.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч н.Насаа:
-Гэрийнхээ үүдэнд буухад нь чимээгүйхэн баривчлах гэж хүмүүс очсон боловч Н.Энхбаярын хамгаалагч дайралт гэж үзэн буу гаргасан, ингээд АТГ-ын ажилтан мөн буу гаргасан байна гэсэн мэдээлэлтэй байгаа.  Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг баривчлах гэж байж хамгаалагчид нь урьдчилан мэдэгддэггүй юм болов уу. Нэгийг нь хамгаал гэж дагуулж явуулчихаад нөгөөг нь баривчлаад ир гээд явуулахаар чинь тэд чинь аль аль нь үүргээ биелүүлэх гэнэ. Ингээд л тийм зүйл болсон байх.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Г.Эрдэнэ:
-Монголын цагдаа баа­сан гаригийн баривчилгаагаа хамгийн томоос нь эхэллээ. Дараа нь хууль засагчид болон завхруулагчид, эх орноосоо урвагсад, эх орны баялгийг хулгайлагсад болон худалдагсад, харийнханд үйлчлэгчид болон гар хөл бологсод, татвараас зугтагсад, ард түмнээ хордуулагсад, түмэн олноо доромжлогсод, нийтийн баялгийг хулгайлагсад, гээд л ээлж дараалан баривчлах хэрэгтэй. Нэгэнтээ эхлэл нь тавигдлаа.

Сүхбаатар дүүргийн иргэн н.Бат-Oрших:
-Н.Энхбаяр даргыг баривчилсан нь зөв гэж бодож байна. Байцаалтад удаа дараа дуудаж байхад тийм л сүрхий хуулиа мэддэг юм бол өөрөө яваад очих нь яасан юм бэ, эсвэл шоу хийж байгаа юм шиг зурагтаар яахын хараад сууж байхын оронд өөрөө хоёр хөлөөрөө гараад ирэхгүй юугаа хийсэн юм бэ, Н.Энхбаяр л хэрэг хийсэн юм бол буруугаа хүлээж байж дараа дараагийн хүмүүс нь илэрнэ биз дээ, Дагаад өмөөрөөд байгаа хүмүүс нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрсдөө буруутай л байхгүй юу. Н.Энхбаяр дарга хэрвээ буруугүй бол гараад л ирнэ. Бүхнийг цаг хугацаа харуулна.

Хан-Уул дүүргийн иргэн: н.Бүжээ:
-Ийм болтлоо явах хэрэг байсан ч юм уу даа. Энэ үйл явдлыг нэг их дэмжихгүй байгаа ч бусдад нь ямар нэг зүйл бодуулсан гэж найдаж байна. Одоо болих хэрэгтэй шүү дээ. Бусад нь буухаасаа өмнө ганц ч гэсэн сайн үйл хийгээд, улс орноо өөд нь татаад явбал ирээдүйд ирэх хариуцлагаас бага ч гэсэн цагаатаж болох юм. Одоо дараа дараагийн ажиллагаануудыг шуурхайлах хэрэгтэй АТГ-ын мөрдөгчид. Дараагийн ээлжинд баригдах ёстойг нь гаргаж ирэх хэрэгтэй.

Б.МАНДАХ

URL:

Сэтгэгдэл бичих