Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа юу өгүүлэв
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчлах үйл ажиллагаа эхэлсэн билээ. Түүнийг саатуулах ажиллагаа орой 20:00 цагийн үед эхэлсэн аж. Зарим эх сурвалж 19 цаг 30 минутын үеэс эхэлсэн тухай ч ярьж байгаа. Ямар ч байсан манай сурвалжлах хэсгийг 21:00 цагийн үед очиход үйл явдал ид өрнөж байсан юм.
Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярын машин руу тусгайгийнхан дайрч, намынх нь дэмжигчид хамгаалсан байдалтай байлаа. Харин тэрбээр өөрөө Удирдлагын академийн хашаанд байрлах орон сууц гэмээр байшинд орж хоргодсон байлаа. Харин тэнд байсан, үйл явдал өрнөхөд харсан хүмүүсийн хэлснээр Н.Энхбаяр даргыг ажлаасаа тараад гэртээ ирэхэд нь АТГ-ынхан болон тусгайгийнхан отож байгаад баривчлах гэсэн. Тэгэхдээ ямар нэгэн бичиг баримт үзүүлэлгүйгээр шууд дайрч, машиных нь цонхыг хагалан жолоочийг нь татаж буулгасан аж.
Улмаар хамгаалагчтай нь барилцаж авч, Н.Энхбаярыг чирч гулдарсан гэж байгаа. Тэгэхдээ эхлээд хоёр хүн, араас нь 5-6 хүн ирсэн гэж ярьсан. Мөн тэд буутай байсан юм билээ. Түүний хамгаалагчтай бараг буудалцахдаа тулсан гэсэн. Энэ дунд нэг сонирхолтой зүйл гарч ирж байгаа юм. Тусгай хүчний хоёр залуу байхад гуравхан хүнийг хангалттай баривчлаад явчих бэлтгэлтэй, чадвартай баймаар. Гэтэл араас нь 5-6 хүн ирээд, бараг 10-аад тусгай хүчний залуус гуравхан хүнийг баривчилж чадаагүй гэж байгаа. Үнэхээр сонирхолтой байгаа биз.
Эсвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч нь барууны кинонд гардаг шиг дийлдэхгүй нөхөр байсан бололтой. Энэ бүхэн өрнөж, Н.Энхбаяр, түүний бие хамгаалагч, жолооч нь тусгайгийн 6, 7 залууг дийлээд, дотогшоо орсны дараа хэвлэлийнхэн ирж таарсан байна. Ингээд үйл явдал бага зэрэг намжсан. Цагдаагийнхан түүний байрлаж байгаа байр руу багахан дайралт хийж, ганц нэг хүний хоолойг боосныг эс тооцвол шүү дээ.
Энэ зуур АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат ирж бүх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг дуулгасан. Шаардлагатай тохиолдолд АТГ-ынхан галт зэвсэг хэрэглэх эрхтэй гэдгийг ч дуулгаад амжсан. Энэ мэтээр үйл явдал өрнөж байхад МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МУНН-ын дарга Б.Батболд, “Даяр Монгол”, “Миний Монголын газар шороо” гээд хөдөлгөөнийхөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг дэмжих гэж ирсэн байв.
Энэ нь жижиг намууд болон улс төрд хутгалдаж байгаа хөдөлгөөнүүдийн хоргодох газар нь МАХН болжээ гэдгийг харуулах шиг болов. Мөн энэ бүх нам, хөдөлгөөнүүд түүний удирдлага дор нэгдэж, томоохон гуравдагч хүчнийг үүсгэх гэж байгаа гэдгийг хангалттай харуулав. Энэ бүхний хажуугаар Н.Энхбаярын хэрэглэсэн нэг тактик нь өрөвдүүлэх, ард түмнийг өөртөө татах, эрх баригчдыг жинхэнэ дарангуйлагч маягаар харуулах байв. Тиймдээ ч МАХН-ын гишүүд түргэн тусламж дуудаж, даргынхаа биеийг муу байгаа мэтээр ойлгуулах гэж оролдож байв.
Мөн ойр ойрхон мэдэгдэл хийж, жагсч тэмцэхээ илэрхийлж байлаа. Тэгэхдээ ард түмнийг тэмцэлдээ нэгдэхийг дахин дахин уриалж байв. Энэ нь иргэдэд төр засаг дарангуйлагч, огт гэмгүй хүнийг хүчээр албадан баривчилж байна гэсэн ойлголтыг өгөх гэсэн оролдлого байсан гэж дүгнэж болохоор байна. Мөн энэ хэрэг явдал эхэлснээс хоёр цаг орчмын дараа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар хүрэлцэн ирсэн. Энэ нь МАН-ын нэр бүхий гишүүд Н.Энхбаяртай нэгдэж, ирэх сонгуульд МАХН-ын нэрийн өмнөөс өрсөлдөх нь гэх зэрэг олон янзын таамгийг баталж өгөх шиг болов.
Тэд ч хэрвээ МАН-аас тойрог өгөхгүй бол МАХН-руу явна гэдгээ намынхандаа харуулж, нэр төрөө хөсөр хаян тэнд очсон нь бас ч гэж эр хүний шийр заасан хэрэг байлаа. Энэ мэтээр сонирхолтой үйл явдал өрнөсөн. Мөн мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү тухайн үед хүрэлцэн ирсэн нь олон хүний дунд таамаг яриа үүсгэсэн юм.
Энэ мэтээр үйл явдал өрнөсөөр өглөөний 05 цаг 50 минутад АТГ-ын ажилчид болон тусгай хүчнийхэн, цагдаагийнхан нийлж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулсан билээ. Тэгэхдээ гэрт нь дайрч орж, хөл нүцгэн хөлийг нь гозолзуулсаар авч явсан. Энэ үйл явдал нь Н.Энхбаярын ард түмэн үзүүлэх гэсэн дүр зураг яах аргагүй мөн байсан. Иргэд Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг ингэж баривчилж болохгүй, төр хүч түрэмгийллээ гэж ойлгоод л үлдэв. Түүний зорилго биелсэн. Угаас эртнээс албадан баривчилна гэдгийг нь мэдэж байсан учраас ийм ойлголтыг ард түмэнд өгөх гэж бэлтгэсэн байж ч магадгүй.
Гэхдээ энэ бүхэн эцсийн дүндээ юу өгүүлэв гэвэл, АТГ ажлаа сайн хийж, хуулийн дагуу л бол хэнийг ч гэсэн баривчилж, шалгадаг гэдгийг харуулсан хэрэг болов. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Н.Энхбаярыг ирж байцаалт өгөөч ээ гэсэн хүсэлтийг удаа дараа өгсөн байдаг аж. Гэвч тэрбээр тухайн бүрт нь очихоос татгалзаж байсан учраас ийн албадан саатуулжээ. Ерөөс Н.Энхбаяртай холбоотой гэгддэг хэргүүд тоймгүй олон байгаа. Тэр бүхнийг хуулийн дагуу шалгах нь зөв. Энэ бол цэвэр хуулийн дагуу ажиллагаа. Тиймээс түүнийг хэрхэн шалгаж, юу гаргаж ирэхийг хүлээх л үлдэж байна.
Н.Пунцагболд /www.mminfo.mn/
URL: