Н.Энхбаяр МАН-даа байсан бол баривчлагдах уу?

Үүрээр Н.Энхбаярыг баривчиллаа. Үнэндээ энэ үйл явдал нь МАН-МАХН-ын хоорондын хэрүүл тэмцэл туйл руугаа явж буй хэлбэр. Үнэндээ энэ үйл явдал нь Ц.Нямдорж-Н.Энхбаяр нар баян ядуугаа дуудалцан хэмлэлдэж эхэлсэн хэрүүлийн өрнөл хэсэг. Өөр юу ч биш. Хэнд ч хамаагүй зүйл. Н.Энхбаярыг өрөвдөж буй хүмүүс нэг зүйлийг анзаараад үз. Хэрэвзээ өнөөдөр Н.Энхбаяр МАН-даа байсан бол түүнийг ингэж баривчлах уу. Би хувьдаа баривчлахгүй байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Уншигч танд ч тэгж бодогдож байгаа биз.

Өнөөдөр Ерөнхийлөгч асан Төв аймгийн засвар хийсэн шоронгийн тусгай өрөөнд, телевиз, интернэт, сонин хэвлэл… гээд бүх хангамж дунд амьдарч байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутлыг нь оруулахгүй байна, шоронгийнхон тус болж байна гэсэн нь бүгд худлаа гэнэ. Үүнийг ШШГЕГ-ынхан албан ёсоор мэдэгдэв. Н.Энхбаярын хувьд хөл нүцгэн тэврүүлээд, хүмүүсийн уухайн дунд шорон руу ачигдаж чадсан нь түүний хүсч байсан зүйл. Тэр өөрийгөө баригдахыг мэдэж байсан. Ц.Нямдорж, иргэн намайг шоронд хийж чадах юм байна гэж тэр эртнээс ойлгосон. Хоёр өдрийн өмнө “Таныг дайчлан баривчлахаас өөр аргагүйд хүрлээ” гэсэн мэдээлэгчдийнхээ мэдээллийг хүлээж авсан. Ингээд үхтлээ үхэр буугаа гэгчээр баригдах өдөр хүртлээ ордноос салаагүй. Уулзах ёстой бүх хүмүүстэйгээ уулзаж чадсан. Яг үнэндээ “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Ц.Нямдоржоос бусад нь түүний улаан нүүрийг хараад дагжин чичирч, чичрээгүй нь хачин царайлцгааж байсныг ордныхон тэр аяараа харж байсан шүү дээ. Н.Энхбаяр өөдөөс нь ирж яваа баривчилгааг баатарлаг үйл явдал болгох сценариа зохион боловсруулсан. Танилцуулах, ойлгуулах ёстой хүмүүстээ ойлгуулсан. Тэдгээр нь бэлэн байдалд орсон. Миний баривчлагдах агшин бол Монголын нийгмийг тэр аяар нь цочроосон үйл явдал байж, надад эерэгээр тусах ёстой гэж. Үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөртөө Монголын нийгмийн хамгийн өрөвдөм нэгэн болж орхилоо. Нийгмийн сэтгэл зүйдэх гол дүр, үйл явдлын гол баатар болж байна. Өнөөдөр түүний баривчлагдаж буй, тэгээд бүр хөл нүцгэн “тусгай”-гийн залуусын мөрөн дээр олимпийн аваргархуу “юм” явчихаж буй агшныг Монголд наян настай буурлаас найман настай жаал хүртэл харан агшиж, мэгшиж байна. Тэр чадлаа. Тэр одоо Төв аймгийн мөрдөнд дараагийн алхмаа төлөвлөж суугаа. Бас л түүнийхээр болох биз.

Бодит байдал ийм атал монголчууд бид түүний баривчлагдсаны бурууг хэн нэгнээс хайгаад байх шиг. Уг нь хайх хэрэггүй үйл явдал. Эхэнд хэлсэн нэг нам дотроо эвдрэлцсэн тухай үзүүлбэр, нэгэн үе хүзүү сээрээрээ холбогдож явсан хоёр улстөрч нэгнийхээ булхайг дуудалцсанаас болж буй үйл явдал. Тодорхой хэлбэл тээр тэнд ажлаа хийж яваа АН-д ямар ч падлийгүй байх аа. Ерөнхийлөгчид бүр ч хамаагүй байх. Тэд хэрэвзээ мэдээлэл хийе гэвэл ингэж л хэлэх байх даа, нөгөө “Ардын элч” киноны ноён шиг “Ийм явдал болсон нь харамсалтай” гэж. Өөрөөр айлын асуудалд юу гэж хэлэх юм бэ. Хөршийнх нь хос хоёр хоорондоо яаж байх нь хотын сууцны айлуудад хамаагүй байдаг биз дээ. Яг үүн шиг л үйл явдал.

Харин Монголын ард түмний хувьд өөр хэрэгээ, үеийн үед, бүр язгуураараа ядарсан зовсон нэгний талд байж ирсэн. Байсаар ч байх биз. Тэр нь ямар амьтан, ямар үйл хийчихээд, үйлийнхээ үрийг үзэж байгаа нь манай ард түмэнд эхэндээ огт хамаагүй байдаг. Тэр хүний өрөвдөлтэй харагдаж байгаа явдал өрийг нь өвтгөдөг. Гэхдээ үнэн худлын ялгаа аль талд гарахыг айхавтар анзаарч байдаг. Н.Энхбаяр хууль бус үйлдэл хийгээгүй нь тогтоогдоод шоронгоосоо гараад ирвэл ард түмний хайрлах хайр байж л байна. Үйлдэл нь тогтоогдоод цааш явбал үйл үйлээ дагадгийн жамыг ярицгаана.

Хэт олны танил нэгний асуудал болохоор зарим нэг хүн улс төржүүлж, улс төрийнхөө дараагийн алхам болгох гэж ард түмэн рүү янз бүрийн мессеж хаяж байна. Ядахад хаврын улирал ч юм даа, Монголын шизопринтэй бүхэн ил гарч ирж зурагтаар ярьж байх шив дээ.

Харин ийм үйл явдлын үед улс төрийн зуд турхан, зуншлага ногоо хангалттай үзсэн том улс төрчид, томоохон улстөрийн намууд дүн нурууг нь харан нийгмээ ажиглаж, мэдэрч суудаг. Үнэндээ өнөөдрийн энэхүү МАН-МАХН хоёрын дотоод тэмцэл, Ц.Нямдорж-Н.Энхбаярын хэрүүлийн туйл, баривчилгаа энэ тэр нь том улстөрчдийн, том улс төрийн хүчнүүдийн хувьд дэндүү жижигхэн үйл явдал юм. Өдөр бүр хүмүүс тэр газар руу ачигддаг. Буруугүй нь тогтоогдоод гардаг хэсэг бий. Буруутай нь тогтоогдоод үлддэг хэсэг бий. Аль ч нийгмийн амьдралын нэг хэсэг. Яриулахыг хүсээд байгаа намынхан нь тэр газраар нь хангалттай орж шалгагдаад буруугүйгээ тогтоолгоод гарч байлаа. Хүмүүс айгаад байгаа тэр газрын үүдэнд очоогүй лидер тэр намд нь байхгүй биз. Улс төр дэх зуд турхан, зуншлага ногоо үзсэн улстөрч, улс төрийн нам гэж үүнийг хэлээд байгаа юм. Харин үүнийг үзээгүй хүмүүст шорон аймшиг байлгүй яахав. Үнэхээр үхэх шахдагийг сая Н.Энхбаярын гэртээ хаалгаа түгжчихээд бүгж байгаагаас, эмнэлэг рүү үхлээ гээд зугтаасан генерал, хурандаа нараас харлаа. Ийм нэг буруу жишиг л Монголын нийгэмд цаашид тогтчих вий дээ. Том дарга нарт болохоор хууль үйлчилдэггүй. Жирийн иргэн Доржид болохоор хууль үйлчлээд байдаг. Энэ байдал газар авбал Монгол Улсад хууль гэж байгаад яахав, прокурор байгаад яах юм, шүүх байгаад яах юм. Отог омгийн зарчмаар л амьдрах үлдэнэ дээ.

Н.Энхбаяр МАН-ынхаа гишүүн нь хэвээр байсан бол энэхүү яригдаад буй “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийг хувьдаа завшсан үйлдэл, “Өргөө”зочид буудлыг хувьдаа завшсан үйлдэл, TV9 телевизийг хувьдаа завшсан гэх үйлдэл, “Эрдэнэт” үйлдвэрийнхнийг дарамталж байгаад тус үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх эрхийг Н.Мягмаржаргал гэж нөхөрт авч өгсөн гэх үйлдэл… бүгд ил гарахгуй байсан. МАН-аас гарлаа л гэвэл энэ мэт гэмт үйлдлүүд илрээд байх юм байна. Тэгэхээр МАН гэдэг бүлэглэл аль болох салж сарних тусам Монгол Улс дахь төр дамжсан авлига, луйвар, ер нь бузар булхай бүхэн Н.Энхбаярынх шиг илрээд байх юм байна. Энэ хэрээр нийгэм эрүүлжих юм байна. Энэ нам энэ хэвээр байгаад байвал бугшиж идээлсээр байх юм байна. Н.Энхбаярын эргэн тойрноос өрөвдөл биш үнэн нь ингэж л харагдаж байна.

П.ХАШЧУЛУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих